Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн аудитын байгууллага 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцууллаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 59 секунд

Төрийн аудитын байгууллага (ТАБ) холбогдох хуульд заасны дагуу 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. ТАБ 2021 оныхоо үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх жил” гэж тодорхойлсон. Энэ хүрээнд тайлант хугацаанд зайнаас ажиллах аудитын горим, технологийн шийдлийг нэвтрүүлж, аудитыг цаг хугацаанд нь үр нөлөөтэй гүйцэтгэж, үр дүнг тайлагнан аудитын шийдвэрийн мөрөөр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат илтгэлдээ онцоллоо.

ТАБ 2021 онд 4134 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргасан. Үүнээс бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3906 дүгнэлт гаргасан бол сэдэвчилсэн 228 гүйцэтгэл, нийцлийн аудитад 7174 шалгагдагч болон холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүллээ. Тайлант хугацааны аудитын дүнгээр 10 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 4.2 их наяд төгрөгийн алдааг аудитын явцад залруулан цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн туслах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллалаа.

Аудитын дүнгээр нийт 59.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.2 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд хүргүүлсэн. Энэ хүрээнд үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 10 мянга гаруй зөвлөмж өглөө. Үүнээс гадна тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 53.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, шалгагдагч байгууллагаас 757.3 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь Төрийн аудитын байгууллага төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 31.3 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат илтгэлийнхээ төгсгөлд “Төрийн аудитын хянан удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, аудитын бүхий л шатанд хяналтын үр нөлөөг дээшлүүлж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн, илүү үнэ цэнтэй, үр өгөөж өгөхүйц аудитыг гүйцэтгэхэд чанарын хяналтын үр нөлөөтэй тогтолцоог хөгжүүлэхийг чухалчлан 2022 оныг “Аудитын чанарын хяналтын үр нөлөөг сайжруулах жил” гэж тодорхойлсон гэдгийг онцолсон юм.

Төсвийн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төсвийн төлөвлөлтийн үе шатанд төрийн аудитын хяналтыг хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг онцолсон бол УИХ-ын гишүүн Ж.Батжаргал эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжихээс өмнө аудит хийх хэрэгтэй гэв. Харин УИХ-ын гишүүн Ч.Өнөрболор “Төрийн аудитын байгууллагын акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэхэд УИХ дэмжлэг үзүүлэх ёстой. Мөн төрийн байгууллага өөрсдийнхөө хараат бус байдлыг бэхжүүлэх талаар яриад явахад хэцүү байдаг. Тиймээс Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх, баталгааг хангах тал дээр УИХ өөрөө санаачилгатай ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

Хурлын төгсгөлд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Төрийн аудитын байгууллага сайн ажиллаж байгааг тодотгоод УИХ-аас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг онцоллоо.

З.Бауыржан: Үйлдвэрлэлийн ослыг бууруулахад эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ
З.Бауыржан: Үйлдвэрлэлийн ослыг бууруулахад эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.