Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд аа, АТГ-аа ажиллуулж, төрийн машиныг үнэгүйдүүлж хувьчилдаг төр, хувийн хэвшлийн нийлсэн бүлэг хулгайчдаа цэгцэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 42 секунд

Ерөнхий сайд аа, Монгол төрд хулгайгүй юм байхгүй болжээ. Ялангуяа дунд, доод шат. Ерөөс төрийн албаны нэр хүндийг унагадаг. Ерөнхий сайд, дарга нарынхаа дээд шатны бодлогыг татаж унагадаг хүмүүс бол тэд.

Өнөөдөр энэ төрлийн хулгайн талаар товчхон өгүүлье. Засгийн газраас төсөв санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван гарахын тулд төрийн зарим хэрэглээг хязгаарлах Хэмнэлтийн тухай хуулийг санаачилж УИХ-аар өнгөрсөн сард батлуулсан. Энэ хүрээндээ төрд ашиглаж байгаа том оврын жийп машины хэрэглээг хотод хориглохоор болсон. Уг шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар төрд данстай нийт 4 мянга гаруй машиныг “цуглуулсан”. Одоо бүгдийг нь дуудлага худалдаанд оруулна.

Тэгвэл өнгөрсөн бараг 20 жилийн турш төрийн өмчийн машинуудыг нааш, цааш нь зохицуулдаг хоёр, гурван хүнтэй “бүлгийн” гараар энэ машинууд орчих вий дээ гэх болгоомжлол төрж байгааг хэлэх гэсэн юм. Төрийн өмчийн хувьчлал дээр хурган сандайлсан энэ бүлэглэл төрийн өмчид байгаа автомашинуудыг өнгөрсөн хугацаанд бараг бүгдийг нь хувьчилж авсан гэх мэдээлэл сонсогддог. Дан ганц машинаар ч тогтохгүй машин унаатай холбоотой бусад техник хэрэгслүүд бүгд энэ хүмүүсийн гараар ордог аж.

Энэ гурван хүнтэй сүлжээ доороо 10, 20 зохиомол компаниуд байгуулчихсан. Бичиг цаасан дээрх компаниудын нэр солигдож төрийн машины хувьчлалд оролцдог. Мэдээж цаанаа нэг хүн байгаа учир дуудлага худалдаанд хүссэнээрээ оролцдог. Байж болох хамгийн боломжит хувилбараар төрийн өмчийг үнэгүйдүүлж авдаг аж. Үүнд нь манай төрийн албан хаагчид ч оролцдог. Өөрөөр хэлбэл, үнэтэй мэдээлэл буюу хэзээ ямар машин дуудлага худалдаанд орох талаар. Тэр хувьчлалын үнийн босго хэдээр тогтоогдох талаарх мэдээллүүдийг гаргаж өгдөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зарим дарга, цэрэг нар байдаг аж. Мэдээж энэ төрлийн сүлжээ болсон хулгайд төр өөрөө оролцохгүй бол ингэж олон жилийн турш тогтвортой ноёлж чадахгүй. Ийнхүү маш олон жилийн турш төрийн машинуудаар дагнадаг төр, хувийн хэвшлийн нийлсэн хулгайчид төрийн өмчийг үнэгүйдүүлж, татвар төлөгчдийг хохироож иржээ. Хамгийн хорсолтой нь тэд зах зээлээс хамаагүй хямдхан хувьчилж авсан төрийн машиныг эргүүлээд зах зээлд нийлүүлэхдээ үнийг нь өсгөөд шахдаг. Тэрийг нь иргэд хуруу хумсаа хугалахаас наагуур цуглуулсан хэдэн төгрөгөөрөө авдаг. Үүнийх нь том хохирогч дахиад л иргэд байна.

Тиймээс нэгдүгээрт, Ерөнхий сайд та Хэмнэлтийн хуулийн дагуу хураагдаж, удахгүй хувьчлагдах гэж байгаа төрийн машинуудыг хувьчлахаас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан тушаалтнуудтай “эвцэлдсэн” энэ бүлэг нөхдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Хэрэв энэ бүлэглэлийн “судас”-ыг таслахгүй зүгээр орхивол төр нь хэмнэх гэж хичээж, түмэн нь хэмнэлээ гэж горьдох энэ их эрсдэлийг чинь хэдхэн хүмүүс утгагүй болгож, “залгиж” орхих нь байна.

Хоёрдугаарт, төрийн өмчийг шамшигдуулдаг энэ нөхдүүдийг заавал олж хариуцлага тооцох хэрэгтэй. АТГ-аа ийм л зүйл дээр жинхэнэ утгаар нь ажиллуул, Ерөнхий сайд аа. Өнгөрсөн гучин жилд төрийн өнцөг булан бүрт хулгайчид сайн муу дүрээр гүн бат шигдсэн. Үүнийг энгийн нэг бодит жишээ бол энэ.

Дахиад хэлье. 2-3 хүнтэй бүлэг доороо 10, 20 компанийг зохиомлоор үүсгэж байгаад наад төрийн өмчийн машинуудыг чинь бага үнээр хувьчилж маш удаан хугацаа өнгөрчээ. Төрийн албан хаагчид чинь хүртэл тэдэнтэй хамждаг. Тэднийг мэдээ мэдээллээр хангадаг юм байна. Хэмнэлтийн хуулиас чинь гарч буй өрөм, тосыг нь бүлэг хулгайчид хамахад бэлэн байна.

Г.Лхагвадорж

Я.Содбаатар: Манай улс өнгөрсөн онд 2.7 их наяд төгрөгийн хүнс ИМПОРТОЛСОН
Я.Содбаатар: Манай улс өнгөрсөн онд 2.7 их наяд төгрөгийн хүнс ИМПОРТОЛСОН
 
Өнгөрсөн 7 хоногт 8816 иргэн И-баримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ
Өнгөрсөн 7 хоногт 8816 иргэн И-баримт аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ төлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.