Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Диатезтай хүүхдийн асаргаа А-Я хүртэл: Дэглэм, арчилгааг үр дүнтэй хийх аргууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 51 секунд
ДИАТЕЗ ГЭЖ ЮУ ВЭ?-ГИЙН ТАЛААР МАШ ТОВЧХОН

Диатез-(Шүүдэст эмзэгшил)-ийг  хөхүүл үед нь диатез гэж нэрлэдэг ч “Атопийн дерматит” гэж оношилдог. Атопийн дерматитийг өөрөөр экзем, намарс ч гэж бичсэн байдаг. Манай эцэг эхчүүд “Диатез” нэрээр нь илүү мэддэг ба энэ бүгд нэг ойлголт юм. “Атопийн дерматит” гэдэг нь харшлын гаралтай эмгэг бөгөөд энэ нь арьсыг үрэвсүүлж их загатнуулдаг, улаан, хагарамтгай болгодог, бага насанд эхлэн насанд хүртлээ үргэлжлэх юмуу эсвэл хожуу сэдэрч болдог эмгэг юм.

Шинж тэмдэг:

  • Эрт үед: төрөхдөө илүү жинтэй байх
  • Асаргаанаас хамааралгүйгээр суга цавь амархан нурдаг
  • Толгойд зузаан хаг тогтох
  • Арьс хуурайших
  • Өвчлөмтгий байх-ханиад олон хүрэх
  • Загатнадаг, улаан хуурай, хагаратмгай толбонууд гол төлөв нүүр, арьсны нугалаа хэсгээр жишээ нь: тохойн хонхор, өвөдгний арын хонхорт зэрэгт гардаг боловч ерөнхийдөө биеийн аль ч хэсгээр гарч болно.
  • Гэмтсэн хэсгээс тунагалаг шүүс гоожих.
ДЭГЛЭМ ДЭГЛЭМ ДЭГЛЭМ
  • Хүсний дэглэм барих хамгийн хэцүү. Яагаад гэхээр нэгдүгээрт, диатезтай хүүхдэд дийлэнх хүнсийг хориглосон байдаг. Монголд диатезтай хүүхдэд тусгайлан зориулсан хүнс ховор тул чихэргүй гурилан бүтээгдэхүүн болон мах л өгөхөд хүрнэ. Дийлэнх эцэг эхчүүд ийм “хомс” хүнсний дэглэмийг тэвчиж чаддаггүй бөгөөд хүүхдээ өрөвдөх нэрийдлээр дэглэм зөрчих нь бий.
  • Хоёрдугаарт, нийгэмд дасгахад тун хэцүү. Гадаа тоглоход бусад хүүхдүүд зайрмаг идэж буйг хараад хүүхэд тэвчих нь ховор. Хамаатан садны бэлгэнд заавал хориотой хүнс байж л байдаг. Замын хажуугаар алхсан ч хориотой хүнс зарж байх нь нүдэнд тусна. Гэр бүлийн бусад гишүүд хориотой хүнсийг хэрэглэх ов их бий. Энэ бүгдийг хүүхдээсээ нуух тун хэцүү.
  • Гуравдугаарт, эцэг эхээс асар их арчилгаа, анхаарал цаг зав шаарддаг. Хүнсний дэглэмийг бариулах гэж хүүхдээ харж сэрэмжлүүлэхээс гадна өдөр бүр боолт хийх, хэд хэдэн удаа тосон түрхлэг болон усанд оруулах зэрэг арчилгааг тогтмол хийх шаардлага тулгарна. 
  • Энэ бүгдээс ч хэцүү нь диатез эдгэхгүй үргэлжлэх, сэдрэх явдал юм. Хүүхэд нь өвчилсөн хэсгээ урж, маажих, уцаарлахыг хараад маш олон эцэг эх сэтгэлээр унадаг. Хүүхдээ өвдөж, зовохыг харах шиг зовлон алга, зүрх шимширч байна гэж хэлдэг. Үүнээс болоод стресстсэн ирэх нь элбэг байдаг. 

Тиймээс нөхцөл байдлыг ингэтэл нь хүндрүүлэхгүйн тулд дэглэмийг хатуу барих шаардлагатай. Гурван сарын хугацаанд эмчийн зөвлөсөн дэглэм, арчилгааг барьж чадвал диатез бүрэн эдгэх магадлал тун өндөр. Тиймээс ДЭГЛЭМ ДЭГЛЭМ ДЭГЛЭМ барь. Харин одоо дэглэмийг хэрхэн үр дүнтэй баримтлах талаар зөвлөе.

  1. Хориотой хүнсийг хэзээ ч бүү өг. Төрсөн өдөр нь тохиолдсон ч “за ганцхан удаа” гээд бялуу өгч болохгүй. Тодорхой хугацаанд дэглэм барьж байхад гэнэт их чихэр өгөх нь улам хүчтэй сэдрэлтийг авчрахыг хатуу анхаарна уу.
  2. Гэр бүлээрээ дэглэм барь. Багадаа ганцхан улирлын хугацаанд хүүхдийнхээ төлөө дэглэм барих ёстойг гэр бүлийн гишүүддээ, ялангуяа ах, эгчид нь хэлж ойлгуул. Диатезтай хүүхдийнхээ араар хааяадаа амттан авч “булагнах” тухай бодоод ч хэрэггүй. Гэр бүлээрээ чихрийн хэрэглээгээ багасгавал та бүхний эрүүл мэндэд ч тустай. Мөн хүүхэд бусдаас тусгаарлагдсан, ялгаварлагдсан байна гэсэн сэтгэхүйгээс салдаг.
  3. Хүүхдэдээ диатезийн талаар тайлбарлаж, ойлгуул. Бага насны хүүхэд ямар их тэвчээр гаргах чадвартайг та хараад гайхах болно. Тэдэнд ойлгуулж чадвал маш ухаантай хүмүүс шүү. Зурж, жүжигчилж, хүүхэлдэйн кино үзүүлж тайлбарлаж болно.
  4. Хамаатан, садан, найз нөхдөдөө хорио дэглэмээ зарла, тайлбарла. Баяр болоход, гэрт нь зочлоход ийм ийм хүнсээр огт дайлж болохгүй, ийм бүтээгдэхүүн орсон зүйлс бэлгэнд авахгүй гэдгээ нэрэлхэлгүй хэл. Ингэж байж хүүхэд тань эдгэнэ.
  5. Сургууль, цэцэрлэгт нь ямар хоол өгч байгааг багш, тогооч нараас нь лавла. Хэрвээ тэнд хориотой хүнс өгч байвал гэртээ дэглэм бариад ч нэмэргүй. Хүүхдийнх нь төрсөн өдөр гээд ангийнханд нь бялуу, чихэр тараадаг эцэг эхчүүд олон. Тиймээс диатезийн талаар багштай нь ярилцаж, тайлбарла. Хоолны цэсэнд хориотой хүнс байдаг бол хувиасаа хүнсийг нь бэлдэж явуул. Мөн эцэг эхчүүдийн группт бусдын хүүхдэд хамаагүй хүнс өгөхгүй байхыг уриал.
  6. Эмчийн зөвлөгөөг ягштал дага.
АСАРГАА АСАРГАА АСАРГАА

Хэчнээн дэглэм бариад ч диатез эдгэхгүй байна уу? Ганцхан дэглэм бариад л диатез эдгэхгүй. Диатезийн эмчилгээний бас нэгэн тулгуур багана нь арчилгаа, асаргаа юм. Үүнд хүүхдийн хувцаслалт, ариун цэвэр болон гэр бүлийн ариун цэврийн асуудал орно. Дараах заавруудыг заавал баримтлахыг хүсье.

Диатезтэй хүүхдийг хувцаслах: Доорх хувцаслалт арьсыг цочроож загатнуулахаас сэргийлнэ.

  • 100% хөвөн даавуун хувцас өмсгөх.
  • Нялх хүүхдэд дотуур хувцасны оёдлыг гадагш эргүүлэн өмсгөх.
  • Гарын экземтэй хүүхдэд хүйтэн сэрүүний улиралд бээлий өмсгөх.
  • Хөлийн экземтэй хүүхдэд чийг татдаггүй, арьсан гутал өмсгөх.
  • Хөвөн даавуун оймс өмсгөж байх.
  • Дэлгүүрээс авсан дотуур хувцсыг өмсөхийн өмнө заавал угаах.
    • ×  Чийг гадагшлуулдаггүй материал, нейлон, синтетик эдээр хийсэн хувцас өмсөхгүй.
    • × Угаахад будаг гардаг, химийн бодис үнэртсэн хувцас өмсөхгүй.
    • ×  Хатуу ширүүн материалаар хийсэн бариу хувцас өмсөхгүй.
    • ×  Ноос ноолууран хувцсыг шууд нүцгэн биен дээр өмсөхгүй. Шууд биед хүргэж өмсвөл арьс улайж загатнах талтай.

Диатезтай хүүхдийг усанд оруулах: Арьс амархан хуурайшдаг тул хүүхдээ усанд оруулах нь маш сайн эмчилгээ юм. Гэхдээ нарийн зааврыг дагаж байж “эмчилгээ” болж чадна.

  • Арьс бохирдсоноос, хөлөрснөөс загатнаа ихсэх тул ингэсэн тохиолдол бүрт усанд оруулах. Одоо дулаан цаг ирээд хүүхдүүд тоглож, гүйснээс хөлрөлт нэмэгддэг тул ойр ойрхон усанд оруулж байх ёстойг анхаарна уу.
  • Шүршүүрийн хүчтэй ус загатнааг нэмдэг тул ваннанд ус тосч оруулна.
  • Хэт халуун болон хүйтэн усанд орж болохгүй. Ус бүлээн буюу 32-35 хэм байх нь тохиромжтой. Ус халуун байвал арьсыг хуурайшуулж загатнуулахыг анхаар.
  • Эхлээд халуун ус тосч аваад бүлээстэл нь хүлээгээд усны хлор гарсан хойно хүүхдээ угаана. Хлор ихтэй ус хуурайшил үүсгэнэ. Хлорыг багасгах өөр нэг арга нь усаа тосчихоод хүнсний сода-ийг тохирсон хэмжээгээр хийх юм.
  • Ванны усанд зориулалтын тос хийж орвол арьс зөөлрөх чийгших нөлөөтэй.
  • Усанд 5-10 минутаас илүүгүй хугацаагаар орох. Усанд хэт олон удаан орох нь арьсыг хуурайшуулах муу талтай. Усанд булхах маягаар богино хугацаанд орж байхыг анхаарна уу.
  • Гар нүүрийн хатуу саван шүлт агуулдаг учир арьсыг хуурайшуулн. Чийгшүүлэгчтэй буюу шингэн саван хэрэглэж байх эсвэл рН-5.5 нь саармаг саван хэрэглэх.
    • × Усанд орохдоо ширүүн зүйлээр үрж угааж болохгүй.
  • Усанд орсны дараа зөөлөн алчуураар усыг дарж арчаад, арьс чийглэг байхад нь чийгшүүлэгч тосыг биеийн бүх хэсэгт түрхвэл илүү сайн чийгшүүлдэг.
    • × Бактерийн эсрэг саван, хатуулаг ихтэй, тод өнгөтэй, үнэртэй саван хэрэглэхгүй байх. Химийн бодисын агууламж ихтэй тул арьсыг их цочроодог.
    • × Спирт агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй бай. Арьс цочрооно.

Загатнааг сэдрээхгүй, маажуулахгүй байх арга:

  • Арьсыг үргэлж чиийглэг, зөөлөн байлгах шаардлагатай. Хуурай арьс маш амархан эмзэгшиж, мэдрэгшдэг гэдгийг мартаж болохгүй.
  • Хумсыг богино мохоо байдлаар авч өгөх нь маажихаас сэргийлнэ.
  • Загатнаж эхлэх үед хүйтэн чийгшүүлэгч тос түрхвэл загатнаа намжина. Чийгшүүлэх  зөөллөх тос нь эмчилгээний чухал хэсэг бөгөөд загатнагааг багасгахаас гадна арьсны нөхөн төлжилтөнд тустай тогтмол хэрэглэвэл үр дүнтэй. Тогтмол гэдэг нь өдөрт 2-оос доошгүй, ялангуяа усанд орсны дараа заавал түрхэнэ. Нэг чийгшүүлэгч тосыг 1 сар түрхээд өөр тосоор солих нь дасал болхоос сэргийлэх сайн тайлтай.
  • Загатнаа дарах эмийг эмчийн заавраар уулгах.
  • Загатнаж буй үед хөвөн даавуун оймс бээлийтэй унтуулах.
    • Маажихаа боль гэж зандрахын оронд анхаарлыг нь өөр зүгт хандуулан хүүхэдтэйгээ тоглох, сонирхолтой зүйлийг нь хийлгэх.
  • Үсийг богино тайрах, эсвэл шууж боох хэрэгтэй. ГЭРИЙН ТООСНЫ ХАЧИГ НЬ хүний арьснаас гуужиж унадаг хогжруу, үсний хагаар хооллох тул үс уналтыг багасгах  хэрэгтэй болдог.
    • Сургуулийн хүүхдийг ачааллаар хэт ядраахгүй байх.
  • Зун нарнаас хамгаалах тос түрхэж гарч байх.
  • Шимэгч хорхойн өвчний шинжилгээг тодорхой хугацаанд хийлгэж байх.

Хувцас цагаан хэрэглэл угаах:

  • Угаалгын шингэн саван хэрэглэх.
  • Ор дэрний цагаан хэрэгсэл, хувцсыг цайруулагч, зөөллөгч, үнэр оруулагч мэтийн бодис хэрэглэлгүй шингэн савангаар угаах ба угаасны дараа сайн зайлна. Эдгээр нь мэдрэг хүмүүсийн амьсгалын замыг цочроож харшил үүсгэх эрсдэлтэй.
  • Автомат угаалгын машинаар 55-60 хэмийн халуун усаар ор дэрний хэрэгслээ 7 хоногт 2 удаа угааж байвал гэрийн тоосны хачгийг устгана.
  • Зуны улиралд угаасан зүйлээ гадаа хатаахад ургамлын тоос хувцсанд тунадасжин тогтдог тул гадаа хатаах хэрэггүй.

Ахуйн тоосжилтыг багасгах арга: Хэрвээ та анзаарсан бол гэрийн тоосны хачгийг дээр хэд хэд дурдсан. Гэрийн тоосны хачиг нь диатезийг сэдрээдэг тул гэрээ цэвэрхэн байлгах нь тун чухал юм.

  • Чийгтэй цэвэрлэгээг тогтмол хугацаанд хийх. Гэрийн тоос нь арьсыг мэдрэгшүүлэх боломжтой тул чийгтэй цэвэрлэгээ хийх нь тоосжилт үүсэхээс сэргийлна.
  • Зөөлөн чихмэл тоглоомыг халуун усанд угаах, эсвэл гадаа гаргаж хөлдөөж байх, зун нь хөлдөөгчид хонуулж байх. Гэрийн тоосны хачиг нь -25 хэмд хэдхэн цаг, +50 хэмд 4 цаг, +60 хэмээс дээш халуунд ганц цаг болоод устдаг.
    • × Тоос их татдаг учир телевиз, комьпютерийг хүүхдийн өрөөнд байлгаж болохгүй.
    • × Тоос татдаг ном сонин, бусад жижиг зүйлсийг ил задгай байлгахгүй байх. Гэрт ил задгай удаан хадгалсан номын тоосноос харшил үүснэ.
  • Хөнжил гудас дэрийг гэрийн тоосны хачиг нэвтрүүлдэггүй тусгай даавуун уутанд хийх. Гэрийн тоосны хачиг нүдэнд үзэгдэхээргүй жижигхэн бөгөөд түүний биеийн хэсгүүд, ялгадас амьсгалын замаар орж харшил үүсгэнэ. Энэ нь диатез (атопийн дерматитийг) сэдрээдэг.
    • × Гэртээ амьтан тэжээхгүй байх, амьтны дэлгүүрээр орохгүй байх, олон амьтны үзүүлбэртэй цирк үзэхгүй байх. Амьтны хаг шүлс, шээс зэрэг олон зүйлд харшлахаас гадна амьтны үсэн дотор амьдрах хачиг, мөөгөнцрөөөс ч харшил үүснэ. Агаарт хөвж буй харшилтөрөгч нь хүүхдийн арьсанд тунан бууж загатнааг нэмдэг. Иймд гэртээ амьтан байлгахаас аль болох татгалзах шаардлагатай.
    • × Ургамлын тоосны харшилтай бол гэртээ ургамал цэцэг тарихгүй байх
    • × Их хэмжээний угаасан зүйлийг гэртээ хатаахгүй байх. Чийглэг эрс ихэсдэг тул мөөгөнцөр үүсэхээс сэргийлдэг.
  • Гал тогооны өрөөнд ур татагчтай байх.
  • Өрөөний дулаан даарч халууцахааргүй байх ба чийглэг 40% байх. Үүнээс дээш чийглэгтэй байвал хөгц мөөгөнцөр, гэрийн тоосны хачиг үржих тул өрөө тасалгааг сайн агааржууулж байх чухал.
    • × Гэртээ тамхи татахгүй байх. Хүний татсан тамхины утааны 75% нь эргэж гарахдаа улам хортой болж, татсан эзнээсээ илүүтэйгээр хажуудаа байгаа хүнийг хордуулдагийг эрдэмтэд тогтоосон.

Уншигч таны гэр бүлд эрүүл энхийг хүсье. 

Франкфуртын онгоцоор явах гэж байгаа нэг иргэнээс Ковид-19 халдварын эсрэг бие илэрсэн
Франкфуртын онгоцоор явах гэж байгаа нэг иргэнээс Ковид-19 халдварын эсрэг бие илэрсэн
 
Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.