Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Web of Science санд бүртгэлтэй бүтээлийн тоогоор МУИС тэргүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

Монгол Улсын төрийн өмчийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын Web of Science мэдээллийн системд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд сүүлийн 5 жил хэвлүүлсэн өгүүллийн тоо, h5 индексээр МУИС үндэсний хэмжээнд тэргүүлж байна.

МУИС-ийн эрдмийн хамт олон судалгааны хамрах хүрээ, түвшнээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурь эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна.

Тус стратегийн зорилгын хүрээнд  судалгааны хамрах хүрээг өргөжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн үндсэн үйл ажиллагааны нэг нь олон улсын  Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SCI (Sciences Citation Index), SSCI (Social Sciences Citation Index), AHCI (Arts & Humanities Citation Index) индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдмийн ажлын үр дүнгээ хэвлүүлдэг эрдэмтэн, судлаачдыг урамшуулан алдаршуулах ёслолыг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн 7 дахь жилдээ тэмдэглэж үндэсний хэмжээнд жишиг соёл болгон түгээн дэлгэрүүлж байна.

Энэ жилийн үйл ажиллагаанд АНУ-ын “Clarivate Analytics” компанийн БНХАУ-ын Бээжин дэх салбарын Web of Science группийн удирдлага, мэргэжилтэн уригдан оролцож Монгол Улсын болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачдыг чадавхжуулах сургалт семинарыг зохион байгуулжээ. Мөн Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд Монгол Улсын болон МУИС-ийн хэвлүүлсэн судалгааны бүтээлийн чанар, судлаачдын чансааг дэлхийн түвшинд үнэлсэн эшлэлийн тайланг жил бүр танилцуулдаг байна.

Тус компани нь эрдэм шинжилгээний JCR (Journal Citation Report) индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлийн санг бүрдүүлэн импакт факторт нь анализ хийдэг, түүнийг нь үндэслэн дэлхийн томоохон их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн түвшинг үнэлэн гаргадаг ба одоогоор 4000 гаруй ажилтантай дэлхийн 40 гаруй оронд салбартай. МУИС энэхүү компанитай эрдэмтэн судлаачдыг чадавхжуулах, олон улсын судалгааны платформуудыг үнэ төлбөргүй ашиглуулах, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийг Web of Science санд бүртгүүлэх чиглэлээр 2014 оноос хойш хамтран ажиллаж иржээ. Энэ хамтын ажиллагаагаа дүгнэж “МУИС-ийн эрдэм судлалыг дэмжигч шилдэг түнш” өргөмжлөлийг Clarivate Analytics компанид гардуулсан байна.

Clarivate Analytics компанийн Web of Science группийн 2019 оны эшлэлийн тайлангаар МУИС-ийн судлаачдын бүтээлийг АНУ, БНХАУ, Герман, ОХУ, Япон, Англи, Франц, Канад, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн 150 орчим орны 5000 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаач эшлэл авсан нь МУИС дэлхийн хэмжээнд академик нөлөө өндөр болохыг харуулж байна.

МУИС болон Clarivate Analytics компанийн цаашдын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд стратегийн ач холбогдолтой хамтын ажиллагаа байж улмаар Монголын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын олон улсын хэмжээнд үнэлэгдэх үнэлэмжийг өсгөхөд чухал ач холбогдолтой юм.

Өсвөрийн бүжигчид олон улсын тэмцээнд дэд байр эзэлжээ
Өсвөрийн бүжигчид олон улсын тэмцээнд дэд байр эзэлжээ
 
“Тамга солилцож байхдаа Ц.Элбэгдорж “Ганцхан С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй“ гэж хэлснийг Х.Баттулга Ерөнхийлөгч үнэнээр нь хэлэх байх“
“Тамга солилцож байхдаа Ц.Элбэгдорж “Ганцхан С.Зоригийн хэргийг битгий сөхөөрэй. Бусад бүх юм надад хамаагүй“ гэж хэлснийг Х.Баттулга Ерөнхийлөгч үнэнээр нь хэлэх байх“
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.