Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: Хорвоо Баттулгад өгөөмөр хандсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 42 секунд


Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярт шүүхээс таван жилийн ял оноов. Улс төрийн хүрээнийхэн энэ бүхнийг зохион байгуулагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэж ил цагаан ярьж бичиж, твиттер олон нийтийн сүлжээгээр дүүрэн талцал явж байна. Тэгвэл С.Баяр өөрийн “Жар хоног, жарны бутархай” номондоо Х.Баттулгын тухай хэд хэдэн нийтлэлдээ дурдсан байдаг. Түүний нэг нь “Муужруулах дөхсөн МАО” нэртэй. Түүнд дурдснаар Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа Хятадуудтай нарийн царигаар төмөр зам тавих санамж бичиг зурчихсан. Үүнийг нь С.Баяр Хятадын элчин сайдын яамны амнаас дуулаад Х.Баттулга, А.Гансүх нарыг өрөөндөө дуудаж загнасан, үүрэг өгч зогсоож байсан гэжээ. Уг нийтлэлийг эхээр нь тавихад зохиогчийн эрхийн зөрчил үүсэх учраас уншигч таныг С.Баярын “Жар хоног, жарны бутархай” номыг уншихыг зөвлөж байна. Харин олон нийтэд нээлттэй болж интернетэд нийтлэгдсэн Х.Баттулгатай холбоотой хэсгээс та бүхэнд эшлэн сонирхуулж байна. 

Баттулгад гомдох юм надад үгүй. Гомдохдоо хүрвэл хүн бүр ойр дотныхоо л хүнд гомддог биз. Тэр надад ойр дотно биш учраас гомдох асуудал байхгүй. Байх ч учиргүй.

Улс төрд шогшиж явсан, яваа хүмүүс нэг нэгэндээ гомдоод байх утгагүй.

Бид хоёрын зам, амьдралын нэгэн зурвас үед учрах, зэрэгцэх, огтлолцох учиртай л байсан юм байж. Түүнд муу санаж явсангүй. Намайг энд суулгахад нөлөөлөөгүй байж болох ч суух хугацааг сунгахад нөлөөлсөн гэж бодохоос дургүй хүрч байна. Дургүй хүрэхийн хажуугаар гайхаш төрөөд байх. Энэ зэргийн яваа эр хүнд эрийн хуйх гэж нэг юм байх ёстой доо гэж бодогдоно. Хүний муу үзэж, тэрүүхэндээ бахаа хангадаг нь жижиг гарын чанар. Гэтэл үзсэн туулсан амьдрал, байгаа байдлаараа тэр жижгэрэх учиргүй нөхөр юм.

Өгөгдөхүүн гэх ойлголт бий. Зөвхөн тоо, хими, физикийн өгөгдөхүүн биш. Байгалийн, нийгмийн, аз хийморийн өгөгдөхүүн гэж бас бий. Хорвоо Баттулгад өгөөмөр хандсан. Ховор олдох хувь заяа түүнд хайрласан. Тамирчин яваад дэлхийн аварга болсон. Бизнес хийгээд тэрбумтан болсон. Өгөгдсөн саваа хэн, яаж дүүргэхээс бүх юм хамаарна. Сав дүүрэн яваа атлаа дутуугийн архаг комплексдоо идэгдсэн хүн шиг ямагт л илүү харж, билүү долоож байх хэрэггүй.  Бусдад байнга атаархан хорсож, хөмхийгөө зууж хөмсөг зангидан явах нь хувь заяагаа гомдоохын нэмэр.

Тээр жил бид хоёрын хооронд нэг ийм шог яриа болов. “Энэ муу Эм-Си-Эс”-ийнхэнд дургүй хүрээд байдаг юм” гэж байна. “Яагаад тэр вэ” гэж би асуув”. “Оготно шиг хаашаа ч хамаагүй шургаад орчихно. Хэнтэй ч хамаагүй нийлнэ. Хоосон газраас ч мөнгө шүүрнэ. Одоо бүр долларын тэрбумтан боллоо. Будаа болгоод өгөх юмсан” гэж байна.

Тэгэхэд нь би өөдөөс нь инээнгээ “Больж үз, Тулгаа! Чи Монголынхоо ардчилсан хувьсгалд оролцож, санхүүжүүлж явсан демократ маркийн хүн. Гэтэл битүү хатуу “большевик” хүний залбирал шиг юм ярьж байх юм” гэлээ: “Юун большевик залбирал” гэж тэр надаас асуув. “Бурхан минь, намайг тэдэн шиг ухаантай, тэдэн шиг баян болгоод өгөөч гэж демократ хүн залбирах ёстой. Харин большевик нөхөр бол “Бурхан минь, тэднийг над шиг тэнэг, над шиг ядуу болгоод өгөөч” гэж шүдээ зуудаг. Чи бол ядуу биш, тэнэг биш. Гэхдээ хувьчилж авсан хэдэн юмаа тордох төдий л яваа хүн. Гэтэл тэр хэд муу ч сайн ч хаашаа л орно уу дандаа цоо шинэ юм бүтээж босгож яваа улс. Эргэн тойрноо нэг хар даа. Тэдэнд бүү атаарх тэднээс суралц” гэлээ.

Мань хүн тэгэхэд хариу юу ч хэлээгүй. Эрхбиш юм ойлгосон болов уу гэтэл, тархиндаа юм бодох биш, араандаа юм зуусан бололтой. Би ч гэж би. Том дуугараад л, хорсож яваа хүнийг санаатай  санаагүй доош нь хийж шоолоод л . Эм-Си–Эс-ийн ганц нэг “даварсан гаруудад” тэрээр хар буруу санаж, “будаа болгоно” гэж зүтгэх нь бага хэрэг. Харин Женко Баттулга маань ийм сайхан хувь заяа түүнд хайрласан улс орноо санаатай, санаагүй “будаа болгочих гээд” явдаг учрыг нь олох гээд би чадахгүй сууна. Бодно доо, олно доо...

 

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг олон нийтэд ил болголоо
БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг олон нийтэд ил болголоо
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.