Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн сүлжээний донтолт: Биднийг холбодог технологи биднийг хянадаг

Ангилал
Мэдээллийн боловсрол
Хэзээ
2020/09/21
Унших
6 минут 2 секунд

Жефф Орловскийн найруулсан "Social dilemma" кино нь хүмүүсийн зан авирыг өөрчлөхөд ухаалаг утас, нийгмийн сүлжээ хэрхэн нөлөөлж буйг харуулдаг. Зургийн эх сурвалж: Theverage.com



Нийгмийн сүлжээнд донтох учир

Та нийгмийн сүлжээ рүү өдөрт хэдэн удаа ордог вэ? Өглөө сэрмэгц утсаа аваад шалгаж байна уу? Та өөрөө бус ч гэсэн эргэн тойронд тань байгаа хүмүүс хоорондоо сайхан яриа өрнүүлэхийн оронд хоол идэх зуураа ч Фэйсбүүк, Твиттер, Инстаграм болон бусад нийгмийн сүлжээ рүү сэм сэмхэн шагайж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол дэлхий даяар олон сая хүний зан үйлд сүүлийн хэдхэн жилийн дотор гарсан том өөрчлөлт, нийгмийн сүлжээний донтолт. Нүдээ чилж, тархиа ядрааж, нойроо хулжтал, цаг өнгөрч буйг анзааралгүй болтол нь татах ямар ид шид нийгмийн сүлжээнд байна вэ?

Ид шид гэхээсээ илүү хүний сэтгэл зүйгээр тоглох нарийн механизмаар олон сая хүнийг донтуулж буй нийгмийн сүлжээний хор уршгийн тухай “Social Dilemma” хэмээх баримтат кино хэдхэн хоногийн өмнө Нэтфликс дээр гарлаа.

Дэлхий дахинд технологийн хувьд ноёрхол үзүүлж буй цахиурын хөндийн томоохон компаниудад дизайнер, шинийг санаачлагч, програм хангамжийн инженер болон удирдах ажил хийж байсан залуус нэг л өдөр өндөр цалин хангамжтай, нэр хүндтэй ажлаасаа гарснаа ярьж байна. Аливаа ажлыг хийхэд цалин мөнгөнөөс гадна үр дүн нь чухал. Эдгээр залуучууд өөрсдийнх нь бүтээсэн зүйлс анх төлөвлөснөөс нь өөр зорилгоор ажиллаж, нийгэмд үзэл бодлын хагарал, сэтгэхүйн өөрчлөлт, хуурамч мэдээлэл түгээх, үймээн самуунд хүргэх аюулт зэвсэг болсонтой ёс зүйн хувьд эвлэрэхгүй болсон байна.

Фэйсбүүкийн “таалагдлаа” буюу “лайк” товчлуурыг анх зохиосон инженер Жастин Розэнстэйн “Бид нийгмийн сүлжээгээр эерэг мэдээллийн урсгалыг дэмжих зорилгоор энэ дизайны элементийг нэмсэн. Гэхдээ лайк аваагүйгээс өсвөр насныхан сэтгэл санаагаар унана гэдгийг огт тооцоолоогүй” гэнэ.

Кинонд гарч буй охин лайк авахын тулд өөрөг зургаа янз янзаар авч оруулж буй нь үүний жишээ. Эхний удаа оруулсан зураг нь лайк авахгүй болохоор дахин нэг зураг авч, янз бүрээр сайжруулснаар тэр дороо олон хүнээс коммент болон таалагдлаа гэсэн хариу авна. Гэвч тэр дотор нэг хүний бичсэн “Чихээ жаахан томсгож болохгүй юу?” гэсэн утгатай үгэнд охин ихэд эмзэглэж буй нь өсвөр насныханд нийгмийн сүлжээ ямар их нөлөө үзүүлдгийг харуулж байна.

Стэнфордын Их Сургуулийн донтолт судалдаг эрдэмтэн Анна Лэмбкэгийн тайлбарлаж буйгаар нийгмийн сүлжээнүүд хүний тархины “бусадтай холбогдох” хэрэгцээг тун овжноор ашигладаг аж. Сүлжээнд зургаа оруулаад өөрөө лайк цуглуулахаас гадна бусдыг “tag” хийх нь улам олон хүнийг уруу татан донтуулж буй хэрэг гэнэ.

Нийгмийн сүлжээнүүдэд гишүүн болох нь хэн бүхний өмнө нээлттэй, ямар ч төлбөр төлөх шаардлагагүй. Тэгвэл хэдэн сая доллараар эргэлдэх энэ бизнес хаанаас ямар аргаар мөнгөө олж байна вэ? Хэрэглэгч биднийг дахин дахин урин оруулж, асар их мэдээлэл цуглуулаад түүн дээрээ суурилсан зар сурталчилгаа, бусад үйлчилгээнүүд явуулах замаар явж байна. Тийм учраас хэрэглэгчийн зан үйл, хүний тархи яаж ажилладаг талаар олон төрлийн судалгааны үр дүнд суурилсан дизайн хийж, орох бүрт бидний юу уншсан, хэний зургийг лайк хийсэн, ямар сэдэвт дуртай зэрэгт тохирсон мэдээллийг байнга шинэчлэн харуулах төрөл бүрийн алгоритм зохион ажиллуулдаг. Эдгээр арга механизм нь зарим тохиолдолд анхны зорилгоосоо халиад таамаглаагүй олон хортой үр дагавар дагуулж буйг баримтат кино анхааруулна.

“Хоёр тэрбум хүнд нөлөө үзүүлэх шийдвэрийг 50 дизайнер хариуцаж байсан тохиолдол хүн төрөлхтний түүхэнд байгаагүй” гэж Гүүгл компанид дизайны ёс зүйчээр ажиллаж байгаад гарсан Тристэн Хэррис ярьж буйг бодууштай.

Ердийн хэрэглэгчдийн хувьд үл үзэгдэх, учрыг нь ойлгоход бэрх, үл үзэгдэх алгоритм, дизайны шийдлээр дэлхий дахиныг залж буй нийгмийн сүлжээнүүдийг бодлогын хувьд зохицуулалтад оруулах цаг болсон гэдэг харангын дохиог энэ кино өгч байна. Фэйсбүүкт хөрөнгө оруулагч Рожэр МакНэми “Оросууд Фэйсбүүк рүү халдлага үйлдээгүй, тэд зөвхөн энэ сүлжээг ашигласан” гэнэ.

Кинонд ярилцлага өгсөн цахиурын хөндийн экспертүүд өөрсдийн үр хүүхдээ нийгмийн сүлжээнд оруулахгүй, аль болох хол байлгахыг хичээнэ гэдгээс нэгийг бодууштай. Жэф Орловскийн бичсэн “Social Dilemma” гэдэг энэ баримтат киног өсвөр насны хүүхдүүдтэйгээ цуг суугаад үзчихэд их зүйл ойлгуулмаар санагдлаа. Өөрсдөө ч гэсэн нийгмийн сүлжээнд хэт их цаг үрэлгүй, донтуулах механизмд нь автахгүй байя гэсэн бодол танд төрнө байх.

Я.Борчулуун

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: