Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facelook: Цоо шинэхэн гавьяат Нанжидын Ононгийн фото түүх

Ангилал
Facelook
Огноо
Унших
7 минут 18 секунд

Түүний ​аав бол Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт олон жил ажилласан зүрхний эмч, анагаах ухааны доктор Нанжид. Хэнтий аймгийн Батширээт сумынх бөгөөд Н.Онон тэр нутгаараа овоглох дуртай нь мэдээж. Энэхүү зургаа аавуудын баяраар хэд хэдэн удаа нийтэлж байлаа. 1978 он, 9 настай Онон.

Тэрбээр багаасаа л алаг нүд нь эргэлдсэн хүү байлаа. Ээжээс хоёулаа бөгөөд дээрээ нэг эгчтэй. Харин бага балчир насандаа бидний олон жил харж дассан шиг “хөвсгөр” байгаагүй аж.

Тухайлбал, дараах зурагт гарч буй хүүг одоогийнх нь төрхтэй ойролцоо тул Н.Ононгийн багынх гэж андуурах хүн олон. Өөрөө ч энэ зурган дээрх хүү би биш шүү гэдгээ тайлбарлаж байв.

Мөн Цэдэнбал Филатоватай хамт авахуулсан энэ зураг ч Н.Онон гэж андуурах нь бий.

Гэхдээ түүний хүүхэд ахуйдаа Филатоватай уулзаж, зураг авахуулах боломж гарсан байдаг. Сурагч Онон тэргүүн хатагтайн хүзүүнд улаан бүч зүүж өгч байна.

Тэрбээр 23 дугаар дунд сургуулийг онц дүнтэй төгссөн, орос хэлтэй. Жүжигчин мэргэжлээр суралцахаар Соёл урлагийн их сургуульд орлоо.

Түүний мэргэжлийн багш нь “Арслан” хэмээн алдаршсан жүжигчин, найруулагч Гүрсэдийн Доржсамбуу байв.

Оюутан насных нь одоо ч хөгжилтэй нэгэн дурсамж нь “Онон бүсгүй”-н тухай юм.

1990-ээд онд найруулагч Балжинням “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авч байх үед төгсөх курсын залуучууд дадлага хийхээр талбайд очиж. Үеийн залуус бүгд л баатрын хувцас өмсөж давхиад найруулагчийн нүдэнд торчих санаатай гүйлдэж явж. Н.Онон ч найруулагчийнхаа нүдэнд торж. Гэхдээ “Та нар эмэгтэй хүнд баатрын хувцас өмсүүллээ” гэж түүнийг занган зандарсан байна. Улмаар Н.Онон тэр үгний эсэргүүцэл болгож ийнхүү “жинхэнэ” эмэгтэй болж хувирчээ. Гавьяат маань энэ тухайдаа “Амараа гэдэг найз маань энэ зургийг оюутны байранд тавьчихаад бусдадаа би ийм охинтой танилцсан гэж хэлж л дээ. Гэтэл өнөө хэд нь ямар “язга” буюу янзын сайхан охин бэ гэж хэлсэн гэдэг” хэмээн нэгэн нэвтрүүлгээр хуучилжээ.

Түүнийг бодит амьдрал дээр байгаагаар нь л эмэгтэй гэж андуурах үе ч амьдрал дээр олон гардаг байж. Жишээлбэл, “Эгч ээ ард чинь очер захья” гэж хэлдэг үе олон гарсан тухай дурсан ярьжээ. Ер нь ч, жүжигчин Онон нас тогтсон эмэгтэйн дүрийг олон удаа бүтээж, хошин урлагийн тайзнаа тоглосон билээ.

Н.Ононг жүжигчнээр төгсөх үе нь Монголын нийгмийн шилжилт, ороо бусгаа үе тохиолдсон. Мөн энэ үеэр Г.Батзаяа болон түүний нөхдийн эхлүүлсэн Монголын хошин урлаг хүчээ авч байлаа. Олон жүжигчин энэ үйл хэрэгт нэгдэж байсны дотор “Х-Түц” продакшн ч мэндэлсэн.

Тэрбээр “Х-Түц” продакшны захирлын албыг хашдаг. Энэ продакшнаар дэлгэцийн, тайзны, драмын олон жүжигчин дамжин гарсан байдаг. “Аглуу” энтертайнмент, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн гээд нэгэн үе хамт тоглодог байсан жүжигчид тусдаа гарчээ.

Зурагт: Л.Баттулга, Ж.Мөнхсайхан, Ж.Оюундарь, Н.Онон, Б.Одончимэг, П.Эрдэнэзаан.

Гавьяат Н.Онон багаасаа хурдан морь унаж, морь уях ажилд ойр өссөн гэдэг. Тэр ч утгаараа жүжигчин болсон хойноо ч улсын наадамд шандаст хүлгээ сойж, азарга насанд айрагдуулж явсан удаатай. Өөрөө ч моринд чадмаг хэвээрээ шүү гэдгээ “Аравт” кинонд харуулсан билээ.

Түүний гэр бүл ам бүл тавуулаа. Эхнэр Б.Сарансүх нь Эдийн засаг, Нягтлан бодох, Бизнесийн удирдлага, Хуулийн чиглэлээр дөрвөн ч дээд сургууль төгссөн, боловсролтой эмэгтэй бий. Гурван хүүхдийн том нь Сүндэр хэмээх охин. Н.Онон өөрөө нэрийг нь өгчээ. Харин дараагийн хүү Санчир, бага охин Сондорын нэрийг ээж нь өгсөн гэнэ.

Зургийн тайлбар: Хамгийн бага О.Сондор охин зүүн талаас 2015 он, 2018 он, 2020 он.

Н.Ононгийн фэйсбүүк хаяг нь Nanjid Onon, харин пэйж хуудас нь Жүжигчин Онон /албан ёсны page/ гэж бий. Харьцангуй идэвхтэй хөтөлдөг жүжигчин билээ.

“Аравт” кино 2012 онд гарсан. Монголын болон Өвөрмонголын уран бүтээлчид хамтран Чингис богд эзний их цэргийн нэгэн аравтын дүрийг бүтээсэн уг кинонд МУГЖ Н.Онон тогоочийн дүр бүтээдэг. Эелдэг зөөлөн зантай эрийн дүрийг бүтээдэг нь эгээ л амьдрал дээрх Ононгийн дүр гэлтэй.

Тэрбээр сүүлийн хэдэн жил авто машины хэрэглээгээ багасгахыг бусдад үлгэрлэх болсон. Нэг хэсэг алхаж явдаг байсан бол сүүлийн үед унадаг дугуйнаасаа салахгүй байгаа нь пэйж хуудаснаас нь харагдана. Унадаг дугуйтай Улаанбаатарыг бүтээхэд өөрийн оролцоогоо зориулж буйд нь талархмаар.

Соёлын тэргүүний ажилтан Н.Онон 2008 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс Алтан гадас одон хүртэж байлаа. Харин 2020 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол хүртсэн нь хошин урлаг үздэг, жүжигчдэд хайртай бүх хүнд баярт мэдээ байлаа. Түүнтэй хамт “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан мөн гавьяат болсон нь давхар баяр болов.

Зургийн тайлбар: Тайзны хамтрагч МУГЖ Л.Баттулгатай баяр хөөрөөр дүүрэн, Төрийн ордноос гарч ирэх торгон мөчийг буулгасан гэрэл зурагчин Б.Уугансүх /MyMongolia.mn/-ийн зургийг эвлүүлгэнд ашиглав.

Гавьяатын гарын хоёр хуруу нь боолттой байгаад цөөнгүй хүн гайхаж байв. Өнгөрсөн сард тэрбээр хоёр хурууныхаа гол шөрмөсийг гэмтээсэн бөгөөд ГССҮТ-д хэвтэж, эмчлүүлсэн аж. Өөрөө энэ тухайгаа “Сэргээш-3” дээр бүтээсэн дүр маань “ороох” нь уу дээ хэмээн хошигножээ. Уг дүр нь “Тракторын гинжинд нэг хуруугаа тасалчихлаа, гэхдээ ажиллана аа. Цаана нь есөн хуруу байна” хэмээн хэлдэг билээ. Түүний пэйж хуудсаар зочлоорой.

Зургийн тайлбар: МУГЖ Н.Онон 2016 онд "Хурууны хээ" ток шоунд оролцож байжээ.

Гарцаар гарч байсан таван настай охин мөргүүлж амиа алджээ
Гарцаар гарч байсан таван настай охин мөргүүлж амиа алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.