Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын 8 гишүүн, 5 аймгийн Засаг даргыг эгүүлэн татах нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 30 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тун удахгүй шүүхээр оруулахаар ярилцаж байна. Мөн УИХ-ын болоод МАН-ын дарга асан М.Энхболдыг “60 тэрбум”-ын хэргээр сэргээн шалгаж эхэлснийг хэвлэлүүд мэдээлсэн. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын 8 гишүүнийг эргүүлэн татах асуудлыг энэ 7 хоногоос ярьж эхлэх гэж байна. Эхний ээлжид эргүүлэн татагдаж магадгүй нөхцөлд ороод байгаа УИХ-ын зургаан гишүүний тухай ордноор нэг ярьж байгаа аж.

  1. МАН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдод иргэний хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ: Сонирхолтой нь, түүнийг гадаад орны тагнуулын байгууллагын мэдээллээр шалгаж эхэлсэн гэж эх сурвалж тайлбарлав. Яагаад гадны тагнуулын байгууллага монголын иргэнийг, тэр дундаа нэр нөлөө бүхий улс төрчийг удаан хугацаанд мөрдөж мөшгөсөн, тэр бүү хэл матаасны мэдээллийг монголын хуулийн байгууллагад шилжүүлсэн байх вэ? Түүнийг нь үндэслэн хуулийн байгууллага хэрэг үүсгэсэн гэдэг нь нэлээд анхаарал татсан асуудал болно. Эх сурвалжийн мэдээлснээр С.Баярыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан ялласан шиг С.Батболдыг ч гэсэн Оюутолгойн асуудалтай холбогдуулан буруутгаж байгаа гэнэ. Энэ мэдээлэл үнэн бол С.Баяр, М.Энхболд, С.Батболд гээд МАН-ын нэгэн үеийн гурван дарга хуулийн байгууллагын хаалга татах нь байна. Уг нь С.Батболдыг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг гэж улс төр судлаачид үзэж байсан нь талаар болж, жагсаалтаас гарлаа.
  2. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг оффшор дансны асуудлаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлэв. Чухам ямар асуудлаар нь хэрэг үүсгэснийг хуулийнхан нууцалсан бөгөөд энэ онд багтааж УИХ-д оруулахаар бэлтгэж эхэлсэн гэх “бор шувуу” төрийн ордноор нисэлдэж эхлэв. Гэвч зарим эх сурвалж Б.Дэлгэрсайханыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай тун ойрхон нэгэн бөгөөд шалгагдах үндэслэлгүй гэдэг талаас нь ч тайлбарлаж байна.
  3. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хийгээд Х.Болорчулуун. Өнгөрсөн жилээс эхлээд л Монголын нөлөө бүхий сайдыг 10 сая ам.долларын асуудалтай холбож ярих болсон. Үүний араас хэвлэлүүд эрэлд гарсан ч нэрийг нь зааж чадахгүй байлаа. Тэгвэл эрчим хүчний нэгэн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун хоёрыг шалгах болсон нь өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхлэв. Удахгүй энэ асуудал үнэн эсэх талаар хуулийнхан мэдээлэл хийх байх. БНХАУ-ын компанийн хэрэгжүүлсэн эрчим хүчний төсөлтэй холбогдуулан ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд, үнэлгээний хорооны гишүүдийг хуулийнхан анхааралдаа авч эхэлжээ.
  4. УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг гадаадын иргэн гэдгийг тогтоосон уу? Ээлжит дуулианы эзнээр Г.Амартүвшинг тодруулах бололтой. Түүнийг удаан хугацаанд гадаадын иргэн гэж цоллосоор ирсэн. Бас хамтран амьдарч байсан гадаад эмэгтэй нь нэгэн улсын консулын газарт ажилладаг ч гэж шуугисан юм. Тэгвэл Г.Амартүвшинг гадаадын иргэншилтэй гэдгийг нотлох баримтуудыг цуглуулж, асуудал тавих бололтой. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Монголын парламентад хууль батлах ажилд гадаадын харьяат сууж байгаа гэх асар ноцтой асуудал босч ирэх нь гарцаагүй билээ. Үүнтэй зэрэгцээд Баян-Өлгий аймгаас сонгогдсон Т.Аубакир гэх хүнийг ч Казакстан улсад удаан хугацаанд амьдарсан гэдэг асуудлаар нь хуулийнхан анхаарал хандуулан, ажиглах болсон байна.
  5. ЖДҮ зээл авсан эмэгтэй гишүүн хэн бэ? Нэрийг нь оруулж ирэх гэж байгаа гэнэ. Өнгөрсөн жил УИХ-ын нэлээд олон гишүүн хөнгөлөлттэй зээлийн асуудалд орооцолдож, зарим нь ял авсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний үйлдэл тогтоогдож байгаа бололтой. Одоохондоо түүний нэрийг АТГ нууцалж байгаа аж. Удахгүй УИХ-д оруулаад ирэх нотлох баримтууд авагдсан юм байна.
  6. Дээрх гишүүдээс гадна У.Хүрэлсүхийн танхимд өмнө нь ажиллаж байсан, одоо УИХ-д сонгогдчихсон нэгэн гишүүнийг хуулийнхан сонжиж эхэлсэн аж. Юуны тухай гэдгийг нь задлахад эрт байна. Бас Хятадуудтай хамтарч компани байгуулж байсан өөр нэгэн гишүүний асуудлыг ч ярихаар баримт материалыг багцалж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлсэн. Энэ бүхнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зохион байгуулалттайгаар гаргаж МАН-ыг хүнд байдалд оруулах нарийн төлөвлөгөө боловсруулагдсан гэсэн яриа төрийн ордноор тархаж байгаа юм.

АТГ-аас шалгаж эхэлсэн 5 аймгийн дарга хэн бэ?

АТГ-аас МАН-ын харьяалалтай хэд хэдэн аймгийн Засаг даргын асуудалд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Сонгуулийн өмнө Өвөрхангай аймагт “Цензургүй сурвалжлага” хийгдэж Засаг дарга Г.Ганболдыг камерын өмнө улалзуулсан. Энэ нэвтрүүлгийн араас АТГ гүнзгий орсон байна. Тэгэхээр тухайн үеийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Г.Ганболдын асуудлыг ч хуулийнхан оруулж ирэхээр ажиллаж байгаа гэнэ. Тэр нь үнэн бол гишүүдийн тоо бас нэгээр нэмэгдэнэ.

Орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллаж Засаг дарга Ц.Мөнхнасанг ард иргэдийнх нь өмнө элдвээр цоллосон гэж яригдсан. Тэгээд л Архангай аймгийн сонгуульд МАН ялагдсан юм. Тэгвэл АТГ-ынхан Архангайн засаг дарга Ц.Мөнхнасанг ч овоо хараандаа авчээ. Дараагийн Засаг дарга бол Хөвсгөл аймгийн Л.Ганболд ажээ. Олон асуудлыг нь АТГ баримтжуулж, багцалж боосон тухайгаа МАН-ынханд дайсан юмсанж.

Ингээд МАН-ын орон нутгийн дарга нараас нэр нь мэдэгдэж байгаа Г.Ганболд, Ц.Мөнхнасан, Л.Ганболдоос гадна өөр хоёр ч аймгийн Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэдний нэр одоохондоо нууц байна. Ил тод болж ирэх нь цаг хугацааны л асуудал.

Ингээд дүгнээд үзэхэд МАН-ын нэр нөлөө бүхий улс төрчдөөс эхлээд орон нутгийн удирдлагуудыг ч хэрэгт хутгаж, хүнд байдалд оруулах асуудал энэ долоо хоногоос яригдаж эхэллээ. Энэ бүхэнтэй МАН-ынхан эвлэрээд нэг, нэгээрээ аавын хаалга татаж, шоронд намаа байгуулах уу эсвэл 100 жилийн түүхтэй нам шиг улс төрийн тэмцэл өрнүүлж, даван гарах уу гэдэг том сорилтын өмнө ирээд байна.

О.Цагираг

 

 

"Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал" цахим хурал боллоо
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.