Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батгэрэл: Олимпын гурван эрх нэмж авсан, багийн төрлөөр олимпд оролцох боломжтой болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 57 секунд
Ковид-19 цар тахлын улмаас энэ онд болох байсан олимпын наадам хойшлогдож, олон улсын хэмжээний спортын наадмуудыг түр зогсоосон. Тэгвэл өнгөрсөн сард Унгарын Будапешт хотноо жүдогийн Гранд слам тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд манай улсаас 26 тамирчин, 3 багш дасгалжуулагч оролцсон бөгөөд тэд одоо эх орондоо ирж, тусгаарлалтад байгаа билээ. Олимпын оноо олгосон тус тэмцээнээс манай багийнхан 1 мөнгө, хоёр хүрэл, 2 шагналт V байр эзэлсэн амжилтаар 61 орноос 10 дугаар байрт шалгарлаа.
Тэмцээний талаар багийн дасгалжуулагч багшаар яваад ирсэн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батгэрэлтэй холбогдож тодрууллаа.

-Хэсэг хугацаанд завсарласны эцэст жүдочид маань дэлхийн хэмжээний тэмцээнд оролцоод ирлээ. Энэ хугацаанд бэлтгэлээ таслаагүй гэдгийг сая гаргасан амжилт илтгэх биз ээ. Ямарваа тэмцээнд явахдаа амжилтаа төлөвлөдөг. Тэгвэл төлөвлөсөн амжилтдаа хүрч чадав уу?

-Манай жүдо бөхийн үндэсний шигшээ баг энэ зун огт бэлтгэлээ таслаагүй. Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Champions” бааз дээр 21, 30 хоногийн хоёр удаагийн цугларалтад гарсан. Мөн тамирчдаа тэмцээний уур амьсгалаас холдуулахгүй, тэмцээнээс төсөөрүүлэхгүй байх үүднээс наймдугаар сараас эхлээд сар бүр дотооддоо тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд явсан зорилго маань амжилттай биелсэн гэж бодож байгаа.

-Их дуулгад явсан тамирчдыг ямар шалгуураар сонгосон бэ?

-Их дуулгад явсан тамирчдыг сонгохдоо олимпын оноо дутуу, олимпын эрх авахад ойрхон байгаа тамирчдаа сонгосон. Мөн залуу тамирчдаа сонгосон нь том тэмцээнд оролцуулж, туршлага суулгах зорилготой байсан.

-Тамирчид корона вирусийн халдвар авах онцгой эрсдэлтэй орон руу зорчсон учраас сэтгэл зүйн бэлтгэл хийх шаардлага гарсан байх. Үүн дээр хэрхэн анхаарч байсан бэ?

-Корона вирус тархсан улс руу явж байгаа учраас хувийн ариун цэврээ маш сайн сахисан. Тэмцээн зохион байгуулж байгаа газар маань өндөр дэглэмээр ажиллаж байсан. Явахаасаа өмнө хоёр удаа шинжилгээ өгч, хил нэвтэрсэн. Буудалдаа буусан өдрөө дахин нэг удаа шинжилгээ өгөөд, 24 цаг өрөөндөө тусгаарлагдаж байгаад маргааш нь сөрөг хариу гарахад нь бугуйвч зүүж өгсөн. Түүнийг нь зүүсний дараа буудал дотроо явж, хоол идэх, бэлтгэлийн зааланд очих зэргээр чөлөөтэй явах эрхтэй болсон. Түүний дараа тэмцээний өмнө дахин шинжилгээ өгсөн. Нийтдээ дөрвөн удаа шинжилгээ өгсөн. Буудлаасаа дураараа гарахгүй, тэмцээн рүү нэгдсэн журмаар автобусаар яваад, буцаад нэгдсэн журмаар автобусандаа суугаад буудалдаа ирж байсан. Гадны хүнтэй холбоо тогтоох ямар ч боломж байгаагүй. Өндөр хяналт дор тэмцээн зохион байгуулагдсан учраас тамирчдын сэтгэл зүй ч гайгүй байсан.

-Унгар улсад саяхан хөл хорио тогтоочихлоо. Корона вирусийн тархалт нэмэгдсэнтэй холбоотой. Тэмцээний үеийн зохион байгуулалт ямар байсан бэ?

-Тэмцээний зохион байгуулалт маш өндөр, сайн зохион байгуулалттай явагдаж байсан. Унгарт тамирчдаас хоёр удаа шинжилгээ авч, сөрөг гарсныг нь баталж байж тэмцээнд оролцох, барилдах эрхийг өгсөн.

-Тэмцээний үеэр тамирчдад ямар шаардлага тавьж байв?

-Заалнаас гарч орох үед халуун хэмжээд гар ариутгаж, маскаа зүүхийг сануулж байсан. Багш нарыг маскаа авч болохгүй, тамирчид дэвжээн дээр л маскаа тайлж болно гэсэн дүрмээр ажилласан.

-Өмнө нь олон улсын тэмцээн бүрийн дараа хамтарсан бэлтгэл хийдэг байсан. Энэ удаа тэмцээндээ оролцчихоод л эргээд нисээд ирлээ. Олон улсын дэвжээн дээр гарч жингийнхээ алдартнуудтай барилдахгүй удахаар барилдааныг нь мартах тохиолдол гардаг. Энэ удаа тийм зүйл ажиглагдсан уу?

-“Хүннү эйр”-ийн онгоцоор нисээд, буцаж ирсэн. Залуу тамирчдын хувьд туршлага дутсан зүйл ажиглагдсан. Бусдаар бол гайгүй. Унгар улсын шигшээ баг манай багт “тэмцээн дууссаны дараа 3-5 хоног хамтарсан бэлтгэл хийгээч ээ” гэсэн санал тавьсан. Манай тал татгалзсан хариу өгөөд, тэмцээнд дуусгаад л буцаад ирсэн.

-Сая болсон их дуулгын оноо олимпын эрх авахад хэрхэн нөлөөлөх вэ?

-Будапештийн Гранд слам бол олимпын оноо өгөх тэмцээн байсан. Тиймээс манай шигшээ багийн зорилго олимпын оноогоо урагшлуулах байсан. Тэр зорилгодоо хүрч Алтанбагана, 60 кг-ын жингийн тамирчин Өнөрболд нар олимпын бүс рүү албан ёсоор орсон. 78 кг-ын жингийн Мөнхцэцэг маань улсын квотод эрхээ авсан болохоор олимпын наадамд багийн төрлөөр оролцох эрх нээгдсэн.

-Хөл хорионд 21 хононо. Нөхцөл байдал ямар байна вэ?

-21 хоногийн тусгаарлалтад бид нар Жаргалантын аманд Жаргалант сувилалд тусгаарлагдаж байгаа. Энэ сарын 16-нд тусгаарлалтын хугацаа дуусна. Энд байх хугацаандаа тамирчид маань бүгд өрөө өрөөндөө бэлтгэлээ хийж байгаа. Гэрээсээ кимоно, гир, резин зэрэг туслах материалуудаа авч ирүүлээд боломжоо бэлтгэлээ хийж байгаа.

-Таны хувьд Хонконгт дасгалжуулагчаар ажиллаж байсан. Монголын шигшээ багт ирж ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Манай жүдочид амжилтаа ахиулахын тулд юу хийх шаардлага байна гэж та харж байгаа вэ?

-Хонконгоос ирж ажиллаад бүтэн нэг жил 2 сарын хугацаанд ажиллалаа. Залуу тамирчид маань илүү өөртөө итгэлтэй, дайчин байж чадвал илүү хурдан олон улсын хэмжээнд танигдаж, амжилт үзүүлэх байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. Танай сайтаар дамжуулан Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд З.Батбаяр ахад бидэнд туслаж дэмжсэнд маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. 

Ярилцсан: Б.Цэдэвсүрэн

Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барина
Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барина
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.