Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханиаданд “тонгоруулсан” Ерөнхийлөгч

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 46 секунд

Гэрэл зургийг Getty Images-ээс ашиглав

-БАЙДЕНИЙ ТАЛААС НО ОЛДОХГҮЙ-

АНУ-н сонгууль дуулиан, шуугиантай өндөрлөв. Өндөрлөв ч гэждээ. Трампийн тал хууль, шүүхийн байгууллагаар нэг хэсэгтээ явж, гомдлоо тайлах бололтой. АНУ-д Монголтой адилхан санал худалдаж авах, сонгогчдыг бөөнөөр нь зөөх, “тог таслах”, мөнгө тараах гэх мэт зүйл гардаггүй учир үндсэндээ Байдений талаас “но” олдохгүй. 1-2 сарын хугацаанд тус улсын 50 муж санал асуулгынхаа баталгаажуулсан эцсийн батламжийг гаргаж өгсөнөөр энэ асуудал бүрэн шийдэгднэ.

-ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ АМЖИЛТ-

Харин Трамп энэ зуур учраа нэг л олохгүй, олон түмэндээ шившиг болох янзтай явна. Трампийг дэмжиж 70 сая гаруй хүн саналаа өгсөн нь түүхэнд нь гараагүй амжилт байлаа. Өмнө нь ерөнхийлөгчийн албыг ид хашиж яваа ерөнхийлөгчид ийм өндөр тоогоор санал өгч байгаагүй. Трамп хичнээн дээрэнгүй, олныг хагалан бутгаргасан, цагаачдыг ялгаварлан гадуурхасан, олон улсад ээлгүй бодлого баримталсан ч дэмжигчдийнхээ дунд асар өндөр рейтингтэй байсан нь харагдав.

-АРДЧИЛСАН НАМЫН СУНГАА 28 НЭР ДЭВШИГЧТЭЙ ЭХЭЛЖ БАЙСАН-

2020 оны эхээр, Ковидийн сураггүй байхад Трампийн нөхцөл байдал түүний талд өндөр байсан. Обамагийн үеэс сэргэсэн эдийн засаг нь хамгийн сайн дээрээ ирж, ажилгүйдлийн тоо маш бага түвшинд хүрч, Дөу Жонс, Насдак-ийн бүлэг хувьцаанууд өндөр дүндтэй гарч, тэрбээр ирэх сонгуульд төвөггүй ялах дүр зурагтай байсан. 2019 оны оны 6-р сард АН-ын ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сунгаа эхлэхэд түүхэнд нь байгаагүй олон тооны буюу 29 хүн нэрээ дэвшүүлсэн билээ. Энэ нь Ардчилсан нам дотор Обама шиг бусдыгаа илт манлайлахуйц лидер нэр дэвшигч байхгүйг харуулж байв. Арай гайгүй нь 2016 онд Хилларийг сандаргасан Берни Сандерс, нөгөө нь Жой Байден. Берни хэт зүүний үзэлтэй, Жой бусдаасаа хамгийн өндөр настай, мөн дээр нь өмнө нь хоёр удаа ерөнхийлөгчийн сунгаанд оролцоод бүтэлгүйтсэн. Трампийг эсэргүүцэгчид “яандаа” хэмээж байсан үе. 

-ТРАМП АМНЫ ХААЛТ ЗҮҮХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН-

Гэтэл 2020 оны эхээр тус улсад Ковид-19 орж ирэв. Трамп нэгдсэн улсынхаа хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээ авахын оронд эхэндээ цар тахлын хор хөнөөлийн талаар иргэддээ зориуд дарж мэдээлж байсан нь өнгөрөгч 9-р сард хэвлэгдсэн, нэрт сэтгүүлч Боб Вүүдвардын “Хилэн” хэмээх номноос тодорсон. Утсаар Бобтой ярьж буй бичлэг нь Трамп иргэдээсээ мэдээлэл нууж байсныг нь баталсан юм. Энэ улсын хувьд олон түмний мандатыг авч гарсан лидерийн хувьд санаанд багтамгүй зүйл л дээ. Улмаар Ковид-19-тэй хатуу тэмцэж эхэлсэн мужуудын удирлагуудтай улаан цайм, ил тодоор тэрсэлдэж, хөр хориог нь шүүмжилж, үйл ажиллагаагаа хэвийн болгохыг шаардаж байв. Зарим мужийн захирагч нарыг “зайлуулах” хүртэл суртал ухуулга явуулсаны дүнд Трампийн талыг баримтлагч сайн дурын зэвсэгт бүлэглэл Мичиган мужийн амбан захирагчийг хулгайлах хүртэл оролдлого гарав. Холливуудын кино лугаа адил. Трампийн олныг хамгийн гайхшруулсан алхам нь амны хаалт зүүхийг нэг хэсэгтээ эрс эсэргүүцэж байсан явдал. Хугацаа их алдсан гэсэн үг. Сүүлдээ өөрөө ч өвчлөв. Ерөнхийлөгчийн  санал асуулга нь эхэлдэг 11-р сарын 3-ны тэр өдөр Ковид-19-туссан хүний тоо АНУ-д хамгийн өндөрт хүрч, 123,000-ийг давсан билээ.

Энэ зуур Байдений нэр, нөлөө улам нэмэгдэв. Түүнийг улс төрийн тогоонд хэт удаж, 49 жил чанагдаж шүүсгүй болсон хэмээн эсрэг тал нь шүүмжилж байсан бол сүүлдээ төрт, хууль ёсны тогтолцоонд тогтвортой, тууштай олон жил ажилласан нь давуу тал нь болж ирэв. Обамагийн үед эдийн засгийг сэргээх болон байгалийн гамшиг, халдварт өвчинтэй тэмцэх олон ажлын хэсгийг амжилттай ахалж байсныг дурсав. Ковидийн тархалтанд бүрэн бууж өгсөн төр засгаа Трампаас аврах цор ганц найдвараар  Байденийг тооцож эхлэв. Түүний рейтэнг тасралтгүй өсөв.

-ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР-

Барак Обамагийн ахлах зөвлөх асан Дэвид Акселродын 11-р сарын 7-нд хэвлүүлсэн “Яагаад Трамп ялагдав” тоймд бичсэнчилэн хэрэв Трамп ард иргэддээ жаахан ч гэсэн санаа зовсон дүр эсгэж, тэр бүү хэл Ковидоор өвчилж босож ирснийхээ дараа арай тоймтой арга хэмжээ авсансан бол энэ сонгуульд ялах магадлалтай байсан нь сонгуульд хичнээн олон хүн түүний төлөө саналаа өгсөнөөс харагдсан юм. Трамп дахиж гарах нь уу даа хэмээн олон хүний "хүйтэн хөлс чийхрав." Эхэлж СNN, дараа нь Америкын гол, гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Байденийг сая ялагчаар зарлаж эхэлсэн тэр цаг мөч дор Трамп Нью Жерси мужид ганцаараа гольф тоглохоор ирж байв.

Үйлийн үр гэж энэ бололтой. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг.  Дэлхийн хамгийн хүчирхэг албан тушаалыг хашиж байгаа, цаашдаа ч дөрвөн жил ноёрхох боломжтой байсан ноён Трамп ийнхүү өөрийн зөрүүд зангаасаа болж Ковид-19-т тонгоруулсан ерөнхийлөгч болжээ. Нэг цар тахлаас болж дэлхийн хамгийн хүчирхэг улс дотроо хичнээн айхавтар сандарч, улс төрийн тогтвортой байдал нь ганхаж болдогийг Орос, Хятад зэрэг амбицтай улс орнуудад харуулсан сонгууль болж өнгөрөв. 

Манай улсын жүдочид 12 жин, багийн төрөлд олимпын эрх аваад байна
Манай улсын жүдочид 12 жин, багийн төрөлд олимпын эрх аваад байна
 
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.