Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронатай Монгол - Эхний өдөр

Ангилал
COVID-19
Огноо
Унших
11 минут 55 секунд

Дэлхийг цочроосон цар тахал манай улсад анх яг найман сарын өмнө буюу 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн. Гэвч анхны тохиолдол гадаадаас ирсэн иргэнээс илэрсэн тул тусгаарлаж, эмчилсэн. Үүнээс хойших тохиолдлууд үүнтэй адил замаар эмчлэгдэж, тусгаарлагдаж, дотооддоо халдвар тараагаагүй. Гэтэл урд шөнө уг вирусийн халдварыг дотооддоо алдсан тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосноор бид корона вирус тархсан улсуудын тоонд албан ёсоор орлоо. Дэлхий нийтийг гэнэт л нөмрөөд авсан аюулт өвчинтэй монголчууд нүүр туулахаас өмнө бэлэн байдалд шилжих найман сарын хугацаа байсан гэсэн үг. Цар тахал манай улсад тархах нь цаг хугацааны асуудал байсан. Тэгвэл найман сарын хугацаанд бид хэрхэн бэлтгэгдсэн бэ. Ирэх аюулд бэлэн байсан уу. Эдгээр асуултад хариулт авахаар сурвалжилга бэлтгэлээ.

"ХҮЧИТ ШОНХОР"-ЫГ ДАЙЛААР МОРДСОН ӨГЛӨӨ 

Өглөөг эхлүүлж ээжээс ирсэн дуудлага “Дотооддоо корона вирус алджээ. Сургууль цэцэрлэг гурван хоног карентилагдана гэж байна шүү” гэх мэдээг дуулгав. Нойрмог байсныг ч хэлэх үү. Нэг л харамсал төрж жаахан хэвтлээ. Энэ их мөнгө төгрөг зарцуулж, хамгаалчхаад яахаараа алдчихдаг юм бэ гэсэн бодол бүр толгойноос салдаггүй. Урд шөнө 23 цаг өнгөрүүлээд унтах үед ““Энх саран” сувилалд тусгаарлалтын горим алдагдсан учраас тэнд байсан иргэдийг ХӨСҮТ рүү шилжүүлж байна” хэмээн ЭМЯ-наас мэдээлснийг санаад сошиалд орлоо. Үнэхээр тусгаарлалтын горим алдагдсанаас “хэцүү нэрт” хаалган дээр иржээ.

Алтанбулагийн боомтоор орж ирээд, тусгаарлалтад 21 хоносон тээврийн жолоочоос корона вирус илэрсэн. Тухайн иргэн өнгөрсөн сарын 16-нд хилээр орж ирж, тусгаарлагдаад энэ сарын 05-ны өдөр гэртээ харьсан. Үүнээс хойш долоо хоног гадуур явсан. Мөн түүний эхнэрээс вирусын халдвар илэрсэн. Ойрын хавьтлын хүмүүсийг нь олж шинжилгээ хийж, тусгаарласан. Гэвч залуу нийтийн тээврээр зорчсон, зохиолын дууны тоглолт үзсэн зэрэг мэдээ илүү хүндээр тусав. Залуу болон түүний эхнэрийн явсан маршрутыг хараад өөрийнхөө хаагуур явснаа эргэн санах шиг...

Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон учраас замын хөдөлгөөн сийрэг аж. “Хүчит шонхор” захыг зорилоо.

Өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өглөө үүрээр нөхрийн утас тас хийтэл дуугарч, нойр сэргээгээдхэв. Хадам эгч залгаснаа “Манай улсад нөгөө корона чинь ороод иржээ. Одоо бос бос. Байгаа мөнгөөрөө мах шөлөө бэлд. Би Хүчит шонхор зах руу явах гэж байна” гэж бачуу хэлснээ утсаа тасалчихсан. Хар үүрээр, дөнгөж нойрноос сэрсэн учраас эгчийн хэлснийг хагас дутуу ойлгосон ч бэлэн мөнгө байгаагүй учраас тэгсхийгээд л өнгөрсөн. Тэгэхэд том супермаркетуудын 00 цаас, талхны лангуу хоосорч, мах, гурилын үнэ өссөн билээ.

Ингэж корона орж ирсэн хэмээн сандарч, нэг удаа “сургуулилалт” хийсэн ард түмэн маань одоо хэрхэн хандах нь вэ гэдгийг сурвалжлахаар “Хүчит шонхор” зах руу явж буй минь энэ. Захруу очих бүх зам ачаалалтай, цагдаа нар зохицуулж байв. Захад хөл гишгэх зайгүй. “Махны үнэ нэмэгдээгүй ээ” хэмээн зарим худалдагч хэлэх ч 500-1000 төгрөгөөр өсжээ. Үүнийгээ тэд “Хөдөлгөөн хаагаад, мах орж ирэхгүй байна. Байгаа махаа л зарж байна” хэмээн тайлбарлав. Гэвч нийслэл рүү орж ирэх хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Гарах хөдөлгөөнийг л хязгаарласан. Мөн “Зохиомлоор үнээ нэмсэн бол анхааруулга өгөхгүйгээр 20 сая хүртэл төгрөгөөр торгоно” хэмээн ШӨХТГ-ын дарга мэдэгдсэн.

Мах авах гэсэн бужигнаан дундаас гулууз мах авах бол үнэхээр “алаан”. Зарим сүйхээтэй нь хоёр, гурваар нь ч авсан байх нь харагдана. Ийш тийшээ гулууз мах мөрлөн гүйх хүмүүс... Зарим нь махныхаа өрөөсөн талаас шуудай угласан байх ч, зарим нь бүр нүцгэнээр нь л өргөж яваа харагдана. Нөгөө халдвар, хамгаалал энд үнэндээ алга. Тэр ч бүү хэл махаа булаацалдан гар зөрүүлээд хүртэл амжсан. Тэнгэрлэг монголчууд минь махтайгаа байхад болно доо гэсэн шиг “Хүчит шонхор”-ыг дайлаар мордож байна.

СУРАГЧ: ЭМЭЭГИЙНДЭЭ ОРЪЁ

УОК-оос бүх шатны сургууль, цэцэрлэгийг гурван хоног хаах шийдвэр гаргасан. Дэнжийн мянгаас уруудаж байхад цүнхээ үүрсэн хэд хэдэн хүүхэдтэй таарлаа. Тэдний нэгээс хаашаа явж буйг нь асуухад “Өглөө фэйсбүүк ухаж байгаад сургууль орохгүй гэдгийг мэдсэн. Одоо бол эмээгийнхрүүгээ орох гээд явж байна” гэсэн юм.

АВТОБУС ЯВАХГҮЙ, ЮУГАА ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА ЮМ БЭ 

Хөл хорионы дэглэм тогтоож, нийтийн тээврийг өглөө 06-10 цаг, орой 17-21 цагийн хооронд зорчуулахаар УОК-оос шийдвэрлэсэн. 10:30 цагийн үед хотын төвийн автобусны буудлууд дээр хүмүүс олноор байв. Автобус ирэх зүг рүү хошуурч зогсох эдгээр хүмүүс мэдээлэл хараахан авч чадаагүй болов уу. Түүнээс хүйтний улирал эхэлсэн энэ үед өглөөгүүр гадаа удаан зогсоход жиндэхээр.

Хүнгүй автобуснууд хүн ачихгүй давхиж өнгөрөхөөр автобусны буудал дээрх хүмүүс гайхаж, араас нь хараад үлдэх аж. Таван шарын автобусны буудлаас Нисэх рүү жижиг тэрэг 2000 төгрөгөөр хүн ачиж байхтай таарлаа. Уг нь автобус ачаалалтай, зогссон үед л ингэж “халтуурчид” ажилладаг сан. Гэтэл УОК-ийн шийдвэр тэдэнд өдрөөр ажиллах боломж олгожээ.

“Нисэх рүү 2000” хэмээн орилох жолооч залуутай нэг хижээл насны эр ам зөрлөө. Тэрбээр “Ямар үнэтэй явдаг юм чи” гэхэд “Архиа 10 мянгаар аваад уудаг биз дээ” хэмээн жолооч залуу хэдэрлэв. Хижээл эр “Автобус чинь ард түмнээ зөөхгүй алга болчихлоо” хэмээн уурлана. Гэвч хижээл эр нисэх орох гэж такси барьснаас 2000 төгрөг төлөөд явсан нь хямд тул өөр сонголтгүй, дэмий л уурлана.

12:00 цагийн үед автобусны буудлууд дээрх хүмүүс цөөрөөгүй л байв. Зарим газар буудлын сандал дээр тухлан хүлээх хүмүүс ч байсан. Гэвч тэд орой болтол хүлээхгүй нь тодорхой...

ГЭРТЭЭ ОРМООР БАЙНА

Баруун аймгууд руу зорчдог 22-ийн товчоог зорилоо. Нийслэлд халдвар тархсан учраас гарах хөдөлгөөнийг хаасан. Орон нутгаас нийслэл рүү ороход хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа.

Нийслэлийн байгаль орчны газар, Замын цагдаа нар хамгаалалтад гарч, УОК-ийн шийдвэрийг хангуулж байна. 11:30 цагийн үед очиход таван ачааны том машин, 10 гаруй суудлын тэрэг хотоос гарах чиглэлд дараалал үүсгэн зогсжээ. Гэвч тэднийг гаргахгүй.

Хамгаалалтад гарч байгаа алба хаагчдыг ахалж буй Цагдаагийн алба хаагчаас ярилцлага авах гэсэн боловч “Сая дөнгөж УОК-ийн шийдвэр гарч, мэдээлэл өгч болохгүй гэсэн” гэв. Ийнхүү ярилцаж зогстол нэгэн эмэгтэй “Гэртээ ормоор байна. Тэнд хүүхэд уйлаад хэцүү байна” хэмээн чанга дуугаар загнасаар хүрээд ирлээ.

СХД-ийн 32 дугаар хороо буюу 22-ийн товчооны арын гэр хороололд эмэгтэй амьдардаг байна. Өчигдөр орой гэрээсээ гарсан. Хот орчиход өглөө иртэл гарах хөдөлгөөнийг хаасан байсан. Эмэгтэй гэртээ орох боломжгүй болжээ.

Түүнтэй адил өгүүлэмжтэй цөөнгүй хүн байв. Эмээлтэд амьдардаг нэгэн эмэгтэй “Өглөө 6:30 цагийн үед хүүгээ цэцэрлэгт хүргэх гэж товчоогоор орсон. Тэр үед буцаагаад гаргахгүй шүү гэж анхааруулаагүй. Цэцэрлэг дээр очоод хөл хорио тогтоосныг мэдсэн. Буцаад гэртээ харих гэтэл гаргахгүй байна” хэмээн ярив.

Хотод ээлжийн ажилтай хэд хэдэн хүн гэртээ харих аргагүй болжээ. Нэг настай эмэгтэй “Ядаж тортой зүйлсээ хүүдээ өгчихье. Манай хүү тэр ирчихсэн байна” хэмээн цагдаа нараас гуйсаар зөвшөөрүүлж, тортой хүнсээ хүүдээ хүргэж өгөв. Үүнтэй зэрэгцээд сүү, тарагтай тор барьсан нэг залуу төмөр замын призер давах гэж яваад цагдаад баригдаад хүрээд ирэв. Түүнд цагдаа “Та нар хороо руугаа яв. Хорооны даргад чинь үүрэг чиглэл өгөх байх. Гаргаж болох байсан бол гаргаад явуулна. Бидэнд та нарыг энд дураараа хорих эрх байхгүй” хэмээн учирлав. Залуу ийш тийш утсаар ярьж, товчоон дээр хоригдоод буйгаа хэлнэ. Тэрбээр “Хотод ээлжийн ажилтай байсан. Ажлаасаа буугаад ирсэн ч гэртээ харьж чадахгүй байна. Энд амьдардгийг минь батлах иргэний үнэмлэх байна. Коронатай хүмүүсээ хорьж чадалгүй тараачхаад, биднийг гэрт оруулахгүй хориод байгаа нь ямар учиртай юм бэ” хэмээн бухимдав.

Цагдаа нар гарах чиглэлд дугаарласан тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь буцааж байв. Харин орон нутгаас орж ирж байгааг чөлөөтэй нэвтрүүлж байсан. Урьд шөнө 02:00 цагаас хөдөлгөөн хорих шийдвэр гарсан. Шөнөжин ажилласан гэх цагдаагийн алба хаагч “Яг хөдөлгөөн хаасны дараа иргэд нийслэлээс гарах гэж олноороо товчоон дээр ирсэн. Өглөө болтол ачаалал ихтэй байсан. Одоо бол буурчихлаа” хэмээн ярьсан юм.

Орон нутаг руу шатахуун, тусламжийн зориулалттай хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашинуудыг явуулж байгаа. Мөн талийгаачаа нутаглуулах гэж яваа цувааг гаргаж байсан юм.

ТЭГСЭН Ч ЦАГДАА БАЙЖ Л БАЙГАА 

Хоёр жолооч хотоос гарах хулгайн замын тухай ярилцах аж. Гэтэл нэг нь “Тэгсэн ч цагдаа байж л байгаа” хэмээн хэлэв. Цагдаа нар хотоос гарах бүх замыг хаасан аж. 22-ын товчооны арын уулын энгэрээр хэдэн машин тоос татуулан давхиад гараад ирэв. Гэтэл хоёр гүвээний цаана цагдаагийн машин отож байгааг мэдээгүй бололтой. 22-ын товчооноос ийнхүү “муур хулганадах” нь алган дээр тавьсан мэт ил харагдана...

Цар тахал манай улсад алдагдсан эхний өдөр ийнхүү өрнөж байна. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймээд байгаа хэсэг нь харьцангуй бага ч одоо үймэх үе биш. Би эрүүл бол чи эрүүл, чи эрүүл бол бид эрүүл гэдгийг ухаарах өдрүүд ирээд байна. Маскаа тогтмол зүүж, гараа угаах нь өөрийгөө болоод хайртай хүмүүсээ цаашлаад эх орноо хамгаалах алхам болоод байна. Хүнсний хомстол үүсэхгүй гэдгийг удаа дараа Засгийн газраас анхааруулсан. Бид энэ цаг үед өлсөж үхэхгүй. Харин өвчин тусаад үхчхэж магадгүй юм шүү...

Бэлтгэсэн: Б.Цэдэвсүрэн 
Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан 
Аяны хүрээнд 12 мянган айлын яндан хөөлжээ
Аяны хүрээнд 12 мянган айлын яндан хөөлжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.