Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: С.Баяр дээр МАН-ын 62 яах бол? Харцгаая

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 30 секунд

Алдарт “Тайм” сэтгүүл жил бүр хамгийн нөлөө бүхий хүнийг зарладаг. Хэрэв Монголын өнөөгийн хамгийн нөлөө бүхий хүн хэн бэ? гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгчгүй, тасархай тэргүүлэхээр байна. Мэдээж албан тушаал, эрх мэдлээсээ гадна асар их зальтай, ухаантай нүүдэл хийсээр бүх зүйлийг гартаа авч чадлаа. Түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэрэг үүсгэлээ. Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарыг яллав. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, М.Энхболд хоёрт хэрэг үүсгэв. Ерөнхий сайд асан С.Батболдыг гадны тагнуулын мэдээллээр шалгаж эхлэв. Үндсэндээ 2000 оноос хойших, Н.Алтанхуягаас бусад бүх Ерөнхий сайд гогдуулжээ. Цаашлаад Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр гээд олон сайд “аавынд” суулаа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарын гишүүд ч ял үүрэв.  Шоронд бараг Засгийн газар байгуулж болохоор боллоо. Эрх баригчид, сөрөг хүчнийхэн ч ийм олуулаа байж тэмцэж чадалгүй, “Гарьд магнай” кинон дээр гардаг шиг “ам амиа бодоорой” гэсээр яваад ээлж ээлжээрээ "хэцүү нэртэд" очих боллоо. Ийм олуулаа мөртлөө тэмцэж чадахгүй сууцгааж байгааг зарим хүн гайхаж байна. Яагаад гэвэл энэ хүмүүс нэгдээд тэмцвэл хэнийг ч буулгаж чадах эрх мэдэл нь бий. Даанч тэгэж тэмцэх эр зориг л алга. Бүгд нэг хүнд итгэж байгаад ял авчихдаг гэж ярих боллоо.

Өчигдөр монгол улсад ардчилсан парламент үүссэний түүхт 30 жилийн ой тохиов. Энэ өдөр ардчилсан парламентын бэлэг тэмдэг болж ирсэн Ерөнхий сайд асан М.Энхсайханыг дээд шүүхээр оруулж шүүв. Өнөөдөр ардчилсан Монгол Улсын тод лидер С.Баярын хэргийг Дээд шүүх авч хэлэлцэнэ. Ардчиллын 30 жилийн ойн баяраар ардчиллын үед тодорсон Ерөнхий сайдуудын хэргийг тааруулж яллаад байгаа нь гайхалтай. Энэ тохиолдол юм болов уу? Ардын хувьсгалын ой, тусгаар тогтнолын өдрүүд, улсын наадмаар Монголын Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар нарыг Орост цаазалсан түүхтэй. Бидний лидерүүдийг цаазаар авч байхад монголчууд баярлаад байгаа ч юм шиг эвгүй сэтгэгдэл төрдөг. Түүхт ойн өдрөөр нь цаазална гэдэг орос "ах" нарын нэлээд бодож олсон санаа. Монголын төрийн зүтгэлтнүүдэд өгдөг битүүхэн сануулга ч гэж ярьдаг. Энэ жишгээр бол ардчилсан парламентын түүхт ойн өдрүүдээр Монголын хоёр Ерөнхий сайдыг шүүж байгаа нь санамсаргүй хэрэг мөн үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ  “Хонгконг Парламент: Бээжингийн шахалтаар 4 гишүүнийг нь батлаагүй учир ардчиллыг өмөөрсөн 15 гишүүн эсэргүүцэл илэрхийлж, бүрэн эрхээсээ татгалзжээ. АН-ын 11 М.Энхсайханыг өмөөрч ямар алхам хийх бол? Монгол албан ёсоор улс төрийн хоригдолтой болов. С.Баяр дээр МАН-ын 62 яах бол?” гэсэн байна. Харин ардчиллын үзэл санааны лидер, нийтлэлч Баабар “Маргааш Монголд парламент үүссэний 30 жилийн ойг орон даяар тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурал хийж, хүлээн авалт болж, БӨХ барилдаж, зурагтаар шууд дамжуулна. Анхны парламентын байнгын хорооны дарга Энхсайхан, Баяр, Баярцогт шоронд. Ойг тохиолдуулж Баяр, Энхсайхан нарыг шүүх ажиллагаа болно. Гэндэнг тусгаар тогтнолын баяраар 11 сарын 26-нд, Амарыг наадмаар 7 сарын 10-нд, Чойбалсанг яг цагаан сараар алсан. Тэгвэл эднийг хэрэгт татсан өдрүүд нь Ардчилсан холбоо байгуулагдсаны 2 сарын 18, Үндсэн хууль батлагдсан 1 сарын 13, Анхны сонгууль болсон 7 сарын 28” гэсэн анхаарал татам өнцгөөр жиргэжээ. Хэзээ нэгэн цагт энэ давхцлыг түүхийн хичээл дээр хүүхдүүд үзэх л байх. Нэг түүхч бичиж л таараа. Үнэхээр АН-ынхан М.Энхсайханаа өмөөрсөнгүй. Ц.Элбэгдоржийгоо ч хамгаалахгүй.  Ч.Сайханбилэгээ ч өмөөрөхгүй. С.Баяцогт, Б.Болор, Д.Эрдэнэбатыгаа тоож ч дурсахгүй байна. МАН-ынхан намын дарга С.Баяраа хамгаалсангүй. М.Энхболдыгоо явахад ч хөдлөөгүй, С.Батболдыг нь дуудсан ч тоохгүй.  Зөвхөн амиа л бодоцгооно.  Өнөөгийн лидерүүд иймэрхүү байна. Амиа бодсон, айдастай дарга нарыг хэзээ нэгэн цагт эдгээр дарга нарынхаа хойноос явцгаахад хамгаалах хүн үлдэх болов уу? Айдсаас салгах, ирж буй дарангуйллыг харах алсын хараатай лидер энэ улсад байна уу? Байсан уу гэж хойч үе асуух вий дээ...

 

О.ЦАГАРИГ

ЗГ: Бүх нийтийн хатуу хөл хорионд шилжлээ
ЗГ: Бүх нийтийн хатуу хөл хорионд шилжлээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.