Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарга нар аа хөл хориондоо биш дата менежментдээ байгаа юм аа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 57 секунд

Зургийн тайлбар: Эргүүлд гарч буй цагдаа нар иргэдийн бичиг баримтын шалгаж байна.

За амрыг эрье хаа хүрэх үү? иргэний үнэмлэхний чинь зургийг авна гэнээ цагдаа ах. Иргэний үнэмлэхний QR кодыг уншуулдаг пос машин цагдаа нарт тараагаад хөдөлгөөн шилжилтийг бүртгэх юм гэнээ Хотын дарга маань. Хэнд хэзээ хэрэг болох нь мэдэгдэхгүй зургаар цагдаа нарынхаа утсыг дүүргэж байсан дор бол арай инновацлаг дэвшилттэй санаа юмуу даа чааваас.

Чааваас гэсэнд уучлаарай өөр үг олдсонгүй. Авч байгаа арга хэмжээ нь муйхар, удаан, оновчгүй байна. ICT Салбарт сүүлийн арваад жил ажиллаж зарим зүйлсийг гадарлах болсны хувьд онцгой комисс, хотын даргадаа хоёр зүйл зөвлөхгүй бол горьгүй нь. Ажил нураах гэж биш дэм болох гэж шүүмжилж байгааг ойлгож чадвал талархая.

Хятад Улс ковидыг хатуу хөл хориогоор давсан гэж манайхан ойлгоод байна. Гэтэл үнэндээ тэд хатуу хөл хориондоо биш хурдтай дата менежментийн ачаар ковидыг давсан гэдгийг Inspure technology-д ажилладаг найз маань ярьж байна. Тэд юу хийсэн бэ?

Юуны өмнө хөдөлгөөний байр зүйн мэдээллийн санг маш хурдан хугацаанд бүрдүүлжээ. Сall center-үүд байгуулаад эмч сувилагч шиг 24 цагаар ажиллажээ. Гар утасны оператор компаниуд бүх утасны байрлалыг 50 метрийн нарийвчлалтай гаргах боломжтой. Одоо бүх яриа интернет протколоор явдаг болсон. Энэ датаны төлбөрөө эх оронч санаачлага гаргаад үнэгүй өгдөгсөн үү? Эсвэл онцгой комиссынхон маань төлбөрийг нь төлөөд авдагдсан уу ямар ч байсан утастай болгоны байршлыг тогтоох технологийн боломж бий. Утсаа орхиод гарах уу гэж үү? Уучлаарай одоо утасгүй гараад нэг их хол явахгүй болсон цаг. Ингэснээр хэн нэгэн халдвар авлаа гэхэд түүний эргэн тойронд ямар хүмүүс байсныг хэрүүл уруул асуумж гэлгүй хэдхэн товчлуур дараад гаргаад ирж болж байгаа юм. Эмч өвчтнөө л эмчлэх болохоос тандалт авч нэмэлт ажил хийхгүй гэсэн үг. Жишээ нь иргэн А халдвар авсан нь тогтоогдвол түүнийг сүүлийн хэдэн өдөр хаагуур явсан, тэр орчмоор нь ямар хүмүүс байсныг гар утасных нь байршлаар маш түргэн хугацаанд тодорхойлох боломжтой. Оперторууд хүн бүр рүү залгаж, эсвэл боот ажиллуулж тухайн хүмүүсээс илүү эрсдэлтэй зайнд ойртсон дараагийн хүмүүсээ маш хурдан илрүүлж тусгаарлах замаар хавитлыг оновчтой тодорхойлно. Сая нэг иргэн караокед дуулсан зочид буудал орсон гэдгээ хэлээгүй. Хэн л ууж идсэн, унтсан хэвтсэнээ үнэн өчих билээ. Гэр бүл салж сарних дээрээ ч тулж мэдэх тул иймэрхүү байдлаар нууж хаах, хавитлууд бүртгэгдэхгүй өнгөрч өөр голомтууд үүсэх эрсдэл маш өндөр. Хүндэрсэн ярьж чадахгүй өвчтөн гараад ирвэл хаагуур явсныг яаж асуух вэ? Мартах бол маш энгийн шалтгаан. Би л гэхэд сүүлийн 7 хоногт яг хэдэн хүнтэй уулзсанаа баа бээгүй мэдэхгүй байна. Тиймээс байр зүйн мэдээллийг хүнд биш технологид найдаж бүрдүүлэх нь чухал бөгөөд хавитлыг илрүүлэх маш хурдтай оновчтой, алдагдалгүй арга ажээ.

Хятадад царай таних технологи хаа сайгүй болсны ачаар байршлын мэдээллийг давхар чеклэж маш сайн гаргажээ. Манайхан тэрийгээ хийж чадахгүй арван жил болж байна. Наанаа аюулгүй байдал гэдэг юм яриад цаанаа мөнгөний ашиг сонирхол нь гүйцэлдэхгүй явсаар нийгэмд тустай одоо цагт бүр ус агаар шиг хэрэгтэй төслийг гацаасны хариуцлагыг хэн ч хүлээхгүй.

Бүх нийтийн хөл хориог ч утасны байр зүйн сангаас нь хянана. Би жишээ нь гэрээс гарч 50 метрээс илүү холдвол “та хаачих нь уу?” гэж оператор утасдах нь байна. Цагдаа, тусгай албан хаагчид эрсдэл ихтэй, хүн хүч хэрэгцээтэй газраа түлхүү ажиллана уу гэхээс гудамжаар нэг асгасан шагай шиг хийдлээ алдаад зогсохгүй гэсэн үг. Тэд хүн учраас ядрана, анхаарал суларна. Хөдөлмөрийг нь үргүйдүүлж хэрэггүй.

Гадуур явах зөвшөөрөлтэй алба хаагч, иргэдийн байр зүйн санг тусад нь бүрдүүлээд шилжилтийг хянана. Ажлын цагаа дуусгаад харихгүй далимдуулаад байна уу? үгүй юу? гэдгийг. Тэрнээс өглөө 7-10 цагийн хооронд яв бусад үед суу гэдэг ерөөсөө биш.

Ойрхон зайнд шилжилт хийгээд байгаа иргэдийг цагдаа бүртгэх нь зөв. Гэхдээ иргэний үнэмлэхний зураг авах биш, пос машин халааслаад явах бүр ч биш. Аппликешн ашиглаад QR кодыг нь сканердах юм л даа хө. Тэрийгээ хийж чадахгүй байгаа бол би хийгээд өгсөн ч яахав. Хэн нь ч бас пос машины шахаа хийх гээд хотын даргын маань тархийг угаачихсан юм бөө мэд.

Хоёрт ЭМЯ, Онцгой комиссынхон хэвлэлийн хурал хийгээд бөөн юм болж байсны оронд үндсэн ажлаа хийгээд мэдээллээ real time болгоод сайт дээрээ бас аппликешн хэлбэрээр өгөх хэрэгтэй. Бид Д.Нямхүү эмч, Б.Ууганбаяр хурандаа, А.Амбасэлмаа гурвыгаа маш сайн таньдаг болсон. Одоо хурал хийж нааш цааш гүйх хэрэггүй үндсэн ажлаа л хий. Нэг тохиолдол нэмэгдлээ гэдгээ системдээ бүртгэхэд л тэр нь шууд олон нийтэд нээлттэй хүрчих dashboard зохиогоод өгье. Эсвэл бэлэн байгааг нь хуулаад өгье. Зайлшгүй тохиолдолд л хэвлэлийн хурал хийхээс биш манайхан шиг өдөрт 2 удаа хуралдаад байсан зүйл огт байхгүй байгаа юм.

Иргэдэд хамгийн гол нь яг хаана халдвар нэмэгдэж байна гэдэг маш чухал. Манай дүүргийн дугаар хорооны тэр байранд тэд байна гэдгийг газрын зураг дээр тодорхой харуулаад өгвөл тийш хүн зүглэхгүй. Тэр хавьд байгаа хүмүүс ч халдвар хамгааллын дэглэмээ илүү сайн баримтална. Төмөр зам дагасан голомт гэдэг бол дэндүү аймшигтай, дэндүү хариуцлагагүй, дэндүү ерөнхий мэдээлэл юм.

Дашрамд хэлэхэд муйхар хөл хориогоор биш хурдтай дата менежментийн ачаар аюулт өвчний ард гарсан юм шүү гэдгийг санаж технологийн салбарынхантайгаа маш сайн уялдаж ажилла. Тэдний үгийг сонс. Эмч, цагдаа, онцгойгоос дутуугүй үүрэг гүйцэтгэх хүмүүс чинь тэд байгаа юмаа.

Г.Мөнхсүх

Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн Өдөр
Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн Өдөр
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.