Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Нийслэлд ирээд гацсан орон нутгийн 27 мянга 169 иргэн байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан нийтэд танилцууллаа. Мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ирэх сарын 1-нээс танхимын бүх хичээлийг зогсоож байна. Тэгэхээр Улаанбаатарт байгаа оюутнууд буцна. Мөн нийслэлд гацсан байгаа орон нутгийн иргэд бий. Энэ хүмүүсийн асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн судалгааг гаргаж дуусаж байна. Эдгээр иргэдийг бүртгэх аппликейшн бэлэн болгосон. Мөн иргэдийг хөдөө орон нутаг руу явуулах түр журмыг баталсан байгаа. Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн байгууллагын тархвар судлалын судалгаагаар иргэдийг өнөө, маргаашдаа гаргаж чадахгүй. Маш их эрсдэлтэй гэж үзэж байгаа.

Монгол Улсад төмөр зам дагасан халдвар 5 аймагт бий. Хэрэв иргэдийг гаргавал 21 аймагт энэ өвчнийг алдах магадлалтай гэдгийг эрсдэлийн үнэлгээгээр гаргасан. Улаанбаатар хотод орон нутгаас ирээд гацсан 27 мянга 169 хүн байна гэсэн судалгаа байна. Улаанбаатарт ирэх 11 мянга гаруй иргэн байна. Яг цаг нь тулахаар энэ тоо нэмэгдэх байх. Аймаг хооронд зорчих хүмүүсийн тоо ч өндөр гарч байна. Зөвхөн албан ажлаар Улаанбаатар хотод ирсэн төрийн албан хаагч 1907 байна. Удахгүй шийдвэр гарахаар бүртгэлийн аппликейшныг танилцуулна. Ингээд уг аппликейшнд бүртгүүлснээр хаана шинжилгээ өгөх, хаана очихоос эхлээд бүх зүйл тодорхой болох юм. Нийслэлээс гарахад нь аймгийн цагдаа, орон нутгийн байгууллагуудын хяналтан дор зөөнө. Үүнтэй холбоотой бүртгэл, судалгааны зэрэг ажил бэлэн болж байна. Хот хоорондын автобусаар явахад нэг автобусанд хамгийн ихдээ 12-15 хүн л явна. Энэ мэт судалгааг хийгээд, ариутгал халдваргүйжүүлж байна. Бид ч иргэдээ явуулахын төлөө байгаа. Тухайлбал, Өвөрхангай аймгийн 4247 иргэн хотод байна. Энэ иргэд очиход Өвөрхангайн 120 мянган иргэн эрсдэлд орох учраас нухацтай хандаж байгааг иргэд зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. 

Л.Цэдэвсүрэн: Сурагчид нэгдүгээр улирлын хичээлээ онлайнаар үзээд амарна
Л.Цэдэвсүрэн: Сурагчид нэгдүгээр улирлын хичээлээ онлайнаар үзээд амарна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.