Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч өргөн фронтоор МАН-руу давшиж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 14 секунд

“Бүдүүн даргаа” нийлж унагаснаас хойш хорших болсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын ган бат найрамдал өдрөөс өдөрт ганхах боллоо. Ари, еврей хоёр нөхөрлөнө гэж юу байхав. АН, МАН хоёр хөтлөлцөөд Ерөнхийлөгчийн сонгуульд орно гэж юу байхав.  Тэдний дунд үе үе өрнөдөг битүүхэн  гоо даам өдгөө зодоон болж өргөжив. АН-ыг нэгэнт богтолсон Х.Баттулга одоо МАН-ыг бужигнуулах ажилдаа гардан оржээ. МАН-ыг самрах ажиллагааг Шилэн Цогоо гардан гүйцэтгэх болсон гэж ордны тамхины цэг дээр ярих болов. Х.Баттулга өргөн хүрээтэй агаар, танкын бригадаар дэмжүүлж хүчээ МАН-ын эсрэг хөдөлгөсөн нь үнэхээр хэд хэдэн үйл явдлаар нотлогдож байгаа юм.

Шүүхийн шинэтгэл ба хонгилын эзэн

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “За өнөөдрөөс ээлжит гүтгэлэг, мушгилт эхлэх нь дээ, шүүхийн тухай хуульд өөрчлөлт хийх хууль санаачлагчаар орсон УИХ-ын гишүүдрүү ээлж дараатайгаар дайрах кино хүртэл хийгдсэн юм гэсэн. Хонгилын эзэн эрхээ алдчих гээд л. Чаддаг аргаа хийж байх шив. Үзнэ дээ”  гэж жиргэсэн. Үүнээс МАН-ынхан Ерөнхийлөгчтэй шүүхийн шинэтгэлийн асуудлаар санал зөрөлдөх болсон нь илэрхий харагдаж байгаа юм.

С.Зоригын хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн гэж УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд бичлэг үзүүлэн сүрдүүлэх шахуу байж ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын даргыг чөлөөлөх хууль өнгөрөгч парламент баталсан. Гэтэл энэ хууль нь өдгөө эрх баригчдын өөрсдийнх нь толгойг ээлж дарааллан залгих эзний зэвсэг болсонд сая ухаарч хэсэг гишүүд шүүхийн шинэтгэлийн хуулийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийг өргөн мэдүүлэх тов  өгөхгүй зугтаад байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “та царай харж хуулийн төслөө авдаг болсон юмуу” гэж хүртэл шүүмжлээд авсан билээ. МАН-ын хэд хэдэн бүлгийн хурлаар уг асуудал яригдаж УИХ-ын дарга Г.Занданшатар арга буюу шахаанд орж нутгийн Ерөнхийлөгчийнхөө эрх ашгийн эсрэг намынхаа даалгаврыг гүйцэлдүүлэхээс өөр аргагүй болсноор УИХ өдгөө уг хуулийг хэлэлцэж эхлээд байна. Гэтэл уг хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүдийг онилсон улс төрийн кампанит ажил эхэлсэн бөгөөд үүнийг Хонгилын эзэн зохион байгуулж байгаа гэж УИХ-ын гишүүн Г.Дамдинням зарлав.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар У.Хүрэлсүхийн танхимаас хоёр сайдыг огцруулах кампанит ажил зохион байгуулалттай эхэлжээ. Тодорхой хэлбэл соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  нарыг “эзэн” хамгийн түрүүнд онилжээ. Тэднийг түрүүлж онилох болсон нь ч учиртай. Эзэн аливаа нэг самрах ажлыг тухайн хүрээллээс хамгийн нэр цэвэр, боловсролтой хүмүүсээс эхэлдэг барилтай. Н.Алтанхуягийн Засгийн газарт хамгийн гайгүй нэр хүндтэй байсан хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Боловсролын сайд Лу.Гантөмөр нарыг “сайн ах” “мүүнчин” болгох замаар дайралт эхэлж байсан бол мөн л нэр хүндтэй эмэгтэй гишүүн агсан Б.Батчимэгийг “Тайваны тагнуул” болгож Ц.Элбэгдоржид дайн зарлаж байсан. Тэгвэл Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн залуухан академич С.Чулуун. Гэмтлийн эмнэлэг, нэгдүгээр эмнэлгийг эрс өөрчилснөөр салбартаа танигдсан Т.Мөнхсайхан нарын улс төрийн туршлага багатай, боловсролтой залуу сайд нарыг ийнхүү онилж тэдний эсрэг партизаны бослогыг ч МАН дотор сэвээд эхэлсэн байна. С.Чулууны тухай түүхээ худалдсан түүхч зэргээр баримтад кино хүртэл хийгдсэн бол Т.Мөнхсайхан сайдыг ковидыг алдсан гэж сошиалаар сэвж, шилэн дансаа хөтөлдөггүй зэргээр Шилэн Цогоо гөвөөд эхэлсэн.

Хайч атгасан Ж.Энхбаяр ба эрдэнэт

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг солих дээр Ерөнхийлөгч, МАН-тай санал нэгдсэн гэнэ. Тэр бүү хэл дараагийн захирал Ж.Энхбаяр гэж гар бариад авсан сурагтай. Ийнхүү вант улсын сэнтий нүдэнд нь үзэгдэж Ж.Энхбаяр Дархан, Эрдэнэтээр гүйдэллэх болжээ. Гэтэл зэрэг нэмэхийн өмнө дугтуй задарч нэр нь гэрэлд цохисноор МАН-ын дотроос багагүй эсэргүүцэлтэй тулж томилгоо нь зэлтэрийн гацаанд орсон гэв. Ж.Энхбаярыг зарим хэвлэлээр худалдаа хөгжлийн банкны төлөөлөлтэй Дарханд байрлах өөрийн Буудай зочид буудалд уулзсан тухай мэдээлэл ч гараад амжсан. Түүнийг эрдэнэтийн захирлаар томилогдвол элдэв сантай холбоотой асуудлууд нь дахин сөхөгдөж Х.Бадамсүрэнгээс ч долоон дор юм болно” гэсэн мессеж МАН-ынхан дунд битүү тарж Ерөнхий сайд ч ихэд болгоомжлох болсон гэдгийг эх сурвалж баталж байгаа юм.

Гэтэл төд удалгүй “Ж.Энхбаяр Дарханы онцгой штабт ажиллаа. Дарханы онцгой штабаар хотоо удирдуулья, Ж.Энхбаяр шадар сайдад яригдаж байна" гэх мэт мэдээллүүд сошиал сүлжээнд харагдах болов хотын дарга Д.Сумьяабазар, шадар сайд Я.Содбаатар нарыг оролдож хатгасан энэ мессежний цаад эзэн нь мөнөөх л улигт “Шилэн Цогоо” гэж МАН-ынхан ярих болов. Товчхондоо бол Ж.Энхбаярыг дээш шийдсэн түүний мессежний цаана “Эрдэнэтийн даргаа хурдан хус, Ж.Энхбаярыг томил” гэсэн захиалга агуулагдаж байгаа гэх. Ковидын сүрэнд мартагдах шахсан Эрдэнэтийн шилэн дансны асуудлыг ч тэр эргэн сөхөж 429 тэрбумын шууд худалдан авалтын асуудлыг гаргаж тавьснаар байдлыг улам ноцтой болгожээ. Онц байдлын үед хийгдсэн энэхүү шууд худалдан авалтын гэрээнүүд нь МАН-ын нөлөө бүхий  хүмүүстэй холбогдох тул тэд багагүй сандралдаад эхэлсэн гэх мэдээлэл ч байна. 

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “Эрдэнэтийн шууд гэрээнүүдийг шалгана” гэж мэдэгдснээр Эрдэнэтийн асуудалд эзэн албан ёсоор оролцохоо дайв.  Хүслийг нь хангахгүй бол Х.Баттулгын армиас мөрдэс хүртэх шарваачид тэднээр тогтохгүй болсон нь МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойны өвчин болж байгаа бололтой.

Байлдвал байлдъя

Гэвч ухардаг хүн нь У.Хүрэлсүх биш. "Өргөсөн дээгүүр би хөл нүцгэн гишгэж яваа, өвдөхийн төдийд шантарвал алхахын хэрэг юусан билээ" гэж Ж.Мөнхбатын түүнд зориулсан алдарт шүлэг бий. Ирсэн галыг сөрж дарна уу гэхээс цурманд оруулдаг арга барил түүнд үгүй. Жарын жаран суудалтай эрх баригчид ганц “Шилэн”-дээ дэглүүлнэ гэж юу байхав хариу дайралт, хориглолт хийгээд эхэлжээ. Х.Баттулгын заналт хүн Б.Хурц суллагдсан, ам хэлээрээ ганц татаж тавьдаг Ц.Элбэгдоржийг таслах ажиллагаа удааширч замхрах янзандаа орсон зэрэг нь санамсаргүй явдал огт биш. Улаанбаатар төмөр замын удирдах хороог саяхныг хүртэл ноён “Шилэн” даргалж байсан. Х.Баттулга, Шилэн нарын ойрын хүн гэгдэх төмөр замын дарга Р.Жигжиднямаатай холбоотой Хонг Конг дахь офшор дансны асуудал сөхөгдөж, хуулийнхан мөшгих болсон, УИХ-ын зарим гишүүд хариуцлагын асуудал хөндөх үеэр тэрээр учир битүүлгээр хил давсан гэх мэдээлэл гарах боллоо. Ковид алдаж, дарга нь ор сураггүй болж, ажилчид нь салаавч гаргах болсон төмөр замд юу болоод байгаа талаар дараагийн сурвалжилгаар хүргэх болно.

 

О.Дэлгэр

Цар тахлаас ЭДИЙН ЗАСГАА АВРАХ ВАКЦИН бол МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ
Цар тахлаас ЭДИЙН ЗАСГАА АВРАХ ВАКЦИН бол МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.