Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нармандах: Өвчтөнүүд эмээ ууж байгааг цахимаар хянаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 9 секунд

БЗД-ийн Сүрьеэгийн диспансер цахимаар үйлчлүүлэгчдээ хянах технологийн нэвтрүүлээд хэрэгжүүлж байна. Сүрьеэтэй иргэд өдөр бүр эмнэлэгт очиж, эмчийн хяналтад эмээ уудаг байсныг хөл хорионы үед халжээ. БЗД-ийн хэмжээнд нийтдээ 320 гаруй сүрьеэтэй иргэн амьдардаг байна.

Энэ талаар БЗД-ийн Сүрьеэгийн диспансерийн 15-28 дугаар хороог хариуцсан сувилагч Д.Нармандахаас тодрууллаа.

-Сүрьеэтэй иргэд өдөр бүр эмнэлэг рүү ирж, эмээ уудаг байдлыг халсан гэлээ. Хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Ковид-19 ийн тохиолдол манай улсад батлагдахад үйлчлүүлэгчдээ нааш цааш нь явуулах нь эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс хэдэн өдрийн эмийг нь өгч явуулаад, ууж байгаа эсэхийг нь цахимаар хянаж болох юм гэсэн санааг дэвшүүлээд, бэлтгэл ажлаа хийж байсан. Сая дотоодод халдвар илрээд хөл хорионы дэглэм чангарахад хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэгцээтэй зүйл болох найман камерийг бид өөрсдөө авсан.

-Ямар платформ ашиглаж хяналт хийж байгаа вэ?

-Телеграм гээд апп хэрэглэж байгаа. Өвчтнүүдийнхээ утасны дугаараар бүртгүүлээд бүртгэл үүсгэсэн байгаа. Мөн үйлчлүүлэгчидтэйгээ цахим гэрээг хийсэн. Сүрьеэг эмийн аргаар эмчилдэг. Эмээ ууж байгаад тасласан тохиолдолд гэр бүл, хамт олон, хайртай хүмүүстээ халдвар тараах магадлалтай. Цаашлаад өөрийн амь насанд ч эрсдэл үүсэх аюултай учраас ийм хатуу гэрээг хийж байгаа. Одоогийн байдлаар хяналтадад байгаа иргэдээс цахимаар холбогдохгүй байсан ганц хоёр тохиолдол гарсан ч утсаар яриад, эмээ уухыг нь сануулах, эсвэл дуудаж уулзах зэргээр зохицуулж байна.

Үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийг харгалзан үзээд 7-10 хоногийн эмийг нь нэг удаа олгоод, хяналт тавьж байна.

-Та БЗД-ийн 15-28 дугаар хороог хариуцдаг гэсэн. Таны хяналтад хэдэн иргэн эм ууж байгаа вэ?

-15-28 дугаар хороонд сүрьеэтэй 120-150 иргэн бий. Одоо бол 46 хүнтэй цахим гэрээ хийгээд, эмчийнхээ хамт хянаад явж байгаа.

-Сүрьеэгийн эмийг өрхийн эмнэлэгээр бас тараадаг. Эм тараах хэдэн шугам байдаг юм бэ?

-Монголын сүрьеэгийн нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн гэж хүмүүс гэрээр эм зөөдөг, өрхийн эмнэлэгээр тараагддаг, манай Сүрьеэгийн диспансераар хянуулаад эмээ уугаад явдаг.

-БЗД бол эрсдэлтэй бүс болчихсон. Эмнэлэгийн ажилтнууд халдвар авах нь нэмэгдсэн. Та бүхний хувьд өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Халдвар хамгаалалын дэглэмээ хатуу барьж байгаа. Мөн манай хамт олон тогтмол өглөө, оройдоо хоолойгоо зайлах дадлыг суулгасан. Ээлж ээлжээрээ тухайн өдрийн хоолой зайлах уусмалаа бэлддэг.

 

Дэлхий даяар 31 зүйл амьтан устжээ
Дэлхий даяар 31 зүйл амьтан устжээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.