Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан сайдаа ялагдлын бурууг “ЖА“ биш жанжин үүрдэг юм

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
5 минут 9 секунд

Бид голомтыг хянаж байгаа гэж албаныхан өдөр бүр мэдээлэл хийсээр ирсэн ч өдгөө дотоод халдвар 600 давж хяналтаа алдсан нь нэгэнт тодорхой боллоо. Голомтыг хянаж байх ёстой эмнэлэгүүд нь өөрсдөө голомт болж ковидтой тэмцэх нь битгий хэл өдөр тутмын эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлэхэд хүндрэлтэй болж нийслэлийн бүхэл бүтэн нэг дүүрэг, төрийн тусгай албан хаагчид, халдварт өвчний шалтгаанаар эмнэлэгийг зорих иргэд хаана хандах нь тодорхойгүй байна. Ийм байхад бүхнийг хянаж байгаа гэж гөжүүдлэх хэрэг юун. Товчхондоо бид ялагдлаа. Үүнээс үүдэж эрүүл мэндийн салбар бөөн бужигнаан болж байгааа сурагтай.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхныг огцруулах ёстой  гэдэг яриа МАН дотор маш хүчтэй яригдах болсон гэнэ.  Гэхдээ юутай ч цар тахлыг дарсны дараа улс төрийн хариуцлагын асуудал ярья гэсэн зарчим дээр дийлэнх нь санал нэгдэж байгаа гэх. Гэтэл цар тахлыг дарах амаргүй сорилт тулгараад байхад эрүүл мэндийн салбарынхан хоорондоо муудалцаад хэл амаа олохгүй байна гэдэг мэдээлэл чих дэлсэх болов. Тодруулбал эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан халдварт өвчин судлалын төвийн дарга Д.Нямхүүтэйгээ муудалцаж элдэв шалгалт шүүлэг, хэвлэлийн мэдээгээр намнаад эхэллээ гэдэг яриа хэд хоногийн өмнөөс дуулдах болсон. Ингэхэд тулаан болж байхад дайсантайгаа дайтахын оронд цэргээ ноолж байдаг жанжин гэж байдаг билүү?

Жанжин Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт болж буй бүтэлгүйтлийн бурууг цэрэгтээ үүрүүлж өөрөө цэвэрхэн салах санаатай байгаа бололтой. Өчигдөр ХӨСҮТ-д ЭМЯ, УОК, Хууль зүйн яам, мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалт орж маш их зөрчлийг илрүүлсэн гэв. "Ийм л заваан байж пүү паа!" хэмээн хажиглах эрхэм сайд ажлаа авснаас хойш ХӨСҮТ-ээр ер нь очоогүй бололтой. Сайд болоод бараг хагас жилийн нүүрийг үзэж байж салбарт нь үүссэн энэ мэт асуудлаа хараагүй, засаагүй явна гэдэг бол өөрөө ажлаа хэр хийж байгааагийн л илрэл.  Гэнэт сарнаас бууж ирсэн мэт аяглах нь төрийн сайд хүнд байтугай эрийн хуйхад баймааргүй жудаггүй зан. Онцгой комисс, мэргэжлийн хяналт нь ч тэр өмнө нь үзэж хараад, шалгаж шаардахгүй "үлийгээ" хийж явсан ч юм.  

Мөн тус эмнэлэгийн захирал Д.Нямхүүг АТГ, ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа гэдэг мэдээлэл ар араасаа хөврөх болов. Энэ мэдээ хийсч яваад хэвлэлийн хуудсанд наалдаад байгаа биш зориудын зохион байгуулалттай технологитой ажиллагаа гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ тухай доктор Д.Наранбаатар “Эрүүл мэндийн сайд өмнөх ажлаа хийхийн оронд намайг сошиалаар муулах өөрийгөө пи-ардах дээрээ маш их ач холбогдол өгч байна. Уг нь тэгэх завгүй баймаар гэтэл н.Энхтамир гэж хэвлэлийн төлөөлөгч нь трол баг байгуулаад намайг муулах ажиллагааг сошиалаар өдөр шөнөгүй зохион байгуулж байна” гэж өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Д.Нямхүүг хэн балбаад байна гэдэг сонирхолтой асуултын хариу ч эндээс олдож болох юм.  

ХӨСҮТ нь 1960-аад онд баригдсанаас хойш олигтой шинэчлэгдээгүй. Насжилт, стандарт, шаардлага хангах байдлаараа  өвгөрсөн. Сүрхий шалгаад илрүүлээд байгаа зөрчил нь төр засаг халдварт өвчинтэй тэмцэхэд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт хандлага гээд өөрөө өөрийгөө толинд харсан зүйл болохоос асуудлыг нь шийдээд гайхамшигтай сайхан байсан зүйлийг нураасан юм огт байхгүй.  Товчхондоо армиа тулаанд дагуулж орсон жанжинтай эхлээд ялагдлын хариуцлагыг ярихаас жагсаалын даргаа шонд өлгөдөг ёс гэж үгүй. Сайд Т.Мөнхсайхны талаар эрүүл мэндийн яамаар “жулдаж байна, өмнөх сайд шиг зангарагтай байж чадахгүй байна, багаар ойлголцож ажиллахгүй өөрийнхөөрөө зүтгээд байна” гэдэг шүүмжлэл нэлээд газар аваад байгаа. Гэтэл хаад ноёд нь ийм жанжиндаа хариуцлага тооцохгүй, харин доор нь байгаа бага дарга, цэргүүдийг дүүжилнэ гэж оосор шийдлэх нь инээдтэй юм шиг, эмнэлэгтэй ч юм шиг.

 

Визуаль тойм: Хөл хорио цуцалснаас хойш халдвар огцом өслөө
Визуаль тойм: Хөл хорио цуцалснаас хойш халдвар огцом өслөө
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.