Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп 26 хоригдолд өршөөл үзүүллээ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2020/12/24
Унших
2 минут 10 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр/2020.12.23/ өөрийн сайн найз Рожер Стөүн, өөрийнх нь кампанит ажлыг ахалж байсан Пол Манафорт, худ Чарльз Кушнер тэргүүтэй 26 хүнд өршөөл үзүүлжээ.

Манафорт, Стөүн хоёрыг анх тусгай зөвлөх Роберт Мюллер ОХУ-ын мөрдөн байцаах ажилтай холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгасан юм. Улмаар Манафорт банк, татварын луйвар, гадаадын хууль бус лобби, гэрчийг сүрдүүлсэн зэрэг хэргээр хоёр жил торны цаана суусан бол Стөүн ял эдэлж эхлээгүй байхдаа тус тус өршөөгдсөн байна.

Түүнчлэн Цагаан ордны зүгээс “Тусгай зөвлөх Мюллерийн багийн прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж ноён Стөүнд маш шударга бус ханджээ. Түүнийг шөнө дунд гэрээс нь баривчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил мэдээлэн нэр хүндийг нь давхар унагасан байна. Түүнээс гадна шүүх хурлын үеэр Стөүн улс төрийн болзошгүй халдлагад өртсөн. Түүнийг ийнхүү өршөөснөөр Мюллерийн мөрдөн байцаах багийн алдааг бага ч гэсэн засна хэмээн найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Харин Трампын хүргэн Жаред Кушнерийн аав Чарльз Кушнер 2004 онд 16 удаагийн татвараас зайлсхийсэн хэрэг, нэг удаа гэрчээс өшөө авахыг завдсан, холбооны сонгуулийн хороонд худал мэдүүлэг өгсөн зэрэг хэрэгт буруутгагдаж хоёр жил шоронд суугаад 2006 онд суллагдсан юм.

Кушнерийг өршөөж буйгаа Цагаан ордон “2006 онд ял эдэлж дууссанаасаа хойш ноё Кушнер Сент Барнабасын Анагаах Ухааны Төв, Тархины саа судлах төв гэх мэт чухал хүмүүнлэгийн байгууллагууд, буяны үйлсэд хүчин зүтгэсээр ирсэн. Эдгээр сайн үйлс нь түүний үйлдсэн гэм буруутай үйлдлүүдээс давсан хэрэг юм” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: THEWRAP

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.