Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пеход хөлгийн ахмад Ахаб буюу Вашингтон Визардсын Брэдли Бийл

Ангилал
Бусад
Огноо
Унших
4 минут 7 секунд

АНУ-ын алдарт зохиолч Герман Мелвиллийн "Моби Дик" зохиолыг уншаагүй хүн цөөн. Уран зохиолын дүр, NBA-ийн тамирчин хоёрыг адилтгах нь тохиромжгүй мэт боловч Вашингтон Визардсын тоглолтыг үзэх бүр "Моби Дик" зохиолын ахмад Ахабын дүрийг Брэдли Бийлээс харах болов. 

АХМАД АХАБ МОБИ ДИКИЙГ ХЭЗЭЭ Ч ДИЙЛЖ ЧАДААГҮЙ

Брэлдли Бийл 2012 оны NBA-ийн драфтын гурав дахь сонголтоор Вашингтон Визардс багт элссэн бөгөөд өдийг хүртэл тус багт хүчин зүтгэн найман улиралд 21.2 оноо дунджилсан. Тэрээр хамгийн сүүлд 2016 онд таван жилийн 127 сая ам.долларын гэрээг Визардс багтайгаа үзэглэсэн бөгөөд энэхүү гэрээ нь энэ жилээр өндөрлөж буй. Тэрээр өнгөрсөн улирлын гуравдугаар сард өгсөн ярилцлагын үеэр "Хэрэв би удирдаж чадвал Визардс багтаа үлдэнэ" хэмээн мэдэгдсэн. Гэтэл түүний удирдаж буй баг 30 багийн сүүл мушгин өнөөдрийн байдлаар хамгийн бага хожил, хамгийн их хожигдол амссан баг/2:8/ болоод байна. Тэрээр багийнхаа хамгаалалтын талаар "зогсоолд зогсож буй машиныг хамгаалж чадахгүй байна" хэмээн шүүмжлээд амжсан. 

Брэдли Бийл Вашинтон Визардс багт хүчин зүтгэсэн найман жилийн замналдаа плэй-оффын хоёрдугаар шатнаас дээшилж үзээгүй нь Моби Диктэй хэдэнтээ таарсан ч хэзээ ч түүнийг дийлж чадаагүй, эцэст нь хиймэл хөлтэй хоцорсон ахмад Ахабтай төстэй. 

ВЭСТБРҮҮК БРЭДЛИГЭЭС "АЛТАН ЗООС" ХҮРТЭЖ ЧАДАХГҮЙ НЬ

Ахмад Ахаб хөлгийн далайчиддаа байнга захиж хэлдэг нэг зүйл нь Моби Дикийг олж харан мэдэгдсэн хүнд алтан зоос хүртээх юм. Хэдийгээр NBA-д өнгөрүүлсэн замнал, статистик, дэмжигчдийн тоо болон гавъяа шагналаар Вэстбрүүк Брэдлигээс илүү боловч Вашингтон Визардсын хөлгийн ахмад нь яах аргагүй Брэдли Бийл юм. Түүнд Моби Дикийг хамгийн түрүүнд олж харан мэдээ өгөх хүн нь Вэстбрүүк биш бололтой. Үүнээс ажихад нэгэн хачирхалтай асуулт гарч ирж буй нь Брэдлигийн хувьд Моби Дикийг ангах нь ямар амжилтыг илэрхийлж байна вэ? Өөрөөр хэлбэл Брэдли Бийл Вашинтон Визардс багтайгаа аваргын цом өргөх нь түүний туйлын зорилго мөн үү? Хэрэв тийм бол энэ нь Моби Дикийг ангахтай адил бүтэшгүй мөрөөдөл төдий. Энэ улирлын эхний 10 тоглолтын байдлаар 30 багийн сүүл мушгиж яваа баг улирлын төгсгөлд плэй-оффд орох нь ч хүндхэн даваа болоод байна.

СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК

Дээр дурдсанаар Вашингтон Визардс баг 30 багийн сүүл мушгиж байгаа бол эсрэгээрээ Брэдли Бийл дундаж оноо авалтаар лигийг тэргүүлж буй нь хачирхалтай. Тэрээр энэ улиралд 35 оноо дунджилж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 60 оноо авч замналынхаа оргил амжилтыг шинээр тогтоосон ч тоглолтын үр дүнд баг нь мөн л хожигдсон. Нэг үгээр хэлбэл, Вашингтон Визардс болон Брэдли Бийл нар нэг зүйлийн хоёр туйл болсон аж.

Үүнээс дүгнэхэд Брэдли Бийл Вашингтон Визардс багтайгаа "Моби Дик"-ийг агнах нь бүү хэл олж харахад ч бэрх буй нь ойлгомжтой байна. Түүний хэлснээр багаа удирдаж чадвал үлдэнэ гэсэн нь оноо авалтаар лигийг тэргүүлсэн ч багийн амжилтаар сүүл мушгих юм бол тэрээр Визардс багтайгаа дахин нэг удаа гэрээ сунгах нь баараггүй ажээ.

Б.Амарбаясгалан

 

Ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа
Ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад төрийн одон гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад төрийн одон гардуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.