Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюу толгой“ 11 жилийн хугацаанд 5.8 их наяд гаруй төгрөг Монгол Улсад төлсөн

Огноо
Унших
4 минут 31 секунд

“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгарч ирсэн бөгөөд 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлөөд байна.

“Оюу толгой” ХХК Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч бөгөөд 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан байна. Монгол Улсын томоохон ажил олгогчийн хувьд ажлын байраар дамжуулан үнэ цэн бүтээж байгаагаараа бахархдаг. Одоогоор тус төсөлд 12,300 гаруй хүн ажиллаж байгаагаас 94 хувь нь Монголчууд байна.

Тус компани 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөнбөгөөд Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс ашигт малтмалын нөөц ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлсэн.

“Оюу толгой” ХХК 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм.

“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, төлбөрийг холбогдох хууль, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Татварын ерөнхий газраас өгсөн зөвлөмжүүдийн хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг билээ. Мөн тус компани нь Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Үнэ шилжилтийн зөвлөмж гэх мэт олон улсын холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа баримталж ажилладаг.

Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд “Оюу толгой” ХХК нь 797 сая ам.долларыг1 татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн. Мөн хугацаанд “Оюу толгой” ХХК нь 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна.

Татварын ерөнхий газар нь Нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн.

Энэхүү Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг ХөОГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна.

“Оюу толгой” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч “Оюу толгой” ХХК нь татвар, төлбөрийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлдөг гэдгээрээ бахархдаг. Оюу толгой шиг том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн ил тод, урьдчилан таамаглах боломжтой татварын орчинд үндэслэн хийх боломжтой байдаг” гэв.

Трамп Вашингтонд онц байдал тогтоожээ
Трамп Вашингтонд онц байдал тогтоожээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.