Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаа ганцаа хөөхийн оронд бусад төслөө хөдөлгөөч

Ангилал
Улс төр
Огноо
Унших
19 минут 27 секунд

Оюутолгойн гэрээг цуцлах талаар сүүлийн үед яригдаад эхэлжээ. Сүүлийн үед ч гэж дээ байгуулагдсаны маргааш нь л гэрээг цуцал, шар толгойтнуудыг хөөж гарга гэсэн хөдөлгөөн энд тэндгүй өрнөсөн. Гэхдээ тухайн үед ерөнхийдөө уг гэрээ нийгмийн дэмжлэгийг авсан юм. Ерөнхий сайд С.Баяр харьцангуй нэр хүндтэй байсны дээр нийтээрээ урьдчилж 100 сая доллараар авлигдуулаад иргэн бүртээ хишиг хувь тараагаад өгчихсөн байсан нь нөлөөлсөн л байх.

Харин өнөөдөр Оюутолгойн гэрээг магтах хүн хуруу дарам болжээ. Монжуулж байгаа нь ч хөдлөшгүй үнэн. Тоо баримт худал хэлэх биш. Анхны зохиол ёсоороо бол бид хойтон жилээс ногдол ашиг авч эхлэх байлаа. Энэ хооронд бидэнд орж ирэх татварыг 7-8 тэрбум ам.доллар гэж тооцож байв. Гэтэл өнгөрсөн арван жилийн хугацаанд 2.8 тэрбум ам.долларын татварын орлого орж ирсэн байна. Төгрөгөөр бодоход 5.6 их наяд гэдэг бага мөнгө биш. Гэвч анхны төлөвлөсөн татвараас 3 дахин бага. Мөн дээр нь бид ногдол ашгаа 2040 хүртэл харалтгүй болчихсон. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 4.4 тэрбум доллар гэж тооцож байсан боловч 6.3 тэрбум доллар болтолоо өссөн. Үүнийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар дубайн гэрээгээр хүлээн зөвшөөрсөн. Одоо нэмэлт хөрөнгө оруулалт буюу далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2 тэрбум доллараар нэмэгдэнэ ашиглалтанд орох хугацаа хойшлоно гэж хөрөнгө оруулагчид ярих боллоо. “Ингэж байгаа бол зайлаарай” гэж манай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зангарагтай дугарна лээ. Зөв. Гэхдээ ингэж дугараасай гэж хүлээж байгаа тал нь “Рио Тинто” гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй. Бид дубайн гэрээг цуцалж болно. Гэхдээ цуцлахаар юу болох вэ? Гэдгээ бодохгүй бол горьгүй. Ирээдүйгээ бодохын тулд өнгөрснийг дурсахад ч гэмгүй.

Анхны болзоо

2008 онд С.Баяр сонгуульд намаа ялуулсан ч хамтарсан засаг байгуулав. Тэрээр намынхаа нөхдийн эсэргүүцлийг сөрөн байж ялагдсан АН-ыг өвөртөө оруулсан нь том төслүүдээ хөдөлгөе гэсэн эдийн засгийн бодлоготой нь холбоотой гэдгээ өөрөө ч нуудаггүй. Ингээд хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа.

Гэрээний анхны хувилбар Монгол Улс ямар ч хувь эзэмшихгүйгээр рояалти авах замаар ашгаа хүртэхээр орж ирэв. Гэвч энэ нь УИХ-ын дэмжлэгийг авсангүй. Заавал 34 хувийг нь ав гэдэг эх оронч шаардлагатай туллаа. Энэ тулгалтын оройд нь явсан нөхдүүд одоо ч шударгын туйл болон орилогсод байдаг. Аж ахуйн ажил хийж хүнд цалин өгөхийн зовлон мэдэхгүй атлаа өчнөөн тэрбумын хадгаламжтай гэдгээрээ ижил төстэй нөхөд. Харин аж ахуй мэддэг хүмүүс нь арай л өөр зүйл ярьж байлаа. “Ийм том төсөлд хувь эзэмшихтэр хэмжээгээрээ их эрсдэлтэй. Төр засаг компаний хувьцаа эзэмших зохимжгүй. Татвар дээрээ нэмээд бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас нь рояалти ашиг аваад явах замаа сонгосон нь дээр. Хэрвээ хувь эзэмшвэл хөрөнгө оруулагч тал зардлаа өсгөнө. Үүнийг нь дагаад бидний оруулах хөрөнгө оруулалт ч өснө. Тийм мөнгө байхгүй. Тэр хэмжээгээр бид өрөнд орно, ногдол ашиг авах хугацаа хойшилно” гэж ярьж бичиж байсан ч тоосонгүй. Эх оронч 34 хувийн гэрээг баталлаа. Балагтай ч бай баяртай ч бай Монголд нэг өдөрт 100 сая ам.доллар орж ирж хүн бүр 100 мянган төгрөг авсан түүх байсангүй.

Тухайн үед 5 их наяд төгрөгт эргэлдэж байсан ДНБ гурван жилийн дотор 4 дахин томорч 20 их наяд хүрсэн гээд бодохоор Оюутолгойн төслийг анхнаасаа үр өгөөжгүй байсан гэж хэлж болохгүй. Хэн ч тоодоггүй Монголын нэр барууны томоохон хэвлэлүүдээр гарч дараагийн Дубай гэж нэрлэгдэх болов. “Iphone"  "blackberry” утсыг хамгийн их худалдаж авсан хүмүүс Монголчууд болов. “Рио Тинто” Монголд орж ирлээ гэдэг нэрээр гадаадын хөрөнгө оруулалт эгшин зуур 4 тэрбум ам.доллар давав. 2011 онд Эдийн засгийн өсөлт 17.4 хувьтай гарсан нь Дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болов. Уул уурхайн нөгөө гигант компани болох “BHP” Улаанбаатарт оффисоо нээв. Тавантолгойн ордод тэд эргэлт буцалтгүй бооцоо тавьсан юм. Барууны бизнесийн сувгаар Монгол гэсэн нэр гарах нь олширч мөнгө хийх сонирхолтой хар, шар толгойтнууд нааш чиглэх нь үлэмж ихэслээ. “Рио Тинто”-гийн ачаар говьд амьдрал цэцэглэв. Говьд хүн болж төрснөөс хангайд буга болж төр гэж ярьдаг говийнхоны магнай хэдэн зуун жилийн дараа ингэж нэг тэнийв. 15 мянга орчим хүн ажилтай орлоготой байгаагийн дээр 2000 орчим аж ахуй нэгж зөвхөн Оюутолгойд нийлүүлэлт хийж амь зуудаг болжээ.

Угсраа тоглолт ба угсраа бүтэлгүйтэл

2010 оны 6-р сард УИХ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлав. Гол агуулга нь Монголд зөвхөн Оросын буюу өргөн царигтай зам тавина. Ингэж дэлхийн 2-р дайны үеийн хоцрогдсон төмөр зам маань үүрд Оросын төмөр замын морг байхаа албан ёсоор тангараглав. Үүнээс хоёр жилийн дараа Киргизэд иймэрхүү хууль батлагдсан нь танил технологи ч юм шиг.

С.Баяр тэнэг хүн биш байлаа. Том мөнгө том эрсдэл дагуулдаг. Ялангуяа улсаараа нэг төслийн барьцаанд орно гэдэг маш аюултай. Тийм учраас дараагийн мега төслийг хурдан хөдөлгөж дургүй хүрвэл "Рио тинтод"-д салаавч гаргаад хэсэг хугацаанд шокоо даах тэнхэлтэй болох ёстой гэдгийг тэр маш сайн мэдэж байв. Түүнийг залгамжлагч С.Батболд ч энэ чиглэлд эрчимтэй ажиллаж эхэллээ. Харин Хойд айл “Рио Тинто”-г ороод ирсэнд илт дургүй байлаа. Энэ тухайгаа гадаад харилцааны төв хэвлэл дээрээ хүртэл нийтэлж “Д.Медведив хэт зөөлөн Ерөнхийлөгч байсан учраас Английн хатан хааны гэр бүл Монголд хяналтаа тогтоолоо” гэж ил цагаан уурссан нь бий. Өдгөө Оюутолгойг шахах тоглолтыг хойноос дэглээд байгаа гэх хардлага бий. Баталгаатай мэдээлэл биш учраас түр орхиё.

Ер нь Оросууд бидний тусгаар тогтнолыг дэмждэг ч давраахыг хүсдэггүй. Хойд Солонгос маягийн хаалттай гупер улс байлгахыг хүсдэг. Харин урд айл өнгөтэй өөдтэй байхыг дэмждэг ч бидний алдагдсан нутгаа гэж үздэг. Ийм хайчин дундах эмзэг улсад Адам смит эсвэл К.Марксын бичсэн шиг эдийн засгийн онол хэрэгжих боломжгүй. Гуравдахь хөрш гэдэг хаанаа ч байхгүй бодлого ба түүнрүү тэмүүлсэн эдийн засгийн тоглолт олон талаараа онолтой зөрчилдөнө. Энэ эрх ашиг давамгайлж байж л нөхцөл тааруу ч "Рио Тинто"-г чирж оруулсан эдийн засгийн агуулгаас гадна Монголчуудын тусгаар тогтнолоо олохын төлөө тэмцсэн үеэсээ барьж ирсэн бодлоготой нь холбоотой байлаа. Тэрнээс биш тухайн үед Чайнолко 49 хувь дээр орж ирье. Та нараас мөнгө гаргуулахгүй гэсэн уриалгахан санал тавьж ч байлаа.

Оюутолгойн араас угсраад тавантолгойг хөдөлгөх замаар бид хоёр бороохойтой болох учиртай байв.  Эдийн засагт учирч болох шокыг даагаад гарах хоёр дахь сэлүүр. Гэтэл тавантолгойг хөдөлгөх гэсэн оролдлогууд удаа дараа бүтэлгүйтэв. 100 хувь төрийн мэдэлд байгаа уг ордыг хөдөлгөх уг нь Оюутолгойн гэрээ байгуулахаас арай л дөхөм. С.Батболдын Засгийн газар АНУ, Япон, Хятад, Солонгос, ОХУ гэсэн таван улсын хамтарсан консерциум оруулж ирээд хэрүүл уруулгүй урагшлах зальтай хувилбар оруулж ирэв. Гэвч үүнийг Ц.Элбэгдорж тас зогсоолоо. Сүүлд сонсох нь ээ Оросын тал хувьцаагаа голсон учраас тендерийг дахин явуулахыг шахсан гэдэг. Гэтэл дараагийн тендерт Оросууд орж ирээгүй. Энэ хооронд бид өргөн нарийн төмөр замаа ярьж маргасаар. Нэг хартал Оросын нүүрсний экспорт 150 сая тн хүрчээ. Гэхдээ бүр эх оронч өргөн царигаар биш Хужаа нарийн царигаар тээвэрлэгдэж байна гээч. 2030 онд энэ тоо 193 сая тн хүрэх ажээ.

Бид гол зах зээлрүүгээ 200-хан км төмөр зам тавихгүй хойшоо сарны зүг төмөр зам татаж байгаа. Өөрсдийн тэнэглэлээ нэг их гадны нөлөө энэ тэр гэж хүч оруулмааргүй л байгаа юм.  Тавантолгой анх удаа 1 их наядын ашигтай ажилласан хэрнээ бүх мөнгөө зүүн баянгийн төмөр замруу оруулчихсан нь эдийн засгийн утгаар ч эх оронч утгаар ч ойлгох аргагүй шийдвэр. Ер нь тавантолгойн ордыг хөдөлгөх шийдэл маш энгийн. Нэгдүгээрт төмөр зам, хоёрдугаарт угаах үйлдвэр, гуравдугаарт цахилгаан станц. Гэтэл бид төмөр замаа ч тавьж чадалгүй шороо татуулсаар 20 сая тонныг зөөж байна. Төмөр зам тавьсан бол 50 сая тонн хүрэх байлаа. Тавантолгойн алдагдсан боломжийн өртөгийг 11 тэрбум ам.доллар гэж тооцож гаргасан нь бараг үнэн байх. Анх 2006 онд Германы “Дойчий Банк”  “Энержи ресурс”-тай хамтарч төмөр зам тавихад 250 сая доллар хэрэгтэй гэж байлаа. Дараа нь “Энержи Ресурс” 500 сая ам.доллараар хөрөнгө оруулалт хийгээд төмөр зам тавьж байсныг улс зогсоосон. Улс ч юу байхав мафийн нэрээр компаниа нэрлэсэн, Монголчуудад төмөр зам өргөн нарийн хоёр янз байдаг гэдгийг ойлгуулсан ачтай нэг бөх эр. Удалгүй эх оронч төрийн төмөр замын өртөг 1 тэрбум ам.долларын өртөгтэй болж хувирав. Сүүлд сонсоход 1.3 тэрбум ам.доллар гээд холбоо тасарсан байдаг. Товчхондоо цаг хугацаа алдах тусам мега төслүүдийн зардал ихсэж шийдэл муудсаар иржээ. Ийм эргүүлэгт орж муу шийдвэрүүдээс нэгийг нь сонгосон Ч.Сайханбилэгийг 100 хувь буруутгах бас аргагүй

                                                                                               Мөлхсөнөөс доголсон нь дээр

2013 оны 3-р сарын 4-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын индэр дээрээс “Рио Тинто”-д дайн зарлалаа. Хэдхэн сарын дараа сонгууль болох байсан учраас нам, ард түмнийнхээ халуун дэмжлэгийг авах шаардлага байсан л байх. Тэрнээс бол “Оюутолгойн гэрээ байгуулагдснаар Монголчууд нийтээр урагшаа алхалаа” гэж шагшин магтаж явсан хүн л дээ. "Рио Тинто"-д ганц элэгтэй байсан Ерөнхийлөгч "зардал нь хэт хэтэрсэн гэрээг эргэн харах шаардлагатай" гэж хэлснээр токсик Засгийн газар, УИХ-ын даргатайгаа нэг тал боллоо. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж уг нь Монголчууд ярьдаг. Харьцаанаас харьцаа үүснэ ч гэдэг. Н.Алтанхуягийн Засгийн газрын уул уурхайн сайд Д.Ганхуяг, эдийн засгийн сайд Н.Батбаяр,УИХ-ын дарга З.Энхболд нар бол Оюутолгойд анхнаасаа харшилтай “токсик” байсан нөхөд. Н.Батбаяр “Рио Тинто”-гийн удирдлагуудтай анх уулзахдаа “эдийн засгийн алуурчдаар юу байна” гэж мэндэлсэн ч гэдэг. Гэрээг зогсооё, шулаачдыг хөөе гэсэн галзуу хэнээг нь эх оронч гэж зөлрүүлж өршөөдөг л байх даа. “Financial Times сонин дээр “Dick head” гэж бичүүлсэн өөр улсын сайд байдаг эсэхийг судлахад гэмгүй л байх.

Бизнесийн хуулийн дагуу Рио Тинто зардлаа өсгөх тактикыг анхнаасаа баримталж ирсэн. Тэд бол сайн хүмүүс биш. Мөнгө хийх гэж байгаа зуун жилийн туршлагатай компани. Хамтрагчаа хийдүүлж аль болох илүү ашиг хонжоо харахыг нүгэл хилэнц гэж үзвэл бид энэ ертөнцөд нүгэл хилэцийн цаг үед л амьдарч яваа улс. С.Батболдын Засгийн газар зардлын дүн ТЭЗҮ хоёроо ойр ойрхон тулгаж хардаг байв. Ядахад гэрээг байгуулсан С.Баярцогт, Д.Зоригт нар нөгөө хэдтэйгээ ангилиар чөлөөтэй хэрэлддэг байсан гэдэг. Үүнийхээ хүчинд янз бүр болж байж 670 сая ам.долларын зардлын хэтрэлтийг эхний жилдээ хүчингүй болгож байв. Гэтэл тэдний араас хэлээрээ биш хөлөөрөө ойлголцдог нөхдүүд гэрээг гардаж авлаа. Энэ үед түүхий эдийн үнэ унаж дотоодын улс төр үймэж эхэлсэн нь “Рио Тинто”-д барьцаа ахиулах сайхан боломж өгсөн юм. Өөрсдөөс нь өөр мега төсөлгүйг тэд маш сайн мэдэх учраас новширч байгаад нөхцлөө тулгаж, өгөөжөө нэмэхээ мэднэ. Галзуу солиотой сайд нартай кайфтай аргагүй хэрэлдэж, хүсэн хүлээсэн салаавчаа авлаа. Түүхий эдийн хямралаар далимдуулж олборлолтоо зогсоож, хүмүүсээ халав. Далд уурхайн бүтээн байгуулалтаа хугацаагүй хойшлуулж товчхондоо маниусыг нам багалзуурдав. Эгшин зуур эдийн засгийн өсөлт хасахруу орж гадаад хөрөнгө оруулалт -500 сая ам. доллар боллоо. 100 давж халуурсан нүүрс 20 доллар болж төсвийн алдагдал талийж өгөв. Ядахад хэдэн хааныхаа нэрээр авсан элдэв Бондын зээлийн дарамт нэмэгдлээ. Төрийн зарим байгууллага цалингаа тавихгүй болж, тендер гүйцэтгэсэн компаниуд гүйцэтгэлээ авч чадалгүй нэг биш хүн амиа хорложээ. Цочроо авсан УИХ оюутолгойн гэрээ хэлэлцээрийг идэвхжүүл гэсэн чиглэлийг Ч.Сайханбилэгт өгөв. Гэдийж байсан бид гуйдах өдөр ирэх нь тэр. Ийнхүү алдарт Дубайн гэрээ байгуулагдаж “Рио Тинто”-гийн зардлын хэтрэлтийг зөвшөөрч, төлөөгүй татварыг нь хүчингүй болгож буулт хийсэн байдаг.

Юм гэдэг хоржоонтой. Таван жилийн дараа 20 доллар хүртэл унаад байсан нүүрс 70 болтолоо гозоов. Хасахруугаа ороод байсан эдийн засаг нэмэх дээрээ орж ирлээ. Эргээд бид хэрүүл хийхтэйгээ болж ирэв. Ер нь яахаараа ингэдэг юм та нар… Гэтэл яг энэ тэнэглэлийг “Рио Тинто” хүлээж  байдаг. Ёстой жомоо алах гээд гэрээ шатаахын үлгэрээр бид хөрөнгө оруулагчдаа байранд тавих гэж байгаад өөрсдөө тавиулах вий дээ. Хэрвээ тавантолгойгоо бид хүн шиг хөдөлгөөд хос морьтой болоод авсан бол “Рио Тинто”-д томоос том салаавч өгөхөд алдах юун. Байгаа ганцаа балбаж попрохын оронд байхгүй төслүүдээ хөдөлгөхөд анхаармаар юм.   “Рио Тинто”-г хөөгөөд гаргавал эдийн засгийн шокыг бид даах бил үү. Цаашлаад” Рио Тинто” гарвал бид тэдний оруулсан гэх хэдэн тэрбум долларын өрөнд унаад уурхайгаа олон улсын арбитраар лацдуулж хэдэн жил болно. “Рио Тинто”-д яарах шалтгаан байхгүй тэд маргааныг олон жил сунжруулахыг л хүснэ. Хэний талд шийдэгдэх нь сонин биш. Тэд хийдгээ хийчихсэн. Одоо новшрох замруугаа орж байна. Өөрсдөө алдвал өрөөл хэнийг ч оруулахгүй байх аргаа тэд олно. Үнэгүйдүүлэх технологи гэж алдартай ойлголт бий. Эргээд гуйлаа гэхэд тэд нөхцлөө улам чангаруулна. Өмнө нь ч тэгж байсан одоо ч тэгнэ. Бүтэхгүй бол нэхэмжлэхээ үлдээгээд хаяад явна. Монголчууд ангарагруу нүүдэггүй юм бол хэзээ нэг өдөр тэр өрийг нь төлж л таарна. Энэ нь хойд айлын Элега зэсийн уурхайгаа хөдөлгөж өрсөлдөгч Оюутолгойг нураах бодлоготой яг цав нийцнэ. “В.Путин минь бид танай нөлөөллийн бүсээс гарлаа шүү гэж Борис Жонсон хандарч ярих байх даа”. Тэд ингэж л тоглодог. Гомдох хэрэггүй. Энэ бүхнийг харахад бидэнд зориулсан яг л нэг кино зохиол шиг харагдаад байгаа юм. Харин тэдэнд зориулсан бидний зохиол байгаа бил үү? 

 

Facelook:Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск
Facelook:Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск
 
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.