Дугаарын хязгаарлалтад орж автомашинаа унаагүй иргэдэд зам ашигласны төлбөрөөс 3,836-19,180 төгрөгийг буцаан олгох тооцоолол гарчээ

НИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Төслийн хүрээнд COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтад орсон иргэн, аж ахуйн нэгжийн ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.
Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийслэлд 744,246 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас дугаарын хязгаарлалтад хамрагдах 720,122 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон байна.
Тогтоолын төсөлд дугаарын хязгаарлалт үйлчилсэн хоногийн тоогоор авто зам ашигласны төлбөрийг буцаан тооцохоор тусгажээ. Ингэснээр тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран иргэд нэг хоногт 274-1,370 төгрөг, 14 хоногт 3,836-19,180 төгрөг, нэг сард 8,220-41,100 төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо гарсан байна.
Харин нийслэлийн төсвөөс нийт 14 хоногийн хязгаарлалтын нөхөн тооцоонд 4.2 тэрбум төгрөг, 30 хоногоор тооцвол 9 тэрбум орчим төгрөгийг буцаан олгох тооцоолол гаргажээ.
Уг хөнгөлөлтөд дипломат байгууллагын, тусгай дуут болон гэрлэн дохио ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, хөгжлийн бэрхшээлтэй хүний таних тэмдэг бүхий автомашин, нийтийн тээвэр, хүүхэд болон ажилчдыг зохион байгуулалттайгаар тээвэрлэдэг автобус хамаарахгүй аж.
Түүнчлэн энэхүү зохицуулалт нь дугаарын хязгаарлалтыг цуцлах шийдвэр биш бөгөөд зөвхөн иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн авто зам ашигласны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх санхүүгийн зохицуулалт болохыг тогтоолын төсөлд онцолжээ.
НИТХ-ын төлөөлөгчид тогтоолын төслийг хэлэлцэж, хөнгөлөлт үзүүлэх эсэх болон эцсийн хэмжээг шийдвэрлэнэ.



