СУРВАЛЖИЛГА: Архи, тамхи, амьдралын буруу хэв маягаас болж 20 гаруй насны залуус ходоодны шархаар оношлогдож байна

Сурвалжлага
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 5 мин 14 сек
00
IMG_2678.webp

Ходоод өвдөхөд өвчин намдаах эм уугаад, хэсэг хугацааны дараа зовуурь намдмагц эмнэлэгт хандах шаардлагагүй гэж боддог хүн олон. Өлөн явснаас болсон байх, хоол шингээгүй байх гэж өөрийгөө тайвшруулсаар өвчнөө хүндрүүлэх тохиолдол ч бий. Гэвч ходоодны хананд үүссэн жижиг шарх цааш гүнзгийрч, судас гэмтээснээр дотуур цус алдах, улмаар ходоодны хана цоорох аюултай. Ийм үед яаралтай эмнэлгийн тусламж авахгүй бол амь насанд хүрэх эрсдэлтэй.

Монгол Улсад ходоод, 12 нугалаа гэдэсний шарх өвчний шинэ тохиолдол сүүлийн 10 жилд бараг хоёр дахин нэмэгджээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн өнгөрсөн оны аравдугаар сард шинэчлэн танилцуулсан статистикаар 2015 онд улсын хэмжээнд 5,516 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2024 онд 10,555 болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, 10 жилийн хугацаанд 91.3 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Зөвхөн 2024 оны үзүүлэлтийг авч үзвэл өдөрт дунджаар 29 хүн шинээр ходоод, 12 нугалаа гэдэсний шархтай гэж оношлогджээ.

Өвчлөлийн шинэ тохиолдол 2022 онд 10,963, 2023 онд 10,971 хүрсэн бол 2024 онд 10,555 болж бага зэрэг буурсан ч жилд 10 мянгаас давсан хэвээр байна. Эдгээр нь ходоод, арван хоёр нугалаа гэдэс болон байрлал тодорхойгүй пептик шархны шинэ оношийн тоо бөгөөд өмнөх жилүүдэд оношлогдсон хүмүүсийг дахин тоолоогүй үзүүлэлт юм.

-Л.Золжаргал: Ходоодны шархын 70-80 хувь нь хеликобактеритай холбоотой-

_DSC5348.webp

Ходоодны шарх өвчнийг зөвхөн нас ахисан хүмүүсийн асуудал гэж ойлгож болохгүй. Сүүлийн үеийн эмнэлзүйн ажиглалтаар залуу хүмүүс ч энэ өвчнөөр оношлогдох болжээ. Үүний нэг шалтгаан нь хеликобактерийн халдвар юм.

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч Л.Золжаргал “Ходоодны шархаар өвчлөлтийн 70-80 хувь нь хеликобактеритай холбоотой. Үүнээс гадна эмийн хэрэглээ, архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. 20 гаруй насны залуус ч амьдралын буруу хэв маягаас болж ходоодны шарх өвчнөөр оношлогдож байна” гэв.

Тус эмнэлэгт ходоодны шарх өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн дийлэнх нь 30-аас дээш насныхан байгаа аж. Гэхдээ энэ нь залуу хүмүүс өвчлөхгүй гэсэн үг биш юм. Монголын Анагаах ухааны үндэсний их сургуулийн судлаачид 2014-2016 онд улсын таван бүсийн ходоод гэдэсний зовуурьтай 736 хүнийг хамруулан хеликобактерийн халдварын судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 80 хувь буюу 589 хүн хеликобактерийн халдвартай байв. Насны бүлгээр авч үзэхэд, 30-аас доош насныхны 83.8 хувь, 30-39 насныхны 88.2 хувь нь халдвартай гарсан байна. Харин газарзүйн байршлаар Өмнөговь аймагт 87.1 хувь, Хэнтий аймагт 87 хувь, Улаанбаатар хотод 74.8 хувь байжээ.

Энэ нь нийт Монголын хүн амын дунд хийсэн судалгаа биш, ходоод гэдэсний зовуурьтай, шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн үр дүн гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэсэн ч залуу насанд хеликобактерийн халдвар өндөр хувьтай байгааг харуулж буй юм.

-Эмч Л.Золжаргал: Иргэд дурангийн шинжилгээнд хамрагдах дургүй, цааргалдаг-

IMG_2692.webp

Ходоодны шарх гэдэг нь ходоодны хүчил болон хамгаалах салст бүрхүүлийн тэнцвэр алдагдсанаас үүсдэг энгийн үрэвсэл төдий зүйл биш. Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний салст бүрхүүл гэмтэж, шархлаа үүссэн эмгэг юм. Шарх гүнзгийрэх үед судас гэмтээж цус алдуулах, эрхтний ханыг нэвт цоолох аюултай.

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх Хоол боловсруулах эрхтний болон бөөрний өвчний үндэсний хүрээлэнгийн мэдээллээр пептик шарх өвчний хүндрэлд цус алдалт, цооролт, шарх эрхтний хананд нэвчих, хоол боловсруулах замын бөглөрөл зэрэг багтдаг.

Ялангуяа шархнаас цус алдах үед өтгөн хар, давирхай шиг болох, цустай эсвэл кофены шаар шиг зүйлээр бөөлжих, толгой эргэх, ухаан балартах шинж илэрч болно. Харин ходоодны хана цоорсон тохиолдолд хэвлийгээр гэнэт маш хүчтэй өвдөх бөгөөд энэ нь яаралтай тусламж шаардсан байдал юм.

_DSC5354.webp

Ийм хүндрэл үүсэхэд өвчтөнд зөвхөн эмийн эмчилгээ хангалтгүй болж, цус тогтоох дурангийн эмчилгээ, зарим тохиолдолд мэс засал шаардлагатай болдог.

Харамсалтай нь иргэд зовууриа үл тоомсорлох, өөрөө онош тавих, эмнэлэгт үзүүлэхээс цааргалах нь бий. Л.Золжаргал эмч “Ходоодны шархтай байж болзошгүй зовуурь илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандаж, ходоодны дуран, хеликобактерийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Гэтэл иргэд дурангийн шинжилгээнд хамрагдах дургүй, цааргалдаг. Үүнээсээ болоод оношоо мэдэхгүй удаан явах эрсдэл үүсдэг. Мөн зарим хүн хэвлийгээр өвдөхийг нойр булчирхайн өвчинтэй андуурч, өөрөө оношлоод буруу эм хэрэглэх тохиолдол бий” хэмээн ярьсан юм.

-Хеликобактерийн халдвар ходоодны хорт хавдрын эрсдэлтэй холбоотой-

shutterstock_2236302613.webp

Ходоодны шархны талаар ярихдаа хеликобактерийн халдварын урт хугацааны үр дагаврыг орхигдуулж болохгүй. Учир нь энэ нян зөвхөн ходоодны шарх үүсгээд зогсохгүй, ходоодны архаг үрэвсэл, салстын хатингаршил болон ходоодны хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хавдар судлалын олон улсын агентлаг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд нийтэлсэн мэдээлэлдээ Монгол Улсыг ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшнээр дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй улс гэж дурджээ. Тус байгууллага Монголд хеликобактерийн халдварын тархалтыг, ялангуяа хүүхэд, залуусын дундах нөхцөл байдлыг илүү нарийвчлан судлах шаардлагатайг онцолсон байна.

Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр Монгол Улсад тухайн онд ходоодны хорт хавдрын 1,326 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт хорт хавдрын 16.2 хувийг эзэлжээ. Үүнээс 904 нь эрэгтэй, 422 нь эмэгтэй хүн байна. Түүнчлэн ходоодны хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 34.8 хувь нь III, 29.6 хувь нь IV шатандаа оношлогдсон байв. Өөрөөр хэлбэл, нийт тохиолдлын 64.4 хувь нь хожуу шатандаа илэрчээ.


Энд нэг зүйлийг ялгаж ойлгох шаардлагатай. Ходоодны шархтай хүн бүр хорт хавдартай болно гэсэн үг биш. Харин хеликобактерийн халдвар нь шархлаа болон ходоодны хорт хавдрын аль алиных нь эрсдэлт хүчин зүйл учраас халдварыг илрүүлж, эмчлэх нь чухал юм.

-Дур мэдэн эм уух нь өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй-

ccd5ec6b124fd3a412e2261cea5e759a.webp

Ходоодны шархны гол шалтгаан нь хеликобактерийн халдвар болон аспирин, ибупрофен, напроксен зэрэг үрэвслийн эсрэг өвчин намдаах эмийн зохисгүй хэрэглээ юм. Эдгээр эмийг өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэх нь ходоодны салстын хамгаалах тогтолцоог сулруулж, шарх болон цус алдалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тиймээс ходоод өвдөх бүрд дур мэдэн өвчин намдаах эм хэрэглэх нь зөв арга биш. Мөн хеликобактерийн халдвар илэрсэн тохиолдолд антибиотикийг өөрөө сонгон хэрэглэх бус, эмчийн заавраар бүрэн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээний дараа нян устсан эсэхийг давтан шинжилгээгээр баталгаажуулах нь чухал.

Ходоодны шархыг зөв оношилж, шалтгааныг нь арилган эмчилбэл эдгэрэх боломжтой. Харин өвдөлт намдсаныг эдгэрсэн гэж андуурч, дурангийн шинжилгээнээс цааргалж, өвчнөө удаан хугацаанд тоохгүй явах нь хамгийн том эрсдэл юм.


Өдөрт дунджаар 29 хүн шинээр оношлогдож буй энэ өвчнийг энгийн ходоодны хямрал гэж үл тоомсорлож болохгүй. Ялангуяа өтгөн харлах, цустай бөөлжих, хэвлийгээр гэнэт хүчтэй өвдөх зэрэг шинж илэрвэл гэрээр эмчлэх гэж оролдохгүйгээр яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

tenx-hd