ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт “Роснефть” шатахууны борлуулалтаа хязгаарлажээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 32 сек
00
images (6)-1.webp

ОХУ-ын газрын тосны “Роснефть” компани тус улсын хэд хэдэн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууддаа бензин, дизель түлшний борлуулалтад хязгаарлалт тогтоожээ. Мөн шатахууныг канистрт олгохыг зарим бүс нутагт бүрэн зогсоосон байна.

ОХУ-ын Забайкальскийн хязгаарын Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлснээр тус бүс нутгийн хот суурин газарт байрлах “Роснефть”-ийн ШТС-ууд нэг автомашинд 30 литр хүртэл, хөдөө орон нутгийн зам дагуух ШТС-ууд 50 литр хүртэл бензин олгож байгаа аж. Түүнчлэн шатахууныг канистрт худалдаалахгүй байхаар шийдвэрлэжээ.
Харин Бүгд Найрамдах Буриад Улсад хот суурин газрын ШТС-уудаар 30 литр хүртэл бензин, 50 литр хүртэл дизель түлш олгож байгаа бол хөдөө зам дагуух ШТС-уудад бензинийг 50 литр, дизель түлшийг 200 литрээр хязгаарласан байна. Энэ талаар тус улсын Засгийн газрын орлогч дарга Евгений Коркин мэдээлжээ.
Мөн Бүгд Найрамдах Карель Улсад шатахууны борлуулалтад ижил төрлийн хязгаарлалт тогтоож, канистрт түлш олгохыг бүрэн зогсоосон байна. Тус улсын тэргүүн Артур Парфенчиковын тайлбарласнаар энэ нь шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх, зохиомол хомсдол үүсэхээс сэргийлэх, ШТС-уудын хэвийн ажиллагааг хангах зорилготой аж.

Үүнээс гадна Архангельск, Пенза, Новосибирск муж болон Красноярскийн хязгаарт шатахууны борлуулалтыг хязгаарласан тухай мэдээлжээ. Тухайлбал, Красноярскийн хязгаарт нэг автомашинд АИ-95 бензинээс 30 литр, АИ-92 бензинээс 50 литр, дизель түлшнээс 100 литр хүртэл олгож байгаа аж.

Шатахууны борлуулалтыг хязгаарлах болсон шалтгааныг Украины ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийж буй дроны цохилттой холбон тайлбарлаж байна. Тухайлбал, аравдугаар сарын 30-наас хойш Украины цохилт эрчимжиж, ОХУ-ын наймаас доошгүй томоохон газрын тос боловсруулах үйлдвэр халдлагад өртсөн талаар Reuters агентлаг мэдээлжээ. 
Тэдгээрийн дунд Самара мужийн Новокуйбышевскийн газрын тос боловсруулах үйлдвэр, Уфа хотын “Башнефть” компанийн үйлдвэр болон бусад стратегийн байгууламж багтаж байгаа юм. Үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсоноор бензин, дизель түлшний дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтэд хүндрэл үүсэж, зарим бүс нутагт шатахууны хомсдол дахин бий болжээ.