СУРВАЛЖИЛГА: ОХУ-аас шатахуун хэвийн орж ирж байгаа нь үнэн үү…

05.00 цаг. Улаанбаатар хот.
Арваннэгдүгээр сарын өглөө. Гадаа цас бударч байлаа. Өвлийн улирал хэдийнэ эхэлсэн ч тухайн өглөө харьцангуй дулаахан. Хотын гудамж хараахан хөл хөдөлгөөнд бүрэн ороогүй байхад бид шатахууны нийлүүлэлтийн мөрөөр хойд зүгийг зорин хөдөллөө.
Сүүлийн хэдэн сар АИ-92 автобензиний хомсдол иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж, шатахуун түгээх станцын гадна автомашинууд дугаарлан зогсох нь энгийн үзэгдэл болов. Жолооч нарын хувьд хамгийн чухал асуулт нь “Бензин хэзээ хэвийн олдох вэ” гэдэг. Харин бид энэ асуултын хариуг нийлүүлэлтийн эхлэлээс нь хайхаар шийдсэн юм.
Монгол Улсад хэрэглэж буй шатахууныг импортоор авдаг. Тэгвэл ОХУ-аас ачигдсан шатахуун Монголын хилээр орж ирснээс хойш төмөр замаар хэрхэн тээвэрлэгдэж, Улаанбаатарын агуулахад хүрдэг вэ. АИ-92 бензиний нийлүүлэлт яг аль шатандаа саатаж байна вэ.
Энэ асуултын хариуг олохоор бид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнөөс эхлээд Улаанбаатар хотын Толгойт өртөө, цаашлаад Сонсголон дахь шатахууны агуулах хүртэлх замыг дагаж сурвалжиллаа.
12.45 цаг. Сэлэнгэ аймаг, Сүхбаатар өртөө.
Биднийг Сүхбаатар өртөөнд байх үед шатахуун ачсан галт тэрэг 12.45 цагт ирэв. Нийт 52 вагонтой уг галт тэрэгний 23 вагон дизель түлш, хоёр вагон АИ-92 автобензин тээвэрлэж байлаа. Үлдсэн вагонууд бусад төрлийн газрын тосны бүтээгдэхүүн ачжээ.
Нэг галт тэргээр ирсэн 52 вагоны ердөө хоёр нь л АИ-92 бензин байв. Шатахууны хомсдол үүссэн энэ үед нийлүүлэлтийн хэмжээг илтгэх нэгэн бодит дүр зураг энэ байлаа.
УБТЗ-ын Сүхбаатар өртөөний дарга Б.Хоролсүрэнгээс тухайн өдрийн ирсэн шатахууны хэмжээ, цааш тээвэрлэх зохион байгуулалтын талаар тодруулахад, "Өртөөнд ирсэн шатахуунтай вагоныг дараагийн өртөө рүү аль болох шуурхай явуулахыг зорьдог бөгөөд ирснээс хойш 175 минутын дотор хөдөлгөх төлөвлөгөөтэй ажилладаг" гэв.
Түүний мэдээлснээр, арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт нийт 155 вагон АИ-92 бензин ирсэн байна. Харин өдөр бүрийн нийлүүлэлтийн хэмжээ харилцан адилгүй байжээ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 2-нд 66 вагон АИ-92 бензин ирсэн бол зарим өдөр үүнээс харьцангуй бага хэмжээтэй ирсэн байна.
Тэрбээр ОХУ-ын тал мэдээллээ шуурхай өгч, нийлүүлэлтэд анхаарал хандуулж байгаа ч захиалсан хэмжээ бүрэн баталгаажихгүй, бодит нийлүүлэлт захиалгад хүрэхгүй байгааг онцолсон юм. Үүнд ОХУ-ын дотоод нөхцөл байдал нөлөөлж болзошгүй аж. Харин дизель түлшний нийлүүлэлт өвлийн улиралтай холбоотойгоор нэмэгдэж байгаа" гэв. Өөрөөр хэлбэл, шатахуун Монголын хилээр орж ирж байгаа ч захиалсан хэмжээгээр, хүссэн хугацаандаа ирэхгүй байгаа нь нийлүүлэлтийн эхний шатанд тулгарч буй асуудал юм.
-М.Дамдинхорол: АИ-92 байхад АИ-95 гэж мэдүүлэх боломжгүй-
Сүхбаатар өртөөнд ирсэн шатахууны дараагийн шат нь гаалийн бүрдүүлэлт. Шатахууны төрөл, хэмжээ, ангилалтай холбоотой асуудлыг Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын Захиргааны хэлтсийн дарга М.Дамдинхоролоос тодрууллаа.
Түүний мэдээлснээр, тухайн өдөр ирсэн 52 вагоны хоёр нь АИ-92 автобензин байсан бөгөөд ерөнхийдөө хилээр орж ирж буй шатахуунтай вагоны 10-15 орчим хувийг автобензин эзэлдэг байна. Мөн шатахууны импортын хэмжээ өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад ерөнхийдөө хэвийн байгаа ч тодорхой хугацаанд хэлбэлзэл гарч байсныг дурдсан юм.
Зарим иргэд АИ-92 бензинийг өөр төрлийн шатахууны ангиллаар мэдүүлж оруулж ирдэг эсэхэд эргэлзэж буй. Энэ талаар тодруулахад, АИ-92 бензинийг гаалийн бүрдүүлэлтэд K2-K5 гэсэн ангиллаар мэдүүлдэг бөгөөд уг ангиллаар Евро-92 болон энгийн АИ-92-ыг гаалийн байгууллага дангаар нь ялган тодорхойлох боломжгүй, импортлогч аж ахуйн нэгжийн сонгосон горим, мэдүүлгээс хамаардаг байна. Харин шатахууныг АИ-92 байхад АИ-95 гэж мэдүүлэх боломжтой эсэхэд тэрбээр ийм тохиолдол Сэлэнгэ аймгийн гаалийн газарт бүртгэгдээгүй, гаалийн мэдүүлгийг цахимаар хүлээн авч, хяналт шалгалтыг тухай бүр хийж байгааг тайлбарлав.
Ингээд бид шатахуун хилээр орж ирсний дараах төмөр замын тээвэрлэлтийн явцыг харахаар Улаанбаатар хотыг зорилоо.
-21.30 цаг. Толгойт өртөө: Шатахуун буулгах ажил үргэлжилж байв-
Өглөө Сүхбаатар өртөөнд ирсэн шатахууны урсгалыг дагасаар бид орой Улаанбаатар хотын Толгойт өртөөнд хүрэв. Цаг 21.30 болжээ.
УБТЗ-ын Толгойт өртөөний дарга Т.Үржингээс тухайн өдрийн шатахуунтай вагонуудын хөдөлгөөн, буулгалтын явцын талаар тодруулахад, 17.13 цагийн байдлаар нийт 26 вагон ирсэн байжээ. Үүнээс 17.40 цаг гэхэд 18 вагоныг буулгаж дууссан бол үлдсэн найман вагон 17.00 цагаас хойш ирсэн байна.
Төмөр замын техникийн үзлэг шалгалт дууссаны дараа үлдсэн вагонуудыг буулгахаар төлөвлөсөн байна. Мөн түүний мэдээлснээр, энэ онд Толгойт өртөөнд буулгасан нефтийн бүтээгдэхүүн, шатахууны нийт вагон өнгөрсөн оны мөн үеэс 1,087-оор нэмэгдсэн байна. Энэ тоо нь шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ өссөнийг харуулж байгаа ч АИ-92 бензиний нийлүүлэлт хэвийн болсон гэсэн үг биш. Учир нь нийт вагонд дизель түлш болон бусад төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа юм.
-Н.Жанчивнямбуу: Аравдугаар сарын захиалга 70 хувь нь тээвэрлэгдэж 30 хувь нь замд явж байгаа-
Шатахуун хэрэглэгчдэд хүрэхийн өмнөх сүүлийн цэг бол агуулах. Бид шөнийн 22.30 цагт Сонсголон дахь “Шунхлай” компанийн шатахууны агуулахад очлоо.
Тухайн үед агуулахад шатахуун ачсан 11 вагон ирсэн бөгөөд буулгах, ачих ажил үргэлжилж байв. “Шунхлай” ХХК-ийн Улаанбаатар газрын тосны бүтээгдэхүүний агуулахын газрын дарга Н.Жанчивнямбуугаас нөхцөл байдлыг тодруулахад, тухайн агуулахын үлдэгдэл нөөц дууссан байсан бөгөөд дизель түлш харьцангуй их хэмжээгээр ирж байгааг хэллээ.
Мөн өвлийн горимд шилжихтэй холбоотойгоор төмөр замын тээврийн хуваарь өөрчлөгдөж, Толгойт өртөөнд вагон бөөгнөрөх нөхцөл үүссэн байна. Гэхдээ энэ нь голчлон дизель түлш ачсан вагонуудтай холбоотой бөгөөд АИ-92 бензиний нийлүүлэлтийн асуудлаас тусад нь авч үзэх шаардлагатайг тайлбарлав.
Түүний хэлснээр, АИ-92 бензиний хомсдолын гол шалтгаан нь ОХУ-ын нөхцөл байдал, геополитикийн зөрчилтэй холбоотойгоор захиалсан хэмжээний шатахуун бүрэн баталгаажихгүй, хугацаандаа ирэхгүй байгаатай холбоотой аж.
Тухайлбал, есдүгээр сард Улаанбаатарын агуулахад нийлүүлэхээр 13 мянган тонн шатахуун захиалсан боловч үүнээс 7 мянган тонн нь л баталгаажсан байна. Аравдугаар сарын захиалга ч бүрэн ирж амжаагүй бөгөөд тухайн үед ачигдсан хэмжээний 70 хувь нь тээвэрлэгдэж, үлдсэн 30 хувь нь замд явж байгааг мэдээлэв.
Мөн тухайн өдөр агуулахад ирсэн 11 вагоноос гадна дахин 30 вагон ирэх ёстой байсан ч хилээр нэвтрээгүй байжээ. Өөрөөр хэлбэл, захиалга өгсөн ч түүнийг хүссэн хэмжээгээр баталгаажуулахгүй, баталгаажсан шатахуун нь ч товлосон хугацаандаа ирэхгүй байгаа нь агуулахын нөөцөд шууд нөлөөлж байна.
Эндээс харахад шатахууны нийлүүлэлтийн асуудал зөвхөн хил дээр эсвэл төмөр замын өртөөн дээр үүсэж буй зүйл биш. Захиалга баталгаажих, шатахуун ачигдах, хилээр нэвтрэх, төмөр замаар тээвэрлэгдэх, агуулахад буулгах гээд бүх шатны уялдаа чухал байна.
-Шатахуун хаана саатаж байна вэ-
Бид өглөөний 05.00 цагт Улаанбаатараас хөдөлж, 12.45 цагт Сүхбаатар өртөөнд ирсэн шатахуунтай галт тэргийг хүлээн авч, орой 21.30 цагт Толгойт өртөө, 22.30 цагт Сонсголон дахь агуулахад хүрч ажиллалаа.
Энэ өдрийн сурвалжилгаар нэг зүйл тодорхой болов. Монгол Улсад шатахуун огт орж ирэхгүй байгаа биш. Харин захиалсан хэмжээний шатахуун бүрэн баталгаажихгүй, ирэх ёстой хугацаандаа хилээр нэвтрэхгүй байгаа нь нийлүүлэлтийн тасалдал үүсгэж байна. Түүнчлэн хилээр орж ирсэн шатахууныг төмөр замаар тээвэрлэж, агуулахад буулгах хүртэлх үйл явц ч нийлүүлэлтийн тогтвортой байдалд нөлөөлдөг.
Нөгөө талаас, нийт шатахууны вагон нэмэгдсэн гэх үзүүлэлт АИ-92 бензиний нийлүүлэлт нэмэгдсэнийг дангаараа илэрхийлэхгүй. Учир нь тухайн вагонд ямар төрлийн бүтээгдэхүүн ачигдсан, захиалсан хэмжээний хэдэн хувь нь бодитоор ирсэн, агуулахад хэдий хэмжээний нөөц үлдсэн зэргийг хамтад нь авч үзэх шаардлагатай байна. Иргэдийн хувьд энэ бүх тоо баримтаас илүүтэйгээр шатахуун түгээх станцад очиход АИ-92 бензин хэвийн олдох эсэх нь чухал.
Шатахуун хилээр орж ирсэн ч хэрэглэгчийн гар дээр очих хүртэл олон шат дамждаг. Тэр бүх шатны мэдээлэл, бодит нөөц, нийлүүлэлтийн хугацаа ил тод байж гэмээнэ “Бензин хаана байна” гэсэн жолооч нарын асуултад тодорхой хариулт өгөх боломжтой юм.


