Нийслэлийн газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүүг томилохыг дэмжлээ

УИХ-ын Хянан шалгах түр хороо өчигдөр /2026.11.17/ хуралдаж, Түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Улсын Их Хурлын 2026 оны 10 дугаар сарын 23-ны 72 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн санал дүгнэлт гаргах Хянан шалгах түр хороог байгуулсан.
Түр хороо 1992-2025 оны шийдвэрүүд, нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, ой, усны хамгаалалтын бүсэд газар олгосон эсэх, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн эдэлбэр газарт газар олгосон байдал, газар олголтын мэдээллийн сан, эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан, хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах юм.
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилох саналыг хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн П.Батчимэг танилцуулсан.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүүг томилохыг дэмжжээ.


