Ирэх 12 дугаар сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, цас ихтэй байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 2 мин 58 сек
00
IMG_5759.webp

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтэс"-ээс тодруулах боломжтой. 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим , хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх хэдий ч олон жилийн дундажтай харьцуулахад 1–3ºС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС –аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх хэдий ч олон жилийн дундажтай харьцуулахад 1–3ºС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС –аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар ахиу орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх хэдий ч олон жилийн дундажтай харьцуулахад 1–3ºС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлчээс гуравдугаар арав хоногийн эхэн хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–5ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5ºС–аар дулаан байх бол хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Сарын эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.