Сагсанбөмбөгийн ОУХМ Ш.Энхийн-Од Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
01
IMG_5782.webp

Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.

Тэрбээр 2002 оны наймдугаар сарын 27-нд АНУ-ын Аризона мужийн Финикс хотод төрсөн бөгөөд Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-гийн нэгдүгээр дивизионд тоглосон анхны тамирчин юм.

Ш.Энхийн-Од АНУ-ын “Dayton Flyers”, “South Carolina Gamecocks” багуудад тоглож, улмаар 2026 оны аравдугаар сард NBA-гийн “Orlando Magic” багтай албан ёсны гэрээ байгуулсан Монголын анхны сагсан бөмбөгчин болсон. Өдгөө тус багийн харьяа NBA-ийн хөгжлийн лигийн “Osceola Magic” багт 55 дугаартай тоглож байна.

Тэрбээр Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнүүдэд оролцож ирсэн бөгөөд энэ сарын 26-29-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Азийн цомын 2029 оны урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудад шигшээ багаа ахлан оролцож байна.

Ийнхүү Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц болон түүний хүү Ш.Энхийн-Од нар хоёулаа Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн аав, хүү болж байна. Ц.Шаравжамц 2009 онд тус цолыг хүртэж байв.