СУРВАЛЖИЛГА: Энэ жилийн ханиад нэг өдрийн дотор хатгаа болж байна

Хүйтний улирал эхэлж, амьсгалын замын халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр ханиад томуу зөвхөн бага насны хүүхдүүдийг бус насанд хүрэгчдийг ч өргөн хамарч байна. Зарим иргэн хэд хоногийн дотор эдгэрэхгүй, олон хоногоор ханиалгаж, бие сульдан эмнэлэгт хандаж байгаа бол хүүхдүүдийн дунд халуурах, ханиалгах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрч, өвчин хүндрэх тохиолдол гарч байгааг эмч нар анхааруулж байна.
Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2026 оны аравдугаар сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд хүрчээ. Өвчлөгсдийн 77.1 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд бөгөөд амьсгалын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 65.3 хувь нь тав хүртэлх насныхан байна.
Гэхдээ энэ нь зөвхөн хүүхдүүдийн асуудал биш. Насанд хүрэгчид ч ханиад хүрч, ажлаа таслах, өдөр тутмын амьдрал нь доголдох хэмжээнд өвдөж байгааг иргэд ярьж байна.
-А.Түмэн-Өлзий: Хүүхэд өвдөхөд гэр бүлээрээ ханиад хүрч байна-
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр ирсэн эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнх нь ханиалга намдахгүй, халууралт нь буурахгүй байх нь хамгийн их санаа зовоож буй асуудал болжээ.
Энэ талаар хэвтэн эмчүүлж буй хүүхдийн ээж А.Түмэн-Өлзий ярихдаа "Манай хүүхэд эхлээд бага зэрэг ханиалгаж эхэлсэн. Энгийн ханиад байх гэж бодоод өөрийн туршлагаараа эмчлэх гэж үзсэн. Эдгээгүй улам л хүндрээд байсан. Хоёр хоногийн дараа халуурч, шөнө унтаж чадахгүй болтлоо ханиалгасан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхээр ирээд ор олдсон дээр нь хэвтэхээр шийдсэн. Сүүлийн үед хүүхдүүд их өвдөж байгаагаас гадна томчууд ч ялгаагүй ханиад хүрч байна. Гэр бүлийн нэг хүн өвдөхөөр бусдадаа халдаах эрсдэлтэй. Хүүхдээ өвдөхөөр ажил, амьдралаа зохицуулахад ч хүндрэлтэй. Хамгийн гол нь ханиад нь хүндрээд хатгаа болчих вий гэж санаа зовж байна. Манай хүүхдийнх хатгаа болохоос наагуур л юм боллоо. Одоо арай дээрдэж байна" гэлээ.
Сүүлийн үед хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдийн дунд амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа ужиг, удаан хугацаанд үргэлжилсэн ханиад ихсэж байгаа нь хэд хэдэн гол шалтгаантай байна. Хэрэв ханиад 2-3 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилж, намдахгүй байгаа бол энэ нь зүгээр нэг энгийн ханиад биш бөгөөд үүнд хавсарсан болон дараалсан халдварууд хамгийн түрүүнд нөлөөлдөг байна.
-"Ажилтай болохоор гэртээ хэвтээд байж чадахгүй, эм уугаад л явж байна"-
Ханиад нь хатгаа болсон иргэн С "Би арав гаруй хоног ханиадтай явж байна. Анх хоолой өвдөж, хамар битүүрэхэд тоолгүй, хэд хоногийн дараа гайгүй болчих байх гэж бодсон. Гэтэл ханиалга нэмэгдээд, бие сульдаж, бүрэн эдгэхгүй удаж байна. “Коронавирус юм болов уу" гээд шинжилгээ өгөхөөр биш байсан. Ажилтай болохоор гэртээ хэвтээд байж чадахгүй, эм уугаад л явж байна. Ойр орчмын хүмүүсээс харахад хүүхдүүдээс гадна томчууд ч их өвдөж байгаа. Уг нь томчууд арай илүү л дархлаатай баймаар юм. Өмнө нь ханиад хүрэхээр хэд хоногийн дараа гайгүй болчихдог байсан бол энэ удаа нэлээд удаан үргэлжилж байна" гэсэн юм.
Ажил, амьдралын шаардлагаар гүйцэд амарч чадахгүй ханиадаа "хөл дээрээ" өнгөрөөх, вирусийн гаралтай ханиаданд дур мэдэн антибиотик замбараагүй хэрэглэх нь дархлааг улам сулруулж, өвчнийг архагшуулах гол шалтгаан болж байна. Энэхүү удаан хугацаанд намдахгүй байгаа ханиалга нь яваандаа гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл болон хүндэрсэн, эсвэл өмнө нь илэрдэггүй байсан амьсгалын замын харшил, багтраа өвчнийг сэдрээсний дохио байж болдог.
-Хүүхдийн эмч Э.Нямсүрэн: Нэг өдөрт хатгаа болж хүндрэх тохиолдол байна-
Энэ талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Э.Нямсүрэнгээс тодруулахад “Ханиад томуугийн дэгдэлт энэ сараас эрс нэмэгдэж, идэвхжилийн үедээ хүрсэн“ гээд, өвчлөлийн онцлог, хүүхдүүдэд илэрч буй шинж тэмдгийн талаар дараах тайлбарыг өглөө.
Тодруулбал, “Ханиад томуугийн дэгдэлт энэ сараас эрс нэмэгдэж, идэвхжилийн үе нь болоод байна. Томуу хүүхдийн суурь өвчнөөс хамаараад хүнд, хөнгөнөөр өвдөж байна. Хөнгөнүүд нь гэрээр эмчлээд байж болно. Харин энэ жил ханиадны онцлог нь нэг өдрийн дотор хатгаа болж, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд ихээр илэрч байна. Хэрэв өндөр халуурах, туулгах, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад үзүүлж, зөвлөмж авч эмчлэх хэрэгтэй. Мөн ханиад, томууг хүүхэд, том хүн гэлтгүй бүгд хүнд хэлбэрээр тусаж байна.
Дөнгөж шинж тэмдэг илэрч байгаа хүүхдийг гэрт нь асрах ёстой шүү дээ. Гэтэл эцэг эхчүүд дур мэдэн ямар нэгэн эм өгөөд цэцэрлэг, сургуульд нь явуулчихдаг. Үүнээс болоод дамжин халдварлах эрсдэл болон тухайн хүүхэд өөрөө илүү хүнд өвдөх эрсдэлүүд бий болж байна. Мөн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс харьцангуй хөнгөн тусаж, гэрээр эмчилгээ аваад байж болохоор байгаа юм. Харин вакцинжуулалтад хамрагдаагүй, вакцин хийлгэх насанд хүрээгүй бага насны хүүхдийн ханиад хүндрэх нь өндөр байна.
Мэдээж томуугийн дэгдэлт дуусах хугацаа нь болоогүй. Өмнөх онуудад сурагчдын улирлын амралт гурван улирлаар хичээллэдэг байх үед томуугийн дэгдэлт тодорхой хугацаанд буурдаг байсан. Гэвч энэ жилээс эхний улирлын амралт долоо хоног болж өөрчлөгдсөн. Гэтэл томуугийн нууц үе зарим тохиолдолд 3-7 хоног байж болно. Иймээс ханиад туссан хүүхэд 80 хувьтай эдгээд хичээл сургуульдаа очдог ч дахин халдвар авах эрсдэл өндөр. Тэгэхээр сурагчдын энэ богино амралтаар огцом буурч, өмнөх жилүүдийнх шиг болно гэж бодохгүй байна.
Манай эмнэлэгт өдрийн цагаар амбулаторид үздэг. Харин оройн цагаар хүлээн авахад 80-100 хүүхэд хэвтэн эмчлүүлэхээр ирдэг бол амралтын өдөр 200 хүүхэд ирж байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн ч, өвдөөгүй ч өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд маскаа зүүх хэрэгтэй. Амьсгалын замаар дамждаг өвчин учраас өвчилсөн тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ сайн барих нь чухал байна. Жишээлбэл, энгийн үеийнхээс 2-3 дахин илүү шингэн ууж, өмнөх үеэсээ илүү шим тэжээлтэй, илчлэг ихтэй хоолоор ойрхон цагийн зайтай идэж, эмчийн заавар болгосон эмийг цаг тухайд нь уух хэрэгтэй байна. Хүмүүс эмээ 3-4 хоног ууж байгаад шинж тэмдэг багасах үед уухаа больчихдог. Сая хэлсэнчлэн нууц үе гэж байдаг тул эмээ зогсоохгүй уух ёстой. Манай эмнэлэгт 5-30 хүртэлх хоногоор хэвтэн эмчлүүлж буй тохиолдол ч байна" гэв.
-Түргэн тусламжийн дуудлага 56.7 хувиар нэмэгджээ-
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр, энэ сарын 2-ны байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 2,249 дуудлага бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн 764 хүүхэдтэй харьцуулахад 113-аар буюу 14.79 хувиар нэмэгдсэн байна.
Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн оргил үе арваннэгдүгээр сарын 19-24-ний хооронд тохиож байжээ. Иймээс эмнэлгийн ачаалал цаашид нэмэгдэх эрсдэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 7-ноос өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг ажлын өдрүүдэд 20.00, амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд 16.00 цаг хүртэл уртасгах бэлтгэл хангажээ.
-Өвдсөн хүүхдээ асрах эцэг эхэд цалинтай чөлөө олгоно-
Өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газраас зургаа хүртэлх насны хүүхдээ томуугаар өвдсөн үед нь гэрээр болон эмнэлэгт асарч буй ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчдад ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсвэл зайнаас ажиллуулах зохицуулалтыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Эмч нарын зүгээс иргэдийг амны хаалт тогтмол зүүх, өвдсөн хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулахгүй байх, дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа өндөр халуурах, амьсгал давчдах, биеийн байдал огцом муудах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандах шаардлагатайг санууллаа.



