ХУД: Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өглөө

Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулаа. Шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн хүн амын тоон үзүүлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гэмт хэрэг, зам тээврийн осол зөрчил, галын аюулгүй байдал, дуудлага мэдээлэл, дүүргийн татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлтэй холбоотой сарын тоон үзүүлэлт, мэдээлэл өгч, өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн удирдах ажилтны энэ сарын 16-ны шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг танилцууллаа. Мөн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын газрын удирдлагууд дүүргийн төсвийн орлогын гүйцэтгэл, гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн даатгалын суурь тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой онцлог мэдээллүүдийг танилцуулав.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр:
• Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч, шийдвэрлэлтийн хугацааг бууруулах,
• Хот тохижилтын байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, цас, мөсний цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
• Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг удирдамж батлуулан шаардлагатай нөөцийг дайчлан чанар, хүртээмжтэй зохион байгуулах,
• Сүхбаатарын талбайд энэ сарын 20-нд зохион байгуулагдах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг олон нийтэд танилцуулах арга хэмжээнд хороодын хэсгийн ахлагч нар болон иргэдийг өргөнөөр хамруулах зэрэг үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага албан тушаалтнуудад өглөө.


