Х.Тэмүүжин: Парламентын спикер нь цэргийн ёсолгоо хийгээд зогсдог бол тэр улсыг ардчилсан улс гэж хэлэхгүй

Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг нэгтгэн, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх үндэсний хэмжээний цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Боомилогдсон эрх, эрх чөлөө” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Парламентын спикер нь цэргийн ёсолгоо хийгээд зогсдог бол тэр улсыг ардчилсан улс гэж хэлэхгүй. Даргад эрх мэдэл төвлөрүүлэх бус, иргэдэд өөрсдөд нь эрх мэдлийг өгөх, эрх чөлөөгөө хамгаалах боломжийг нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд даргын тогтоосон дэг журам бус, иргэний үндсэн эрх, хууль дээдлэх зарчим, эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн дархлааг хамгаалах учиртай. Хэн ч олонх болсон бай, эдгээр гурван зарчмыг үгүйсгэх хэмжээний популизм хийж болохгүй. Ардчилал болон хууль дээдлэх зарчим харилцан тэнцвэртэй байж гэмээнэ Үндсэн хуулийн дэг журам мөрдөгдөнө. Монгол Улсын хууль, шүүхийг улс төрийн цагдаа болгохыг Ардчилсан нам дэмжихгүй. Бид засгийн эрхийг авсан тохиолдолд эрх мэдлийг задалж, зааглах, харилцан хяналтад оруулах, процессжуулах гэсэн гурван алхмыг зоригтой хийх хэрэгтэй. Хууль цаасан дээр үлдэх бус амьдрал дээр хэрэгждэг болгохын тулд шударга шүүхтэй болж, төрийг Үндсэн хуулиар хязгаарлах цаг болсон. Үндсэн хуулийн дэг журмыг Ардчилсан нам мандуулах ёстой” гэлээ.


.webp)