The MongolZ дэлхийн чансааны шилдэг 10-т эргэн ирлээ
.webp)
Цахим спортын Counter-Strike 2 тоглоомын энэ оны томоохон тэмцээнүүдийн нэг болох Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээн БНХАУ-ын Бээжин хотод болж, Монголын “The MongolZ” баг дэд байр эзэллээ.
Тус тэмцээний аваргын төлөөх тоглолтод манай баг Европын “MOUZ” багтай учраа таарч, цувралд 0:3-аар ялагдсан юм. Ингэснээр “The MongolZ” баг хоёрдугаар байрт шалгарч, нийт 210 мянган ам.долларын шагналын эзэн болов. Үүнээс 50 мянган ам.доллар нь тоглогчдод олгох шагнал бөгөөд үлдсэн 160 мянган ам.доллар нь багийн байгууллагад олгох урамшуулал юм.
Тус багийн хувьд сүүлийн саруудад бүрэлдэхүүний өөрчлөлт хийж, тоглолтын үр дүн нь тогтворгүй байсан ч Бээжингийн тэмцээнд хүчтэй эргэн ирж, аваргын төлөө өрсөлдсөн нь онцлох амжилт байлаа.
Тэд хагас шигшээд дэлхийн шилдэг багуудын нэг “Natus Vincere”-г 2:0-ээр буулган авч, аваргын төлөө шалгарсан юм. Харин финалд “MOUZ” багт гурван газрын зураг дараалан ялагдсанаар тэмцээнийг дэд байрт өндөрлүүлэв.
Энэхүү амжилт нь багийн дэлхийн чансаанд ч эерэг нөлөө үзүүлж байна. HLTV-ийн дэлхийн чансаагаар “The MongolZ” 15 дугаарт, харин Valve-ийн албан ёсны VRS чансаагаар дэлхийд есдүгээр байрт бичигдэж байна. Ингэснээр тус баг олон улсын тэмцээнүүдэд урилгаар оролцох өрсөлдөх чадвараа бэхжүүллээ.
Одоо “The MongolZ” багийн анхаарал энэ сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 13-ныг хүртэл Сингапурт үргэлжлэх PGL Major Singapore 2026 тэмцээнд чиглэж байна. Тус баг тэмцээний хоёрдугаар шатнаас буюу арваннэгдүгээр сарын 28-наас өрсөлдөх хуваарьтай.
Ийнхүү Бээжингийн тэмцээнд үзүүлсэн амжилтаараа “The MongolZ” баг улирлын томоохон тэмцээний финалд дахин шалгарч, дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх чадвараа харууллаа.



