VISUAL ТОЙМ: Сүүлийн 2 жилд Ерөнхийлөгч, УИХ-ын хоёр дарга, хоёр Ерөнхий сайд болон Хотын дарга, НИТХ-ын даргаа ч “явуулжээ”
.webp)
Сүүлийн хоёр жил хагасын хугацаа бол дарга нарын суудал хамгийн ихээр ганхсан жил байлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг төрийн гурван өндөрлөгүүд ч ээлж дараалан солигдов. Энэ хөл хөдөлгөөн сүүлдээ нийслэлийн түвшинд ч шилжиж, Хотын дарга, НИТХ-ын даргаа ч огцруулсан үйл явцууд шил шилээ даран өрнөв. Тэгвэл Монгол Ардын намын дотоод зөрчил, эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцадсан сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд төрийн өндөр албан тушаалтнууд хэрхэн солигдож, эрх мэдлийн хуваарилалтад ямар өөрчлөлт орсныг Visual toim булангаараа хүргэж байна
-ЕРӨНХИЙ САЙД: Чөлөөлөгдсөн, огцорсон хоёр-
Л.Оюун-Эрдэнэ /10 сар, 29 хоног/
Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа 2024 оны 7 дугаар сарын 5-нд Ерөнхий сайдаар улиран томилогдож, 2025 оны 6 дугаар сарын 3-нд огцорсон байдаг. Өмнөх ажилласан хугацаатай нь нийлүүлж үзвэл, тэрбээр дөрвөн жил 116 хоног Ерөнхий сайдаар ажилласан.
Л.Оюун-Эрдэнийн огцрох шалтгаан нь түүний хүү О.Тэмүүлэн болон түүний найз бүсгүйн "тансаглал"-аас үүдсэн хардлагаас улбаатай гэж хэлж болно. Хардлага хэмээн онцлохын учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 20 гаруйхан настай хүү өөрийн найз охиндоо үнэтэй тансаг машин, хэдэн сая төгрөгийн үнэтэй цүнх бэлэглэж, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг шилжүүлсэн нь сошиалд ил болсны дараагаар олон нийт тэднийг татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байж болзошгүй гэх асуудлыг хөндөж, улмаар Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардсан юм. Асуудал яван явсаар МАН-ын Бага хурлыг хуралдуулж, хамтарсан Засгийн газар үргэлжлэх эсэх цаашилбал "хадаг барьж гуйсан" АН-аа засгаас хөөх, УИХ руу итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл өргөн барих зэрэг олон үйл явц өрнөхөд хүргэсэн. Үүний дүнд УИХ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй хэмээн шийдсэнээр тэрбээр огцорсон юм.
Г.Занданшатар /9 сар, 17 хоног/
Түүний хувьд Л.Оюун-Эрдэнээс Ерөнхий сайдын ажлыг хүлээн авч байв. Гэвч Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа нэг удаа огцрох шахсан. Тодруулбал, 2025 оны аравдугаар сард УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цугларснаар УИХ-аар авч хэлэлцсэн. УИХ эл шийдвэрийг дэмжсэнээр Г.Занданшатарын ЗГ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж огцорсон юм. Харин ҮХЦ-ээс Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг ҮХ зөрчсөн гэж үзсэн тул тэрбээр суудалдаа үлдсэн.
Гэвч эл үйл явцын дараагаар өрнөсөн МАН-ын даргын өрсөлдөөн, дотоод хагаралтай холбоотойгоор тэрбээр ирэх хавар нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар түүнийг нь УИХ дэмжсэн.
-УИХ-ын хоёр дарга: Нэг нь нэр төрөө сэргээлгэхээр нөгөө нь намын шийдвэрээр-
Д.Амарбаясгалан /1 жил, 3 сар, 15 хоног/
2025 оны аравдугаар сард УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бортээгийн орд болон нүүрсний гэх хэрэгтэй холбоотой асуудлууд сөхөгдөж эхэлсэн. Улмаар З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нарын 67 гишүүн Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас нь огцруулах бичгийг өргөн барьсан ба Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэх шаардлагыг тавьж байсан. УИХ дахь Ардчилсан намын зүгээс ч түүнийг өөрийн нэр холбогдож буй хэргүүдийг шүүхээр эцэслэтэл УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй байх шаардлагыг хүргүүлж байв. Удалгүй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, УИХ-аар шийдвэрлүүлсэн байдаг.
Н.Учрал /4 сар, 10 хоног/
Д.Амарбаясгалангийн ажлыг авч, УИХ-ын 14 дэх даргаар томилогдсон хүн бол Н.Учрал. 82.5 хувийн саналаар эл албан тушаалд томилогдож байсан түүнийг МАН-ын даргын албыг хаших болсны дараагаар сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга аль нэг намын дарга байх нь зохимжгүй гэдэг асуудлыг хөндөж эхэлсэн. Энэ нь нэг талдаа Ерөнхий сайдын ажлаа авахыг шаардсан сөрөг хүчний акц байсан гэж хэлж болно. Учир нь МАН-ын дүрмээр намын дарга нь Ерөнхий сайд байх учиртай. Үүний дараагаар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдсэнээр Н.Учралыг Ерөнхий сайд болгох намын шийдвэр гарсан. Иймээс тэрбээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, УИХ-аар шийдвэрлүүлсэн юм.
-Намын бодлого, даалгавраа дагаж огцорсон А.Баяр-
А.Баяр /1 жил, 6 сар, 13 хоног/
Х.Нямбаатарыг Хотын даргаар томилогдохтой зэрэгцэн НИТХ-ын даргаар томилогдож байсан түүнийг хоёр сарын хугацаанд НИТХ-ыг хуралдуулаагүй, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх шалтгаан бүхий огцруулах бичигт үндэслэн огцруулсан. Тэрбээр эл шийдвэрийг хууль бус гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан ч удалгүй Д.Ихбаярт албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн юм.
-Ерөнхий сайддаа "хөөгдсөн" Хотын дарга-
Х.Нямбаатар /3 жил, 1 сар, 7 хоног/
Өнгөрөгч тавдугаар сард нийслэлд махны үнийн асуудал хурцаар хөндөгдсөн. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй биечлэн ярилцсаны дараа АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нартай уулзаж үүрэг даалгавар өгөх үеэрээ Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэж байв.
Түүнчлэн тусгай ажлын хэсэг байгуулж нийслэл дээр болсон төсөл, тендер, бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалгахыг үүрэгдсэн юм.
-Хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж буй Ерөнхийлөгч-
У.Хүрэлсүх /5 жил, 4 сар, 25 хоног/
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч мягмар гарагт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн байдаг. Тодруулбал, Х.Нямбаатарын дэлгэсэн "Бодь"-ийн 25 сая ам.долларын авлигын асуудалд тэрбээр нэр холбогдсон. Мөн хөрөнгө орлогоо нотлох шаардлага үүссэн юм. Түүн рүү чиглэсэн эл мэдээллүүдтэй холбоотойгоор тэрбээр ажлаа өгч, хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ илэрхийлсэн юм. Ийнхүү түүний чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр УИХ хэлэлцэж, дэмжсэн.


