Б.Жаргалан: Монгол ардын нам Сүхээр эхлээд Сүхээр дуусна гэж дээр үед зөгнөсөн юм гэнэ лээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 41 сек
00
IMG_4215-2.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын чуулганаар чөлөөлөгдсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Монгол ардын нам Сүхээр эхлээд Сүхээр дуусна гэж дээр үед зөгнөсөн юм гэнэ лээ.

Ардын хувьсгалын үед Дамдины Сүхбаатар байсан бол Ардчилсан хувьсгалаас хойших Ардын намын нэн шинэ үеийн түүх Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүнтэй холбоотой.

1991 онд 23 настайдаа МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар орсон У.Хүрэлсүх намынхаа нэрээр Ерөнхийлөгч болтлоо дэвшиж, төрийн бараг бүх том албан тушаалыг хашсан. 2000 оноос хойш дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, Шадар сайд, Ерөнхий сайд, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Сүүлийн 26 жилийн турш төрийн өндөр албан тушаалд ажиллаж, улс төрд явжээ.

Мөн МАН-ын залуучуудын байгууллагын ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын даргаар ажиллаж, намынхаа эрх мэдлийн шат бүрийг дамжсан хүн. Өнөөдөр төрийн институциудад хүртэл нөлөөлөх болсон МАН-ын эрх мэдэл, ашиг сонирхлын сүлжээ бүрэлдэхэд түүний оролцоо болон улс төрийн хариуцлагыг үгүйсгэх аргагүй юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн төрийн хямрал, МАН-ын завхралын гол зангилаануудын нэг бол У.Хүрэлсүх юм. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улс төрчдийн өсөж дэвшихэд ч түүний дэмжлэг, нөлөө байсан. Х.Баттулгатай ч хамтарч ажилласан. Нам дамнасан улс төрийн тохиролцоо, нөлөөллийн асуудалд ч түүний нэр яригдаж ирсэн.

Харин өнөөдөр тэр авлигын ноцтой хэрэгт нэр холбогдож, Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Гэвч өнгөрсөн он жилүүдийнх нь улс төрийн хариуцлагыг ярихгүйгээр, “албан тушаалтай зууралдсангүй”, “улс төрийн манлайлал үзүүллээ” гэх мэт манж үгсээр өнөөдрийн үйл явдлыг зөвтгөх хандлага хэрээс хэтэрч байна.

Монгол Улс ингэтлээ ёс зүй, үнэт зүйлийн хомсдолд орж болохгүй.

Өнгөрсөн он жилүүдийн алдаа завхралын үед эрх мэдлийн төвд байсан хүнийг өмөөрч, огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө өөрөө хүсэлт гаргасныг нь “улс төрийн уран нүүдэл хийлээ” хэмээн шагширч, хэрхэн эргэн ирэх талаар таамаг дэвшүүлээд сууж болохгүй ээ.

Учир нь монголчууд түүнд нэг бус удаа эргэн ирэх боломж олгосон. Тэгэх тоолонд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн доройтсоныг дүгнэх ёстой.

2008 онд Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан хэрэгт У.Хүрэлсүх шүүгдэж байсныг сануулахад илүүдэхгүй. Тухайн үед БНСУ-д казино тоглосон гэх асуудалд нэр холбогдож, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хүртэл яригдаж байв.

Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон улс төрчид хариуцлага тооцуулах нь битгий хэл харин ч улс төрийн өндөр албан тушаалд эргэн очдог жишиг Монголын төрд хэрхэн бий болсон бэ? Үүнийг бид хүлээн зөвшөөрсөөр байх уу.

Тиймээс бодит нөхцөл байдлыг үнэнээр нь нэрлэе. Авлигын ноцтой хэрэгт нэр холбогдсоны дараа албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь У.Хүрэлсүхийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш. Харин ч хуулийн байгууллага уг асуудлыг хараат бусаар, бүрэн шалгах ёстой.

Бодьтой холбоотой 110 сая ам.долларын асуудлыг нэг мөр мухарлах хэрэгтэй. Ер нь өнгөрсөн хугацаанд яригдсан олон тэрбум, их наяд төгрөгийн авлигын хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх цаг болсон.

Монгол ардын нам Сүхээр эхлээд Сүхээр дуусах эсэх нь МАН-ын даргаас хамаарна. Хүний, өөрийнгүй авлигачдаа бүр мөсөн явуулъя, Учрал аа.

Өнөөдөр бид ардчиллаа хамгаалж, хөгжлийн бодлогоо тодорхойлж ажиллах уу эсвэл авлига, хулгайн намагтаа бүр мөсөн живэх үү гэдэг сонголтын өмнө байна.

Монголын заяа их" гэжээ.