Зөвхөн хөдөлгөөнд саад учруулж зогссон автомашиныг ачиж, хотхон доторх зөрчлийг “102” аппликейшнаар бүртгэдэг болно

Автомашин зөөж шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа. Хурлаар замын хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааны журмыг шинэчлэх асуудлыг хэлэлцжээ.
Шинэчлэлийн гол зорилго нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг сайжруулж, ачилтын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгоход чиглэж байгаа аж.
Цаашид зөвхөн хөдөлгөөнд бодитоор саад учруулж буй гол гудамж, замд байршуулсан автомашиныг зөөж шилжүүлэх бол хотхон, хороолол доторх зөрчлийг 102 аппликейшнаар бүртгэж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн ачилтаас өмнө урьдчилан анхааруулах, жолоочид автомашинаа буцаан авах боломж олгох зохицуулалтыг мөн тусгалаа.
Түүнчлэн ачилтын явцад автомашинд учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч байгууллага хариуцах, төлбөрийг байгууллагын дансаар авах, түр саатуулах хашааны үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байгааг онцоллоо.


