Төртэй хамтрахад 85 сая ₮-ийн босго тулгарвал Монголын IT-ийн компаниуд яах вэ

Төрийн хэрэгцээг шийдэх технологийн бүтээгдэхүүн, систем хөгжүүлэх хүсэлтэй Монголын IT-ийг компаниуд нь төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн төслийг санаачлахын тулд урьдчилсан үнэлгээнд 20 сая, үндсэн үнэлгээнд 65–130 сая төгрөгийг зарцуулах нөхцөлтэй тулгарч байна. Томоохон дэд бүтцийн төсөлд зориулсан үнэлгээний аргачлал нь мэдээллийн технологийн салбарт мөн адил үйлчлэх ёстой юу? Технологийн төслийг бодит ажил болгоход ямар шинэ тогтолцоо хэрэгтэй вэ?
Монгол Улсад “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хууль хэрэгжиж, төр болон хувийн хэвшлийн нөөц, чадавхыг нэгтгэн нийтийн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх эрх зүйн боломж бүрдсэн. Гэвч хуульд нь боломж байх, хувийн хэвшил нь тэр боломжийг бодитоор ашиглаж чадах хоёрын хооронд тодорхой саад бэрхшээл байсаар байна.
Ялангуяа мэдээллийн технологийн салбарт төрийн хэрэгцээг шийдэх бүтээгдэхүүн, систем, платформыг хөгжүүлэх санаачилга гаргасан компаниуд нь төслөө бодит ажил болгохын тулд ямар процессоор явах, ямар үнэлгээг хийлгэх, хэр хэмжээний зардлыг гаргах вэ гэдэг томоохон сорилттой нүүр тулж байна.
Энэ асуудлыг “IT WORLD ’26” форумын үеэр Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (МИТА) ТББ-ын Төр хувийн хэвшлийн түншлэл ба Салбарын хамтын ажиллагааны хорооны дэд ерөнхийлөгч, “Тендер хаб” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Чулуунбат нь өөрийн бодит туршлагад тулгуурлан хөндсөн юм. Тэрбээр МИТА-г байгуулагдсанаас нь хойших хоёр гаруй жилийн хугацаанд салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажиллахын зэрэгцээ “ТХХТ-ийн тухай” хуулийг мэдээллийн технологийн салбарын бодит төсөл дээр хэрэгжүүлж үзэх зорилгоор өөрөө төслийг санаачилжээ. Олон улсын туршлагыг судлах, төрийн байгууллагуудтай харилцах, төслийн үнэлгээний процессоор явах явцад салбарын онцлогт тохирсон механизм дутмаг байгаа нь бодитоор харагдсан байна.
-ТОГЛООМ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ТОГЛОГЧИД НЬ ХАСАГДАЖ БАЙНА-
С.Чулуунбат нь өөрийн төслийн туршлагыг “Squid Game” цувралтай зүйрлэсэн нь анхаарал татлаа. Төр, хувийн хэвшил нь хамтран ажиллах ёстой гэдгийг бид бүгд мэднэ. Харин төрийн бодит хэрэгцээг шийдэх систем, бүтээгдэхүүнийг бүтээх хүсэлтэй компани нь энэ замаар явахад өнөөгийн тогтолцоо нь хэр бэлэн байна вэ гэдэгт гол асуудал байгаа юм.
Түүний хувьд хамгийн эхний хүндрэл нь мэдээллийн технологийн төслийн онцлогт тохирсон аргачлал, маягт, процесс, журам тодорхойгүй байсанд оршжээ. Тухайлбал, мэдээллийн технологийн төслийг барилга, зам, гүүр зэрэг уламжлалт дэд бүтцийн төслийн маягтаар тайлбарлах шаардлага тулгарсан. Гэтэл эдгээр төслийн хөрөнгө оруулалтын бүтэц, ашиглалтын зардал, эрсдэл, шинэчлэлийн мөчлөг, технологийн хуучрал, оюуны өмчийн асуудал нь хоорондоо эрс ялгаатай.
Барилга байгууламж нь олон арван жил ашиглагдах боломжтой бол программ хангамж, мэдээллийн систем нь хэдхэн жилийн дотор шинэчлэгдэж, технологийн шийдэл нь өөрчлөгдөж, интеграцаа шинэчлэх шаардлага үүсч болно. Түүнчлэн лиценз, үүлэн дэд бүтэц, өгөгдөл солилцоо, кибер аюулгүй байдал, эх код, оюуны өмчийн эрх зэрэг мэдээллийн технологийн төсөлд онцгой ач холбогдолтой асуудлыг үнэлгээнд зайлшгүй тусгах ёстой.
Ийм ялгааг харгалзахгүйгээр бүх төслийг нэг загвараар үнэлбэл технологийн төслийн бодит үнэ цэн, эрсдэл, санхүүгийн логик нь бүрэн илэрхийлэгдэхгүй.
-85 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЛЭХ ҮНЭЛГЭЭ: ЖИЖИГ, ДУНД КОМПАНИУДЫН БОЛОМЖ ЯМАР БАЙХ ВЭ-
Илтгэлийн хамгийн анхаарал татсан хэсэг нь төслийн үнэлгээний зардлын тухай байлаа. С.Чулуунбатын төслийг санаачлах явцад тодруулсан мэдээллээр урьдчилсан үнэлгээний зардал нь 20 сая төгрөг, үндсэн үнэлгээний зардал нь 65–130 сая төгрөг байх аж. Ингэснээр хоёр шатны үнэлгээний нийт зардал нь 85–150 сая төгрөгт хүрч болзошгүй юм.
Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн компани нь өөрийн хөрөнгөөр систем, бүтээгдэхүүнийг хөгжүүлж, төрийн хэрэгцээг шийдэх шийдлийг санал болгосныхоо дараа уг төслийг түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг судлуулахын тулд эхний шатанд ихээхэн санхүүгийн нөөцийг гаргах шаардлагатай болж байна.
Мэдээж томоохон дэд бүтцийн төсөлд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, санхүүгийн болон эрсдэлийн үнэлгээ шаардлагатай. Гэвч мэдээллийн технологийн бүх төсөл нь ижил хэмжээний судалгаа, үнэлгээг шаардахгүй. Жишээлбэл, жижиг хэмжээний цахим платформ, төрийн байгууллагуудын систем хоорондын интеграц, тодорхой үйлчилгээг автоматжуулах шийдэл болон улсын хэмжээний мэдээллийн дэд бүтцийн төсөл нь цар хүрээ, эрсдэл, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ эрс ялгаатай.
Хэрэв үнэлгээний зардал нь тухайн төслийн хэмжээ, нарийн төвөгтэй байдал, эрсдэлтэй уялдахгүй бол инновац хийж буй жижиг, дунд компаниуд нь төсөл хэрэгжүүлэх боломжоо эхний шатанд алдах эрсдэлтэй. Үүний үр дагавар нь зөвхөн хувийн хэвшилд хамаарахгүй. Төр нь өөрийн хэрэгцээг илүү үр ашигтай шийдэх, дотоодын компаниуд нь бүтээгдэхүүнээ өргөжүүлж, зах зээлд нэвтрүүлэх боломжоо алдана. Эцсийн дүнд иргэдэд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах боломж ч хойшилно.
-ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ БҮРИЙГ ТХХТ-ЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ-
Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (МИТА) ТББ-ын Төр хувийн хэвшлийн түншлэл ба Салбарын хамтын ажиллагааны хорооны дэд ерөнхийлөгч, “Тендер хаб” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Чулуунбат
Энд нэг чухал ялгааг ойлгох хэрэгтэй. Мэдээллийн технологийн салбарын бүх төсөл нь заавал төр, хувийн хэвшлийн түншлэл байх албагүй. Зарим тохиолдолд төрд шаардлагатай бэлэн бүтээгдэхүүнийг нээлттэй тендерээр худалдан авах нь хамгийн оновчтой. Төрийн байгууллагын асуудал нь тодорхой боловч түүнийг ямар технологийн шийдлээр шийдэх нь тодорхойгүй бол эхлээд туршилт, прототип хийх нь үр дүнтэй байж болно. Харин урт хугацааны хөрөнгө оруулалт, үйлчилгээ, эрсдэлийн хамтын хуваарилалт шаардсан томоохон төсөлд ТХХТ-ийн загвар тохирч болно.
Тиймээс асуудал нь зөвхөн “ТХХТ-ийн тухай” хууль байгаа эсэхэд бус, тухайн төслийг ямар хэлбэрээр хэрэгжүүлэх нь хамгийн үр ашигтай вэ гэдгийг зөв тодорхойлох аргачлалд оршиж байна.
-СИНГАПУР, ИХ БРИТАНИ, ЭСТОНИЙН ТУРШЛАГААС ЮУ СУРАЛЦАХ ВЭ-
С.Чулуунбат нь илтгэлдээ олон улсын гурван жишээг онцолсон юм.
СИНГАПУР: ТӨР НЬ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН ШИЙДЭЛ БҮТЭЭДЭГ
Сингапурын Засгийн газрын технологийн агентлаг GovTech нь төрийн байгууллагуудтай хамтран дижитал бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн компаниуд болон судлаачидтай хамтран ажиллах, шинэ шийдлийг турших боломжийг дэмждэг. Энд төр нь зөвхөн бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авагчийн байр сууринаас хандахгүй. Харин төрийн асуудлыг шийдэхэд технологийн компаниудыг эрт үеэс нь оролцуулж, шийдлийг нь хамтран боловсруулах, турших боломжийг бүрдүүлдэг.
Монголд ч төрийн байгууллагууд нь өөрсдийн хэрэгцээ, тулгамдсан асуудлаа тодорхой танилцуулж, зах зээлийн оролцогчидтой нээлттэй зөвлөлдөх, боломжит шийдлүүдийг өрсөлдөөнт зарчмаар турших тогтолцоог хөгжүүлэх боломжтой.
-ИХ БРИТАНИ: ТУРШИЛТЫГ ТӨСЛИЙН ЭХНЭЭС НЬ ТӨЛӨВЛӨДӨГ-
Их Британийн “Digital, Data and Technology Playbook” нь төрийн дижитал төслүүдийг төлөвлөх, худалдан авах, хэрэгжүүлэх үе шатанд нь туршилт, прототип, Proof of Concept болон Pilot аргачлалыг ашиглахыг зөвлөдөг. Гол зарчим нь туршилтыг төслийн цар хүрээ, эрсдэл, тодорхойгүй байдалтай нь уялдуулах явдал юм. Туршилтын зорилго, хугацаа, амжилтыг хэмжих шалгуур, дараагийн шатанд өргөжүүлэх нөхцөлийг эхнээс нь тодорхойлдог.
Ингэснээр технологийн шийдлийг томоохон хөрөнгө оруулалтаар шууд хэрэгжүүлэхээс өмнө бодит орчинд шалгаж, үр дүнд нь тулгуурлан дараагийн шийдвэрээ гаргах боломж бүрддэг.
ЭСТОНИ: X-ROAD СИСТЕМЭЭР ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ӨГӨГДЛИЙГ ХОЛБОДОГ
Эстонийн үндэсний мэдээлэл солилцооны X-Road платформ нь төрийн байгууллагуудын төдийгүй хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн системийг аюулгүй холбох боломжийг бүрдүүлдэг. Энэ системийн онцлог нь бүх мэдээллийг нэг төвлөрсөн санд цуглуулдаггүйд оршино. Байгууллагууд нь өөрсдийн мэдээллийн систем, өгөгдлөө эзэмшсэн хэвээр байж, зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд мэдээллийг солилцдог. Өгөгдөл солилцох явцад байгууллагын баталгаажуулалт, эрхийн удирдлага, шифрлэлт, цахим гарын үсэг, бүртгэл зэрэг хамгаалалтын механизмыг ашигладаг.
Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэг удаагийн төсөл, гэрээгээр хязгаарлалгүйгээр нийтлэг стандарт, аюулгүй дэд бүтэц, харилцан итгэлцэлд тулгуурлан хөгжүүлж болохыг харуулсан жишээ юм.
Эдгээр гурван туршлагаас авах гол сургамж нь ТХХТ нь заавал томоохон хөрөнгө оруулалт, урт хугацааны гэрээнээс эхлэх албагүй гэж байгаа юм. Харин төрийн асуудлыг зөв тодорхойлж, компаниудын шийдлийг сонсож, туршиж, үр дүнтэйг нь өргөжүүлэх уян хатан механизм байх зайлшгүй хэрэгтэй байна.
-IT-ИЙН САЛБАРТ ТОХИРСОН ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ-
С.Чулуунбат нь мэдээллийн технологийн салбарын төслүүдэд зориулсан тусгай аргачлал, жишиг баримт бичиг, үнэлгээний механизмийг бий болгох шаардлагатайг онцлоод дараах 3 өөрчлөлтийг санал болгосон.
НЭГДҮГЭЭРТ, IT-ИЙН ТӨСЛИЙН ТУСГАЙ МАЯГТ, ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛТАЙ БОЛОХ
Төслийн саналын маягт, урьдчилсан үнэлгээний шалгуур, жишиг гэрээ нь мэдээллийн технологийн төслийн онцлогийг тусгасан байх ёстой. Үүнд системийн хөгжүүлэлтээс гадна лиценз, үүлэн дэд бүтэц, интеграц, өгөгдөл солилцоо, кибер аюулгүй байдал, ашиглалт, шинэчлэл, технологийн хуучрал, нийлүүлэгчийг солих боломж, оюуны өмч, эх код, техникийн баримт бичгийн нөхцөлийг хамруулах нь чухал.
ХОЁРДУГААРТ, ҮНЭЛГЭЭНИЙ ШАТЛАЛЫГ БИЙ БОЛГОХ
Эхний шатанд төслийн нийтийн хэрэгцээ, стратегийн ач холбогдол, техникийн боломж, ойролцоо өртөг, хэрэгжүүлэх боломжит загварыг харьцангуй бага зардлаар үнэлдэг байх хэрэгтэй. Үүний дараа бодитой, хэрэгжих боломжтой нь тогтоогдсон төслүүдэд нарийвчилсан үнэлгээг хийнэ. Энэ нь үнэлгээний чанарыг бууруулах тухай биш, харин бүрэн судалгаанд их хэмжээний зардал гаргахаас өмнө төслийн үндэслэл, хэрэгжих боломжийг зохистой зардлаар тодруулах тухай юм.
Мөн үнэлгээний зардлыг төслийн хэмжээ, нарийн төвөгтэй байдал, эрсдэлтэй нь уялдуулж, шаардлагатай тохиолдолд төсөл бэлтгэлийн санхүүжилт эсвэл хамтарсан санхүүжилтийн механизмыг ашиглах боломжийг судлах хэрэгтэй.
ГУРАВДУГААРТ, ТӨСӨЛ БҮРД ТОХИРОХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАГВАРЫГ СОНГОХ
Мэдээллийн технологийн төслийг дор хаяж 4 өөр замаар хэрэгжүүлэх боломжтой:
§ Бэлэн бүтээгдэхүүн, тодорхой шаардлага: Нээлттэй тендер, худалдан авалтын зарчмаар шийдвэрлэх.
§ Шийдэл нь тодорхойгүй асуудал: Зах зээлтэй урьдчилан зөвлөлдөх, прототип болон хязгаарлагдмал туршилтыг хийх.
§ Урт хугацааны үйлчилгээ, хөрөнгө оруулалт: Эдийн засгийн үр өгөөж, төсөв, эрсдэлийн хуваарилалтад тулгуурласан ТХХТ-ийн загварыг сонгох.
§ Өрсөлдөөнт шийдэл сонгох шаардлагатай төсөл: Хуульд нийцсэн нээлттэй, ил тод өрсөлдөөний механизмыг ашиглах.
Эдгээр бүх хувилбарт өрсөлдөөн, ил тод байдал, өгөгдлийн хамгаалалт, кибер аюулгүй байдал, оюуны өмч, ашиглалтын хариуцлагыг эхнээс нь тодорхой болгох ёстой. Туршилт хийсэн компани нь дараагийн худалдан авалтыг автоматаар авах ёсгүй. Туршилтын шалгуур, үр дүнг үнэлэх арга, дараагийн шатны сонгон шалгаруулалтын нөхцөл нь урьдчилан ил тод байх шаардлагатай.
-МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД НЬ БОДИТ ШИЙДЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ТАЛБАР НЬ БОЛОХ ЁСТОЙ-
Мэдээллийн технологийн салбарын компаниуд нь тус тусдаа төрийн байгууллагад хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх гэж оролдохоос илүүтэйгээр нэгдсэн байр суурь, мэргэжлийн саналыг боловсруулах шаардлагатай. Энэ хүрээнд МИТА-гийг дэргэд “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны байнгын ажлын хэсэг” ажиллаж байгаа бөгөөд дараах 4 чиглэлээр ажиллах саналыг С.Чулуунбат дэвшүүлсэн юм. Үүнд:
1. Салбарын компаниудын бүтээгдэхүүн, туршлага, чадавхын зураглалыг гаргах.
2. “ТХХТ-ийн тухай” хууль болон холбогдох журам, тогтоолын хэрэгжилтэд IT-ийн салбарын өнцгөөс тулгарч буй саадыг баримтаар нэгтгэх.
3. IT-ийн төслийн саналын маягт, урьдчилсан үнэлгээний аргачлал, жишиг гэрээний саналыг боловсруулах.
4. Төрийн бодит хэрэгцээнд тулгуурласан жишиг төслүүдийг сонгож, худалдан авалт, туршилт, ТХХТ-ийн аль загвар нь илүү тохирохыг харьцуулан бодит ажил болгох зэрэг байв.
Энэ ажлын үр дүнг уулзалт, санамж бичиг, хэлэлцүүлгийн тоогоор хэмжих боломжгүй. Харин хэрэгжсэн төсөл, бий болсон бүтээгдэхүүн, буурсан зардал, сайжирсан төрийн үйлчилгээ, нэмэгдсэн хөрөнгө оруулалт, экспортын үр дүнгээр үнэлэх нь зүйтэй.
-ТӨРТЭЙ ХАМТ БОЛОМЖ БҮТЭЭДЭГ САЛБАР БОЛЪЁ-
Төрийн байгууллагууд нь шийдэх шаардлагатай асуудлаа тодорхойлж, хувийн хэвшлийн компаниуд нь боломжит шийдлээ санал болгож, хоёр тал нь үр дүнгээ хамтдаа үнэлдэг тогтолцоог бий болгох нь чухал.
Төр нь бүх системээ өөрөө хөгжүүлэх, эсвэл бүгдийг гаднаас худалдан авах гэсэн хоёр туйлын аль нэгийг сонгох шаардлагагүй. Тухайн төслийн нийтийн үнэ цэн, аюулгүй байдал, эдийн засгийн үр ашиг, урт хугацааны тогтвортой байдлыг хамгийн сайн хангах загварыг сонгох нь зөв. Түүнчлэн, ТХХТ-ийг хялбарчлах нэрээр шаардлага, хяналтыг сулруулах нь шийдэл биш. Харин зөв төсөлд зөв үнэлгээ, зөв судалгаа, зөв хэрэгжүүлэх загварыг сонгодог болох нь чухал.
Төр нь зөвхөн бэлэн системийг худалдан авагч бус, Монголын технологийн чадавхыг хөгжүүлж, дотоодын компаниудад бүтээгдэхүүнээ бодит орчинд турших, сайжруулах, өргөжүүлэх боломжийг олгодог түнш байж чадна. С.Чулуунбат нь ч илтгэлийнхээ төгсгөлд “Бид төрөөс боломж хүлээдэг салбар байхаа больж, төртэй хамт боломж бүтээдэг салбар болох ёстой” хэмээн онцолсон юм.
Монголын технологийн компаниуд нь төрийн хэрэгцээг шийдэх бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхэд бэлэн байж болно. Харин тэр бүтээгдэхүүнээ төрд санал болгох, турших, хэрэгжүүлэх зам нь ойлгомжтой, зардал нь зохистой, өрсөлдөөн нь шударга байх шаардлагатай.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жинхэнэ үнэ цэн нь байгуулсан гэрээний тоогоор бус, иргэдийн амьдралд гарсан өөрчлөлт, төрийн үйлчилгээний үр ашиг, дотоодын технологийн компаниудын өсөлтөөр хэмжигдэх ёстой.



