Х.Нямбаатар сайд хуулийн ухралтыг өөрчлөх үү

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 7 сек
10
legacy:Nyambaatar gishuun/Nyamka.jpg

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын зодооны асуудал өнгөрсөн өдрүүдийн гол сэдэв байв. Зарим нь түүнийг буруутгаж, нэг хэсэг нь боксын холбоо болон шинэ Ерөнхийлөгч Х.Нямбаатар сайдыг архидалт зохион байгууллаа хэмээн буруушааж баахан талцав. Эцэст нь зодооны бичлэг дэлгэгдэж асуудал улам өндрөө авсан ч Э.Цэндбаатар гавьяат буруугаа хүлээж буйгаа бүх ах нараа "хамгаалснаар" ард түмний хилэн хий дэмий хумхын тоос болж хоцорлоо.

Тэгвэл уг үйл явдлын ард давхар сөхөгдөж буй нэг чухал сэдэв бол УИХ-ын гишүүн хаа хамаагүй төрийн бус байгууллагын тэргүүн, ерөнхийлөгчөөр сонгогддог, өөрийгөө сонгуульддаг явдлыг жинхнээсээ зогсоох юм. Х.Нямбаатар сайд өөрийгөө УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулийг зөрчөөгүй гэж тайлбарлаж болох хэдий ч УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын ажил алба хашиж буй нь Үндсэн хуультай зөрчилдөж буй. Тодруулбал, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гээд цагаан дээр хараар биччихсэн. Энэ зүйл заалт бол 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дэвшилтэд хэсгүүдийн нэг. Боксын холбоо бол төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Ингээд харахад Х.Нямбаатар сайдын Монголын Боксын холбооны Ерөнхийлөгчийн ажлыг хашиж буй нь яалтчгүй Үндсэн хууль зөрчиж буй үйлдэл юм.

Гэхдээ уг асуудал өнөөдөр Үндсэн хуулийн дээр гарсан хуулийн зохицуулалтаар явж байгаа. Өөрөөр хэлбэл, 2020 оны тавдугаар сард Үндсэн хуулийн дээрх заалттай уялдуулан УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг хязгаарласан. Үүнд, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй байхаар тусгасан юм. Гэвч 2020 оны парламентын сонгуулийн дараа олонх болсон МАН-ын гишүүд хуулийн ухралт хийсэн юм. Тэд үүнийгээ төрийн бус байгууллагын гишүүн байж болохгүй гэдэг нь намын гишүүн байж болохгүй болчихоод байна. Үүнийг залруулъя хэмээн зальжин тайлбарласан.

Уг нь Үндсэн хуультай уялдуулсан уг өөрчлөлтийг МАН-ынхан оролдолгүй хэвээр үлдээсэн бол Х.Нямбаатар сайд төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцож, ерөнхийлөгчөөр нь хүртэл сонгогдох боломжгүй байсан юм. Ер нь үеийн үед гишүүд ямар нэгэн холбооны удирдлага болохын тулд холбооны гишүүдийг нь хагалдаг, талцуулдаг. Тэр холбоогоо ажлыг сайжруулах биш улс төрийн зорилгоор ашигладаг. Уяачдын холбоо гээд намаас том холбоо байх жишээтэй. Энэ холбоо нь бас л хоёр тусдаа салчихаад морины төлөө ч юм уу, улс төрийн төлөө ч юм бүү мэд талцаж, маргалдсаар ирсэн. Мөн үүгээр дамжуулж мөнгө угаадаг гэх зэрэг олон асуудлууд төрийн бус байгууллага ба УИХ-ын гишүүдийг тойрсоор ирсэн.

Ганцхан тоо сануулахад, 2016-2020 оны парламентийн 76 гишүүн 300 гаруй төрийн бус байгууллага, холбооны даргын албан тушаалыг хавсарч хийж байсан баримт байна. Нэг гишүүн 3-4 холбоо, төрийн бус байгууллагатай байсан гэсэн үг. Сүүлийн жилүүдэд манайд төрийн бус байгууллага утгаа алдаж байгаа нь үнэн. Монгол “Саарал жагсаалт”-д орсон шалтгаануудын нэг нь төрийн бус байгууллагуудын замбараагүй үйл ажиллагаа, түүгээр дамжуулж улс төрийн орчинд мөнгө угааж буй үйл явдал байсан.

УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацаанд төрийн бус байгууллага буюу спортын холбоод, нутгийн зөвлөл, оюутны зөвлөл гэж үүсгэн байгуулаад түүнийхээ удирдлагаар өөрийгөө томилуулах замаар аймаг орон нутаг, спортын хэдээ хуваасаар ирсэн. Хуулийн шинэчлэл ярьж буй энэ цаг үедээ л уг завхарсан байдлаа засч залруулах хэрэгтэй. Ардын намынхан Ерөнхийлөгчөөсөө эхлээд Засгийн газар, парламент нь хүртэл хуулийн засаглалыг тогтоож хуулиар засаглах хичээж буйгаа зарласаар байгаа. Тэгвэл хуулийн ухралт, эрх зүйн зөв зүйтэй шинэтгэлийг буцааж буруу зам руу нь түлхэх нь хуулийн засаглал руу биш гажуудал руу хөтөлнө. Нөгөө талаасаа төрийн бус байгууллага гэдэг бол иргэний нийгмийн байгууллага. УИХ гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын гишүүн нь нэг гартаа иргэний нийгэм, нөгөө гараараа төр барьчихаад хууль тогтоох танхимд хоёр нүүр гаргах боломжгүй.

Тиймээс Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн сайдын хувьд, хуулиар засаглах гэж буйгаа намын гишүүний хувьд өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, саяхан сонгогдсон Монголын боксын холбооны удирдлагын ажлаа буцааж өгөөд УИХ-ын гишүүн, дэд дарга Т.Аюурсайхан нарын санаачилсан гишүүд төрийн бус байгууллагын ажлыг хавсарч хийж болно гэсэн агуулга бүхий хуулийн заалтыг өөрчлөх шаардлагатай байна. Намын гишүүн байх, намын ажил хийхэд уг заалт нь зөрчилдөөд байгаа бол намын хамаарал бүхий төрийн бус байгуулагаас бусад гээд хуулиа өөрчилж болно. Хууль зүйн яам уг асуудалд манлайлан оролцож, Засгийн газар болон УИХ-аар батлуулах нь хамгийн бодитой шинэчлэл, зөв шийдэл. Ингэж байж л шударга ёс тогтож, хууль засагладаг болно. Ядаж “Эцэг хууль” буюу Үндсэн хуулиа зөрчихгүй шүү дээ.

Та бүхний 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 29.3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж заасан байгааг дахин нэг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Г.Лхагвадорж

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Huuli bol yg tag zaalttai l baih yostoi ter neg eshul torgono eshul 5-7jiliin yal ugnu gedgiig boliulah heregtei deer ni huun heleltseh hugtsaa ene ter gesen balai yumiig boliulah heregtei sanaatai hun alsan busdiig ilt daramtlan deerelhsen ulsiin umchiig ih baga hemjeegeer shamshigduulsan uls eh orniihoo esreg gemt hereg hiisen (dubai oyutolgoin geree ajnai baterdenii 300000 tn nuursnii batuul chuluudai nariin dahin tuluvlult)baga nasnii huuhed huchindsen iim hergiig zahialsan guitsetgesen ali ali ni shuud 25 jiliin yltai baih yostoi busd ni ch gesen tiim hereg tudun jil iim hereg ni tudun tug nii torguuli geed zaah heregtei ter tsagt shuuhiin shudarga yosond bas neg gegee orno tegehgui bol yduus hamgiin changa huuli darga bossuud terbumaar ideed sayar torguulaad 2 jiliin yal avaad nomiin san emneleg gal togoogoor bj baigaal barag gadnaas ohid arhia zuulguul hevtej bgaad garch ireel buun mungund umbaad bna shuu