ТҮҮНИЙ ТУХАЙ: Шинэ тоглоом, утаснаас илүү дүүтэй болохыг хүсдэг байсан охин өнөөдөр хоёр дүүгийнхээ төлөө хамгийн хариуцлагатай эгч нь болжээ

Багаасаа л дүүтэй болохыг мөрөөдөж, гэр бүлээрээ хүслээ бичихдээ хүртэл шинэ тоглоом, сүүлийн үеийн утас биш хөөрхөн дүүтэй болохыг мөрөөддөг байсан охины хүсэл нь хоёр жилийн өмнө биелжээ. “Айлын ганц байхдаа их ганцаарддаг байсан, дүүтэй болохыг мөрөөдөж, үүрэг хариуцлагатай эгч байх нь надад их таалагддаг байсан” гэж нүд дүүрэн гэрэлтэй ярих хөөрхөн охиныг Т.Мөнгөлжин гэнэ.
Нэрнээсээ эхлээд л анхаарал татах энэ охины мөрөөдөл нь нэг биш, хоёр дахин биелжээ. Учир нь тэр есөн насандаа анх эгч болж мөрөөдөл нь биелсэн бол 11 насандаа дахин нэг дүүтэй болсон аж.
Түүний есөн нас хүртэлх шинэ жилийн хүсэл нь дүүтэй болох байж. Аав, ээжээсээ үргэлж л дүү гуйдаг байжээ. Харин охин, хүү хоёр дүүтэй болсныхоо дараа тэр мөрөөддөг байсан шигээ сайн эгч болжээ. Гурван настай дүүгээ шөнө өвөртөлж унтана. Өглөө сэрээд дүү нараа цэцэрлэгт нь хүргэж өгнө. Аав, ээжийгээ дэлгүүр хэсэх үед дүү нараа сайн харна. Өглөөний хоолыг нь хийж өгнө, үсийг нь самнана, гэрээ цэвэрлэнэ гээд хоёр дахь ээжийн үүргийг гүйцэтгэдэг байна. Тэр ч байтугай Т.Мөнгөлжин охины хамгийн сайн хийж чаддаг хоол нь бантан гэнэ.
Түүнд энэ нь огтхон ч хэцүү санагддаггүй, харин ч жаргалтай ажлуудынх нь нэг болжээ. Тэр дүү нараа харахын хажуугаар англи, хятад хэл сурч, зураг зурж, спортоор хичээллэдэг гэнэ.
Т.Мөнгөлжин багаасаа англи хэл сурах сонирхолтой байсан бөгөөд хэлнийхээ мэдлэгийг цаашид улам сайжруулахыг хүсдэг. Англи хэлний мэдлэгээ ахиулж, IELTS-ийн өндөр оноо авах, хятад хэлний HSK6 түвшинд хүрэхийг зорьдог байна. Учир нь тэр цаашид Хятадад боловсрол эзэмшиж, их сургуульдаа амжилттай суралцан төгсөж, тэтгэлэг авч сурахыг мөрөөддөг. Өнөөдөр хоёр дүүгийнхээ үсийг самнаж, хоолыг нь хийж өгдөг 12 настай охин маргааш өөрийнхөө боловсрол, ирээдүйн төлөө Хятад улсад суралцаж, хүссэн мэргэжлээрээ амжилт гаргах зорилготой.
-Дүү нарынхаа бага насны хөөрхөн үеийг нь дүрс болгон хадгалж авахаар бичлэг хийж эхэлжээ-
Түүний хобби нь бичлэг хийж, түүнийгээ эвлүүлэх гэнэ. Энэ жилээс Хятад улсад сурч эхлэх гэж байсан тул гэр бүлээрээ байгаа жаргалтай мөчүүдээ, дүү нарынхаа бага насны хөөрхөн үеийг нь дүрс болгон хадгалж авахаар бичлэг хийж эхэлжээ. Түүний бичлэг нь “Хоёр дүүгээ хардаг 12 настай охины нэг өдөр” влог, аавтай хийсэн хөгжилтэй чалленж, мөрөөдлийн дарааллаа гаргасан самбар зэрэг гэгээлэг бүхнийг харуулна.
Түүний аав З.Тодбилэг гэр бүлийнхээ талаар ярихдаа “Манайх ам бүл тавуулаа амьдардаг. Эхнэр бид хоёр хуульч мэргэжилтэй. Гурван хүүхэдтэй.
Том охин маань багаасаа л эгч болох дуртай хүүхэд байсан. Хамаатны өөрөөсөө дүү хүүхдийг, гадаа тоглоомын талбайд тоглож байгаа бяцхан жаалыг хүртэл “миний дүү, миний дүү” гээд л өхөөрдөж, эгчирхдэг байсан. Харин дүү нартай болсноосоо хойш “ингэ, тэг” гэж хэлээгүй байхад л өөрөө санаачилгаараа аав, ээжийгээ хараад ажил сураад тусалж эхэлсэн.
Айлын ганц байхад нь юу ч хийлгэдэггүй байсан юм. Эмэгтэй хүүхэд, гар, хуруу нь эвдэрчихнэ, тусдаа гараад хүссэн, хүсээгүй ажил сурахаас хойш гээд. Тэгсэн одоо гэрийн маань бүх л ажлыг санаачилгаараа хийдэг.
Энэ жил Хятадад сургахаар болсон юм. Есдүгээр сард яваад 21 хоноод ирэх хооронд бид хэд “нусаа хацартаа наасан”. Дүү нарыг нь цэцэрлэгт хүргэж өгөх хүн байхгүй. Дүү нар нь санаад, ээж, аав хоёр нь ч гэсэн санаад хэцүү байсан. Охиноо сурахаар явсан дараа ямар их зүйл дээр тус болж байсныг анзаарсан. Хүүхэд аав, ээжийгээ харж үлгэрлээд л ажил сурчихдаг юм байна гэж бодсон” гэж ярина.
Т.Мөнгөлжин: Дүүтэй болсон чинь кинонд гардаг шиг сүү өгөөд л унтуулаад байдаг шиг байгаагүй
Харин Т.Мөнгөлжин охин ярихдаа “Айлын ганц байхдаа их уйддаг байсан. Өмнө нь кино үзээд дүүтэй болохыг л их хүсдэг байсан. Гэхдээ дүүтэй болсон чинь кинонд гардаг шиг сүү өгөөд л унтуулаад байдаг шиг байгаагүй. Өөр байсан. Жишээ нь, шөнө гэнэт гэнэт сэрээд л уйлна, хоолоо идэхгүй асгана.
Миний хүссэнээр хоёр дүүтэй болчихсон чинь ээж маань ядарч байгааг анзаараад өрөвдөөд “Би өөрөө дүү хүссэн шүү дээ, хариуцлагатай байхгүй бол болохгүй юм байна” гэж бодоод дүү нараа хараад ээжээсээ хоол хийхийг сурч эхэлсэн. Бүгдийг нь хийж чаддаг болсон.
-21 хоног гэрээсээ хол байхдаа хамгийн их санасан зүйл нь хоёр дүүгийнх нь хацар байв-
Т.Мөнгөлжин Хятадад сурахаар явж, 21 хоног болоод ирсэн байна. Тэр хугацаанд гэрийнхэн нь ч охиноо санажээ. Дүү нарыг нь цэцэрлэгт хүргэж өгөх хүнгүй болж, дүү нар нь эгчийгээ үгүйлсэн байна. Харин Мөнгөлжин өөрөө аав, ээж, хоёр дүүгээ хамгийн их санажээ.
“Хятад руу явж сурахад аав, ээж, дүү нараа маш их санасан. Дүү нарынхаа бомбогор хацрыг нь үнсмээр их санагдсан. Яваад гэрээсээ гарахад дүү нар маань дагаад уйлаад хэцүү байсан. Гэхдээ аав, ээж маань надад бүх санхүүгээ зориулж, миний ирээдүйд хөрөнгө оруулж байгаа болохоор би ч бас ачийг нь хариулж, сайн сурах зорилго тавьсан. Одоо харин буцаад сургууль руугаа явахаас өмнө “тултал” нь тусалж, дүү нараа харж байгаад л явъя гэж бодож байна” гээд инээд алдан ярилаа.
-Түүний дүү нараа харж буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн нь хэдхэн хоногийн дотор нэг сая үзэлт авч, олны хайрыг татжээ-
Т.Мөнгөлжин охин цахим орчинд “MANDU FAM” гэх пэйж хуудсаар дамжуулан өөрийн сонирхлоороо “12 настай, хоёр дүүтэй охины нэг өдөр” влог, чалленж бичлэг хийж оруулдаг ажээ. Тэр аавдаа “Ааваа, жүжигчин болно” гэдэг байна. Аав нь ч охиныхоо сонирхлыг дэмжиж, хамт хийхийг хүсдэг бөгөөд бичлэгийн санаануудыг нь улам бүр баяжуулж, хамт хийдэг байна.
Түүний дүү нараа харж буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн нь хэдхэн хоногийн дотор нэг сая үзэлт авч, олны хайрыг татжээ. Тэр үүнээсээ илүү их урамшиж, бичлэгүүддээ анхаарлаа хандуулж, монтажаа илүү сайн хийхийг зорьдог болсон байна.
Тэр бүү хэл аав нь “Тийм их үзэлт авна гэж бодоогүй. Биднийг Байгаль нуур руу аяллаар явж байхад хүртэл хил дээр таарсан хүн хүртэл таниад сүйд болж байсан. Хүүхэд өөрийнхөө сонирхлоор бичлэгээ хийж л байг. Өөрийнхөө зүгээс чадах чинээгээрээ тусална гэж боддог юм” гэв.
-Аавдаа зориулсан дуу нь гэр бүлийнхнийг уйлуулжээ-
Т.Мөнгөлжингийн бүтээлч байдал зөвхөн бичлэгээр хязгаарлагддаггүй. Тэр аавдаа олон удаа гар урлалаар бүтээл хийж өгч байсан бөгөөд нэг удаа аавдаа зориулан дуу зохиожээ. Охины бүтээлийг аав, ээж нь үзээд баярласандаа уйлсан байна.
Түүний хувьд гэр бүлдээ зориулж ямар нэгэн зүйл хийх нь ер бусын том үйл явдал биш. Харин хайртай хүмүүсийнхээ хамт өнгөрүүлсэн мөчийг дурсамж болгон үлдээх нэг арга нь.
Тэдний гэр бүл амралтын өдрүүдээр хамтдаа цагийг өнгөрөөдөг юм байна. Хаа ч явсан тавуулаа хамтдаа явдаг. Дүү нар нь Т.Мөнгөлжин охиныг дандаа л дагаж явдаг гэнэ. Аав нь ч охиноо 21 хоног сурахаар явуулсны дараа гэрт нь эзгүй болсон нэг хүний орон зай ямар их байсныг мэдэрчээ.
Ээж, аав нь хүнсээ цуглуулахаар гарсны дараа дүү нар нь их томоотой болдог гэнэ. Тэр хугацаанд Т.Мөнгөлжин завтай болж, зураг зурах, чөлөөт цагаараа хийх дуртай зүйлсээ ч амжуулдаг талаараа ярилаа.
Түүний хувьд дүүтэй болох нь бага насны хамгийн том мөрөөдөл байсан. Харин тэр мөрөөдөл нь биелсний дараа дүүтэй байна гэдэг зөвхөн хамт тоглохын нэр биш, хайрлаж, халамжилж, хариуцлага үүрэхийн нэр гэдгийг өөрийн биеэр ойлгожээ.
Ингэж харахад Мөнгөлжингийн өдөр нэг л хэмнэлээр үргэлжилдэггүй. Нэг талд нь хоёр дүүгийнх нь инээд, уйлах дуу, цэцэрлэг, хоол, үсийг нь самнах ажил бий. Нөгөө талд нь хятад, англи хэл, зураг, спорт, гар урлал, дууны үг, бичлэгийн эвлүүлэг, жүжигчин болох мөрөөдөл нь бий.
-Тэр хоёрын дунд өөрийгөө алдахгүйгээр амьдарч байгаа 12 настай охин-
Багадаа шинэ тоглоом, сүүлийн үеийн утас биш, хөөрхөн дүүтэй болохыг хүсдэг байсан Т.Мөнгөлжингийн хүсэл нэг бус, хоёр удаа биелжээ. Харин одоо тэр хоёр дүүгийнхээ хамгийн сайн эгч байхыг хичээхийн зэрэгцээ өөрийнхөө ирээдүйг бүтээхээр алхаж байна.
Т.Мөнгөлжин өөрийнхөө ирээдүйг ч бас тодорхой төсөөлдөг. Багаасаа англи хэл сурсан тэрээр цаашид Хятадад үргэлжлүүлэн суралцаж, их сургуулиа амжилттай төгсөн, тэтгэлэг авч, IELTS болон HSK 6 түвшний оноо авахыг зорьж байна. Тэр өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээхийн зэрэгцээ өнөөдөр өөрт нь хамгийн эрхэм байгаа хоёр дүүгийнхээ өсөж торних мөч бүрийг мартахгүй хадгалахыг хүсдэг.
Тиймээс түүний хийдэг бичлэгүүд хүүхдийн өдөр тутмын влог биш. Өглөө дүүгээ цэцэрлэгт хүргэж өгөх, хамт тоглох, инээлдэх, заримдаа уйлуулах хүртэлх тэр энгийн мөчүүд нь хэдэн жилийн дараа гэр бүлийнх нь хамгийн нандин дурсамж болон үлдэнэ. Харин нэгэн цагт “дүүтэй болох” гэж мөрөөддөг байсан ганц охин өнөөдөр хоёр дүүгийнхээ гараас хөтлөөд, өөрийн хүсэж байсан эгч нь болжээ.




.webp)