Б.Мөнхтамир: Вагон-цистерний хүлээгдэл автобензинээс илүү дизель түлштэй холбоотой

Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр болж, импорт, тээвэрлэлт, нөөц, түгээлт, шатахууны чанар болон үнийн асуудлыг хэлэлцэв.
Өнгөрсөн долоо хоногт төмөр замын өртөөнүүдэд шатахуун тээвэрлэсэн вагон-цистернүүд олноор хуримтлагдсан нь зохиомол хомсдол үүсгэж байгаа гэх хардлага дагуулсан. Харин албаныхны тайлбарласнаар энэ нь голчлон зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжих үеийн агуулах, буулгалтын хүчин чадлын хүндрэлтэй холбоотой аж.
Тодруулбал, аж ахуйн нэгжүүд зуны дизель түлшний үлдэгдлээ борлуулж, агуулахын саваа сулласны дараа өвлийн дизель түлшийг хүлээн авах шаардлагатай байдаг байна. Одоогоор өртөөнүүдэд хүлээгдэж буй вагон-цистернүүдийн дийлэнх нь дизель түлш тээвэрлэж байгаа аж.
Харин АИ-92, Евро-92, АИ-95, АИ-98 автобензинийг Сүхбаатар өртөөгөөр хүлээн авч, Толгойт өртөөнд буулгасны дараа шууд түгээлтэд гаргаж байгаа тул вагон-цистерний хүлээгдлийг автобензинийг зориудаар нөөцөлж буйтай холбон тайлбарлах үндэслэлгүй гэж Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.



.webp)