“Бизнес кластер групп”-д амины орон сууц бариулахаар 51 сая төгрөг төлсөн ч жил дамнан хүлээж байр ч үгүй, мөнгө ч үгүй үлджээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 39 сек
01
images (6).webp

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд баригдаж буй “Грийн хоум” эко хотхонд орон сууц захиалсан иргэн Ү.Нямдулам байр нь ашиглалтад орохгүй, төлсөн 51 сая төгрөгөө буцаан авч чадахгүй байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр БНСУ-д зургаан жил ажиллаж, хуримтлуулсан мөнгөөрөө өнгөрсөн оны 5 дугаар сард амины орон сууцны захиалга өгчээ. Нийт 51 сая төгрөгийг дөрвөн удаагийн шилжүүлгээр төлсөн байна. Тухайн үед орон сууцыг 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна гэж мэдээлсэн ч хугацаандаа ашиглалтад ороогүй аж.

Иргэн Ү.Нямдуламын хэлснээр эхлээд өвлийн улиралд барилгын ажил зогссон, хавар ажил эхэлнэ гэж тайлбарласан байна. Харин хавар болоход санхүүжилтгүй болсон шалтгаанаар ажил түр зогссон гэжээ.

Улмаар байр ашиглалтад орох хугацаа удаа дараа хойшилсон тул захиалгаа цуцалж, төлсөн мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан байна. Компанийн зүгээс энэ оны тавдугаар сард багтаан 51 сая төгрөгийг буцаан олгохоор тохиролцсон ч өнөөдрийг хүртэл төлбөрөө авч чадаагүй, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэхдээ энэ тухайгаа тус компанид хэлэхэд "Ийм асуудал үүсгэвэл буцаан олголт чинь л орохгүй удах байх шүү" гэсэн гэж Ү.Нямдулам мэдээлэв.

Тэрбээр “Жил дамнан хүлээлээ. Надад хариу хэлэх бүрдээ хоёр сарын дараа ашиглалтад орно гэдэг. Гэрээг зөрчсөн тал нь гүйцэтгэгч компани байхад төлбөрөө буцаан авч чадахгүй байна” гэв.

Харин “Грийн хоум” эко хотхоныг хэрэгжүүлж буй “Бизнес кластер групп” ХХК-ийн борлуулалтын албанаас Ү.Нямдуламын гомдлыг барагдуулахаар ажиллаж байгаа бөгөөд захиалсан байр нь хоёр сарын дараа ашиглалтад орно гэж мэдээллээ.

Мөн тус компаниас барилгын ажил санхүүжилтийн асуудлаас шалтгаалан түр зогссон бөгөөд гэрээнд захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд төлсөн төлбөрийн 10 хувийг үйл ажиллагааны зардалд суутгаж, үлдэгдлийг дараагийн захиалагчийн төлбөрийн гүйцэтгэлээр буцаан олгохоор заасан гэж тайлбарлав.

Харин Ү.Нямдулам компанийн “барилгын ажил хэвийн явагдаж байгаа” гэх тайлбартай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, мэдээлэл авахын өмнө барилгын талбайд очиход ажил явагдаж байгаагүй гэж хэлсэн юм.

Тус компанийн борлуулалтын албанаас мөн одоогоор оффисгүй, холбогдох албан тушаалтнаас тодорхой мэдээлэл аваад эргэн холбогдоно гэж мэдээлсэн байна.

tenx-hd