ХӨНДӨХ СЭДЭВ: Нийт салалтын тоо буурч, салалтын хувийг олон жил ханилсан хосуудын салалт эзэлж байна

Б.Номин нөхөртэйгөө 15 жил амьдарч, хоёр хүүхэдтэй болжээ. Тэдний хувьд салах шийдвэр нэг өдрийн хэрүүлээс үүдсэнгүй. Хүүхдийн хүмүүжил, мөнгөний зарцуулалт, гэрийн ажлын хуваарилалтаас эхэлсэн маргаанаа тухай бүрд нь шийдэж чадалгүй явсаар хоорондоо ярилцах нь ч багассан байна. Хүүхдүүдээ бодож хамт амьдралаа үргэлжлүүлсэн ч эцэст нь тусдаа амьдрахаар шийджээ.
Олон жил хамт амьдарсан хүмүүсийн салалтын шалтгаан бүр өөр. Гэхдээ гэрлэлтээ цуцлуулсан хосуудын дунд арав ба түүнээс дээш жил ханилсан хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна.
Монгол Улсад 2025 онд 4,493 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсны 2,842 нь арав ба түүнээс дээш жил ханилсан хосууд байжээ. Өөрөөр хэлбэл, салсан арван гэр бүлийн зургаа нь гэр орноо босгож, амьдралынхаа багагүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн хүмүүс байна.
Тэгвэл олон жил хамт амьдарсан хосууд яагаад салах шийдвэрт хүрдэг вэ
-С.Овоо: Хамт амьдрах явцад ялгаа нь ил гарч эхэлдэг-
Сэтгэл зүйч С.Овоогийн тайлбарласнаар: "Хосууд анх бие биедээ татагдахдаа гадаад төрх, зан чанарын сайхан талд нь илүү анхаардаг. Харин хамт амьдрах явцад үзэл бодол, сонирхол, амьдралын хэв маягийн ялгаа нь тодорч эхэлдэг байна.
Тухайлбал, нэг нь олонтой харилцаж, гадуур гарах дуртай байхад нөгөө нь гэртээ тайван байхыг хүсэж болно. Ийм ялгааг хэрхэн хүлээн авч, зохицуулж байгаагаас өдөр тутмын харилцаа шалтгаална.
Тэрбээр зарим хос бие биенээ сайн таньж мэдэхээсээ өмнө хүүхэдтэй болж, хамтын амьдралын бодит асуудлуудтай тулгардаг талаар дурдсан юм. Мөн гэр бүл болсон хүмүүс үүрэг, хариуцлагаа ойлгож, бие биенээ дэмжин, асуудлаа хамтдаа шийдэх нь чухал.
Олон жил хамт амьдарсан хосуудад ч энэ асуудал хамаатай. Хүүхдээ хэн нь харах, гэрийн ажлаа хэрхэн хуваах, орлогоо юунд зарцуулах зэрэг өдөр тутмын асуудал дээр ойлголцох шаардлага гарсаар байдаг. Нэг удаагийн маргааныг өнгөрөөж болох ч ижил асуудал давтагдаж, шийдэлгүй үлдвэл гомдол хуримтлагдах боломжтой. Гэхдээ олон жил ханилсан бүх хосын салалтын шалтгаан гэж үзэж болохгүй. Тухайн гэр бүлийн нөхцөл, салах шийдвэрт хүргэсэн үйл явдлыг тус бүрд нь авч үзэх хэрэгтэй" гэв.
-Нийт салалт буурсан ч олон жил ханилсан хосуудын эзлэх хувь өндөр байна-
2023 онд 4,776 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байсан бол 2025 онд энэ тоо 4,493 болж, 5.9 хувиар буурчээ.
Харин өнгөрсөн онд салсан гэр бүлүүдийг гэрлэсэн хугацаагаар нь харвал 63.3 хувь нь арав ба түүнээс дээш жил ханилсан байна.
Энэ нь арван жил болоод хосуудын салах эрсдэл огцом нэмэгддэг гэсэн үг биш. Уг тоо зөвхөн тухайн онд салсан гэр бүлүүдийн бүтцийг харуулж байгаа юм. Харин удаан хамт амьдарсан гэдэг нь гэр бүлийн харилцаанд асуудал байхгүй гэсэн баталгаа болж чадахгүйг анхаарах хэрэгтэй.
Гэрлэсний эхний жилүүдэд хосууд бие биедээ дасаж, амьдралаа төвхнүүлэхэд анхаардаг бол цаашдаа хүүхдийн хүмүүжил, ажил, зээл, өрхийн зардал зэрэг олон асуудлыг зэрэг зохицуулах шаардлагатай болно. Энэ ачааллыг хэрхэн хувааж, хэн хэнийхээ хэрэгцээг хэр сонсож байгаа нь хамтын амьдралын нэг хэсэг юм.
-Салах шийдвэрийн дараа ч хамтын хариуцлага үлдэнэ-
Олон жил ханилсан хосуудын хувьд салалт нь тусдаа амьдрах шийдвэрээр дуусахгүй. Хүүхдийн асаргаа, өдөр тутмын зардал, орон сууц, хамт төлж байсан зээл зэрэг асуудлаа зохицуулах шаардлага гарна.
Нэг өрхийн орлогоор төлж байсан зардлаа хоёр тусдаа амьдралд хүргэх хэрэгтэй болно. Хүүхдээ хэн нь сургуульд хүргэх, өвдвөл хэн нь ажлаасаа чөлөө авах, нөгөө эцэг эхтэйгээ хэзээ уулзах зэрэг энгийн мэт боловч өдөр бүр шийдэх асуудал ч бий.
Иймээс хүүхэдтэй хосуудын хувьд эхнэр, нөхрийн харилцаа дууссан ч эцэг, эхийн хариуцлага үргэлжилнэ. Өөрсдийн маргаанд хүүхдээ оролцуулахгүй байх, хүүхдээрээ үг дамжуулахгүй байх, тохирсон дэмжлэгээ таслахгүй байх нь анхаарах асуудал юм.
Нөгөө талаар олон жил амьдарсан, хүүхэдтэй гэдэг шалтгаанаар ямар ч нөхцөлд хамт үлдэх ёстой гэж үзэж болохгүй. Хүчирхийлэл, айдас, дарамттай орчноос гарах нь тухайн хүн болон хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалсан шийдвэр байж болно.
Өнгөрсөн онд салсан гэр бүлүүдийн дийлэнх нь арав ба түүнээс дээш жил ханилсан байлаа. Тэднийг яагаад салсныг статистик дангаараа хэлэхгүй. Харин гэр бүлийн асуудлыг зөвхөн шинээр гэрлэсэн хосуудын ойлголцлоор хязгаарлалгүй, олон жил хамт амьдарсан хүмүүст ч зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй эсэхийг анхаарах шалтгаан болж байна.
Хэдэн жил хамт амьдарсан нь нэг үзүүлэлт. Тэр хугацаанд бие биенээ сонсож, асуудлаа хамтдаа шийдэж чадсан эсэх нь гэр бүлийн амьдралын тухай илүү ихийг хэлнэ.




.webp)