ҮХЦ: "Талууд хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно" гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 13 сек
00
11-2.webp

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно” гэж заасан нь эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэж, тохирсон байх болон бусад зарчим, хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг алдагдуулсан гэж үзлээ.

Иймээс энэхүү зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн гэж шийдвэрлэж, 2026 оны 08 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг 2026 оны 11 дүгээр сарын 11-нээс түдгэлзүүлсэн бөгөөд энэ нь тус хуулийн бусад заалтын дагуу шүүгч талуудын хүсэлт, гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад саад болохгүй гэв.