Ө.Шижир: 10 их наядаар тэлсэн, сонгууль угтсан, авлигажсан, үрэлгэн, ирээдүйг хараагүй төсвийг батлах гэж байна

Энэ баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганаар 2027 оны улсын төсвийг эцэслэн батална. Зарим гишүүд энэ удаагийн төсвийг "Хэлэлцүүлэггүй болж өнгөрлөө" гэж шүүмжилж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриаи илэрхийлжээ. Тэрбээр,
"Хувийн хэвшлээ үзэн яддаг Засгийн газар бий боллоо. Хамгийн их ажлын байр бий болгодог жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбараа яаж ийж байгаад дампууруулна даа гэдэг Засгийн газартай боллоо.
Ирэх жилийн буюу 2027 оны Улсын төсвийг бид хэлэлцсэн болоод л батлах нь. Оюутолгойгоос орж ирнэ гэх байгаа, байхгүй нь тодорхойгүй ногдол ашгийг улсаараа булаалдаж энд ч зарцуулна, тэнд ч зарцуулна гэж хэрэлдсээр байгаад улсын төсвөө бараг л хэлэлцсэнгүй.
Төсвийн өөрчлөлт оруулах боломжтой 3-р хэлэлцүүлгийг Засгийн газар нь Оюутолгойн ногдол ашгийг ингэж ч хуваарилна, тэгж ч хуваарилна гэсээр гишүүдийнхээ хөлийг нь тушиж, амыг нь дарж байгаад дуусгав.
Үр дүнд нь гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж Засгийн газраас өргөн барьсан төсөвт хяналт тавих үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхээ алдаж амаа үдүүлэв.
Цөөхөн хэдхэн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй бодит бүх саналыг нам, намаараа үгсэн нийлж байгаад жадлан эсэргүүцэж унагаав.
Эцэст нь 10 их наядаар тэлсэн, сонгууль угтсан, авлигажсан, үрэлгэн, ирээдүйг хараагүй гэх есөн шид нь бүрдсэн төсөв баталж байна.
Улсын төсвөө 10 их наядаар тэлчхээд "Ирэх жил инфляцыг зургаан хувьд барь Монгол банк аа" гэдэг бол мунхаглал шүү УИХ, Засгийн газрын гишүүд ээ. Тийм боломж хаана ч байхгүй.
Тийм учир иргэд аж ахуйн нэгжүүд минь засгийн газрын худал ярианд итгэж төлөвлөв дөө гэж захья. Хувийн хэвшлээ үзэн яддаг Засгийн газар бий боллоо.
Ирэх жил инфляцыг зургаан хувьд барих ямар ч боломжгүй. Энийг ямар ч эдийн засагч хэлнэ. Багадаа 10-12 хувьд барьж чадах уу гэдэг л болно. 10 хувийн инфляц гэдэг бол энгийн үгээр иргэдийн худалдан авах чадварыг 10 хувь муутгаж байгаа гэсэн үг.
Таны халаасанд байгаа 1 сая төгрөгийн 10 хувь буюу 100,000 төгрөгийг Засгийн газар нь буруу бодлогынхоо үр дүнд иргэдээсээ булааж авч, дээрэмдэж байна гэсэн үг.
Цаашид улсын төсвийг гишүүд хахуулдуулан амаа үдүүлж, Засгийн газар шилний цаанаас чихэр долоолгож байгаад батлуулдаг энэ байдал дахин битгий гараасай. Эргэж буцсан, тодорхойгүй энэ байдалд чинь иргэд бухимдаад бас ядраад байна. Эцэст нь Засгийн газартаа иргэд олон нийт чинь итгэхгүй болж байна. Төр мөнгөгүй биш бодлого нь буруу байгаа учир иргэд олон нийт нь зүдрүү бас ядуу байна" гэв.


