НЭГ ДОРООС: 2027 онд уул уурхайгаас 10.9 их наядын орлого төвлөрүүлж, эрчим хүчинд 621.8 тэрбум, боловсролд НЭГ ИХ НАЯДЫН хөрөнгө оруулалт хийнэ

Эдийн засаг
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 57 сек
00
001-7.webp

Монгол Улсын ирэх оны төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатай байхаар буюу 2.3 их наядын алдагдалтайгаар өнгөрсөн баасан гарагт УИХ-аар баталсан. Анх Засгийн газраас 41.3 их наядын орлого, 43.6 их наядын зарлагатай байхаар төсвөө өргөн мэдүүлсэн ч гишүүд, ажлын хэсгээс гарсан саналуудад үндэслэн орлого зарлагыг дээрх байдлаар бууруулсан.

Тэгвэл иргэд олон нийт “Ирэх оны төсвөөс бидэнд юу наалдах бол” хэмээн хүлээлт тавьж буй. Ирэх оны төсвөөс онцлохыг нь та бүхэнд хүргэж байна.

Тухайлбал, 2027 оны улсын төсөв нь иргэн, ААН-ийн татварын ачааллыг 1.3 их наяд төгрөгөөр хөнгөлнө гэж ЗГ-аас тооцоолжээ. Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд төсвийн 90 хувь нь татвараар бүрддэг байсныг энэ удаа 79 хувь руу оруулж, 1.3 их наядын дарамтыг бууруулж байгаа аж.

-792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлнө

-Иргэн орон сууцаа борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг чөлөөлөв

-НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая төгрөг болгоно

ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛ

-211.6 мянган төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэлд 888.1 тэрбум төгрөг тусгажээ.

-Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувь, Төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувь нэмэгдүүлнэ.

-Дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.

ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЭЦ

Эрчим хүчний салбарт 621.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгажээ. Үүнээс:

-1.4 тэрбумыг 11 аймаг болон Улаанбаатар хотын цахилгаан, дулааны шугам сүлжээний шинэчлэлд,

-Улаанбаатар хотын 60 мянган айл өрхийг цахилгаанаар хангах 300 мВт-ын хүчин чадалтай ДЦС-6-г төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна.

-Өрхийн нарны эрчим хүчний тоног төхөөрөмжид хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

ЭРҮҮЛ МЭНД

-Ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн өргөнөөр хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг ЭМДС-аас 100 хувь хөнгөлнө.

-Эрүүл мэндийн үйлчилгээнд төлөх 103 тэрбум төгрөг иргэний дансанд үлдэнэ.

-Улсын хэмжээнд 45 эмнэлэг барина

БОЛОВСРОЛ

Боловсролын салбарт 1 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс:

-Улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байр барина.

-6-7 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна.

УУЛ УУРХАЙ

-Оюутолгойн гурван их наядын ногдол ашгийг “Хуримтлалын сан”-д төвлөрүүлнэ.

-110 сая тонн нүүрс экспортолж 4.5 их наяд төгрөгийн орлого олно.

-Уул уурхайгаас 10.9 их наяд төгрөгийн орлого олно.

-АМНАТ-ийн 20 хувийг орон нутгийн хөгжилд үлдээнэ.

-Зэсийн баяжмалыг экспортолж 4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ.

-ТӨК-иудын цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөг төвлөрүүлнэ.