СУРВАЛЖИЛГА: Хоёр жилийн хугацаанд ЦАЛИН 19 хувиар өссөн ч ХОНИНЫ МАХНЫ ҮНЭ 110 хувиар өсжээ

Эдийн засаг
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 6 мин 51 сек
11
R-27.webp

2024 онд сарын дундаж цалин 1.9 сая төгрөг байсан бол 2026 онд 2.2 сая төгрөгийг давжээ. Гэвч энэ хугацаанд хонины махны үнэ хоёр дахин өсөж, өргөн хэрэглээний зарим барааны үнэ цалингийн өсөлтөөс хэд дахин хурдтай нэмэгдсэн байна. Тэгвэл цалин нэмэгдсэн энэ хоёр жилд монголчуудын худалдан авах чадвар хэрхэн өөрчлөгдөв.

Хоёр жилийн өмнө таны хэтэвчинд байсан 100 мянган төгрөг, өнөөдрийн 100 мянган төгрөг хоёр ижил үнэ цэнтэй юу. Мөнгөн дүн нь өөрчлөгдөөгүй. Гэхдээ тэр мөнгөөр худалдан авч болох бараа, бүтээгдэхүүний хэмжээ өөрчлөгджээ.

2024 оны аравдугаар сард 100 мянган төгрөг бариад хүнсний дэлгүүр орсон хүн 8 килограмм гаруй хонины ястай мах авах боломжтой байв. Харин 2026 оны аравдугаар сард ижил мөнгөөр 4 килограмм ч хонины мах авч хүрэхгүй байна.

Үхрийн мах ч ялгаагүй. Хоёр жилийн өмнө 100 мянган төгрөгөөр 6.5 килограмм үхрийн ястай мах авч болдог байсан бол өнөөдөр 3.2 килограмм болж буурчээ. Гэтэл энэ хугацаанд иргэдийн цалин хэрхэн нэмэгдэв.

2024 онд сарын дундаж цалин 1 сая 911 мянган төгрөг байсан бол 2026 онд 2 сая 278 мянга 400 төгрөг болж, 367 мянга 400 төгрөгөөр буюу 19.2 хувиар өссөн байна. Харин бидний сонгон харьцуулсан 12 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ энэ хугацаанд энгийн дунджаар 48 орчим хувиар өсжээ.

Өөрөөр хэлбэл, сонгосон барааны үнийн өсөлтийн дундаж нь цалингийн өсөлтөөс 2.5 дахин өндөр байна.

-Тэгвэл цалин нэмэгдсэн энэ хоёр жилд бидний худалдан авах чадвар хэрхэн өөрчлөгдөв-

Үндэсний статистикийн хорооны гол нэрийн барааны үнийн мэдээлэлд тулгуурлан 2024 болон 2026 оны 10 дугаар сарын үнийг харьцуулж, 100 мянган төгрөгөөр юу авч болох, нэг сарын цалин хэдий хэмжээний хэрэглээг хангах боломжтойг тооцож үзлээ.

Энэ хоёр жилийн хугацаанд хамгийн их өөрчлөгдсөн бүтээгдэхүүний нэг нь мах. 2024 оны аравдугаар сард нэг килограмм хонины ястай мах 12,314 төгрөг байсан бол 2026 оны аравдугаар сард 25,913 төгрөг болж, 110.4 хувиар өсжээ. Харин үхрийн ястай махны үнэ 15,414 төгрөгөөс 30,804 төгрөг болж, бараг хоёр дахин нэмэгдсэн байна.

Энэ өсөлтийг 100 мянган төгрөгийн худалдан авах чадвараар харьцуулбал илүү ойлгомжтой.

1-1.webp


Мал аж ахуйн орон гэгддэг Монголд махны үнэ иргэдийн худалдан авах чадварт хамгийн хүчтэй дарамт үзүүлж буй бүтээгдэхүүний нэг болжээ. Малчнаас хэрэглэгчийн ширээнд хүрэх замд ямар зардал нэмэгдэж, үнийг хэн, юу өсгөж байгааг хөндөхөөс аргагүй байна.

-Ургамлын тосны худалдан авах хэмжээ хоёр дахин буурч, төмс, талх, сүүнийх ч багасжээ-

3-2.webp


Махны үнэ өссөнөөр дарамт дуусахгүй. Гал тогоонд өдөр бүр хэрэглэдэг ургамлын тос, талх, сүү, төмсний үнэ ч нэмэгдэж, ижил мөнгөөр авах хэмжээ нь багасжээ. Ялангуяа ургамлын тосны худалдан авах боломж бараг тал хувиар буурсан бол гурил, будаа, өндөгний үнэ харьцангуй тогтвортой байв.

Нэг бүрчлэн харахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлт бага мэт санагдавч хүнсний дэлгүүрээс бүгдийг нь хамтад нь худалдан авахад өрхийн нийт зардал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд зөвхөн маханд бус, өдөр тутмын хүнсний хэрэглээндээ өмнөхөөсөө илүү мөнгө зарцуулах шаардлагатай болж байна.

Тухайлбал, 2024 онд 100 мянган төгрөгөөр 16.3 литр ургамлын тос авч болдог байсан бол өнөөдөр 8.1 литр болж, бараг тал хувиар буурсан байна. Төмсний хувьд ч ижил мөнгөөр авах хэмжээ 73.4 килограммаас 50.3 килограмм болжээ.

-АИ-92 бензин 2390 төгрөгөөс 3040 төгрөг болж өсжээ-

2-1.webp


Харин нэг литр АИ-92 бензиний үнэ 2,390 төгрөгөөс 3,040 төгрөгт хүрснээр 100 мянган төгрөгөөр авах боломжтой шатахууны хэмжээ 41.8 литрээс 32.9 литр болж буурсан байна. Шатахууны үнэ өсөхийн зэрэгцээ нийлүүлэлт, хүртээмжийн асуудал ч иргэдийн бухимдлыг төрүүлсээр байгаа. Үүний улмаас 100 мянган төгрөгөөр авдаг байсан 41.8 литр бензин 32.9 литр болж, худалдан авах хэмжээ нь 8.9 литрээр багассан байна.

Бензин зөвхөн автомашинтай иргэдийн хэрэглээ биш. Шатахууны үнэ тээвэр, хүргэлт, бараа бүтээгдэхүүний өртөгт нөлөөлдөг учраас өсөлтийн дарамт нь өрхийн өдөр тутмын зардалд ч дамжих эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, шатахууны хомсдол, нийлүүлэлтийн доголдол нь олдоцын асуудал үүсгэдэг бол үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварыг давхар хязгаарлаж байна

-Цалин нэмэх нь шийдэл үү, эсвэл үнийн өсөлтийн шинэ дарамт уу-

Иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд цалин нэмэх шаардлага байнга яригддаг. Гэвч цалингийн өсөлт өөрөө бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй.

Учир нь ажилчдынхаа цалинг нэмсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өснө. Тухайн компани нэмэгдсэн зардлаа нөхөхийн тулд үйлдвэрлэж, борлуулж буй бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэх шийдвэр гаргаж болно.

Жишээлбэл, нэг талхны үйлдвэрийн нийт зардлын 30 хувийг ажилчдын цалин эзэлдэг гэж бодъё. Хэрэв ажилчдын цалинг 20 хувиар нэмбэл бусад зардал өөрчлөгдөөгүй нөхцөлд үйлдвэрийн нийт зардал зургаан хувиар өснө.

Тэгвэл үйлдвэр энэ зардлаа бүтээгдэхүүний үнэд шингээх үү, ашгаасаа нөхөх үү, эсвэл үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлж шийдэх үү гэдэг сонголттой тулгарна.

Хэрэв олон аж ахуйн нэгж нэмэгдсэн цалингийн зардлаа бүтээгдэхүүний үнэд шингээвэл хэрэглээний үнэ өсөх дарамт бий болно.Улмаар иргэд өссөн үнийг гүйцэхийн тулд дахин цалин нэмүүлэх шаардлага тавьж, аж ахуйн нэгжүүд зардлаа нөхөхөөр үнээ дахин өсгөх давтамж үүсэж болзошгүй. Үүнийг эдийн засагт цалин үнийн спираль гэж нэрлэдэг.

Гэхдээ цалин нэмэгдэх бүрд барааны үнэ заавал өснө гэсэн үг биш. Үнийн өсөлтөд шатахуун, тээвэр, импорт, түүхий эд, нийлүүлэлтийн хомсдол, валютын ханш, зах зээлийн өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

Тиймээс цалингийн өсөлтийг үнийн өсөлтийн цорын ганц буруутан болгох боломжгүй.

Харин ажилчдын цалинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардлыг бууруулж чадвал компаниуд нэмэгдсэн цалингийн зардлыг бүтээгдэхүүний үнэд бүрэн шингээх шаардлага багасна.

-Үнийн өсөлттэй тэмцэх төрийн бодлого яагаад иргэдэд мэдрэгдэхгүй байна вэ-

Үнийн өсөлт зөвхөн иргэдийн хэтэвчний асуудал биш. Энэ нь мөнгөний бодлого, төсвийн зарцуулалт, хүнсний үйлдвэрлэл, тээвэр, худалдаа, нийлүүлэлтийн тогтолцоотой холбоотой.

2026 оны есдүгээр сард улсын хэмжээнд жилийн инфляц 12.9 хувьд хүрсэн гэх мэдээлэл бий. Энэ нь Монголбанкны инфляцын зорилтот түвшнээс өндөр үзүүлэлт юм.Монголбанк инфляцын дарамтад хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, төрийн зохицуулалттай үнэ, төсвийн болон цалингийн өсөлт зэрэг хүчин зүйл нөлөөлж байгааг тайлбарласан.

Төв банк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах замаар инфляцын дарамтыг хязгаарлах бодлого хэрэгжүүлж байгаа бол Засгийн газраас махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, нөөцийн махыг зах зээлд гаргах, худалдааны шат дамжлагыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Гэвч эдгээр шийдвэрийн бодит үр дүн ямар байна вэ.

Нөөцийн махны нийлүүлэлт нэмэгдсэнээр зах зээлийн үнэ буурсан уу. Үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэх шат дамжлага цөөрсөн үү? Шатахууны үнийн өсөлт хүнсний бүтээгдэхүүний өртөгт хэрхэн нөлөөлөв. Эдгээр асуултын хариултыг шийдвэр гаргасан байгууллагуудаас шаардах шаардлагатай.

Учир нь инфляцыг бууруулна гэдэг нь бүх барааны үнэ буцаад хуучин түвшиндээ очно гэсэн үг биш. Харин нийт үнийн өсөлтийн хурд саарна гэсэн үг юм. Тиймээс иргэдийн худалдан авах чадварыг хамгаалахын тулд зөвхөн цалин нэмэхээс гадна хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэр, нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөх шаардлагатай.

Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг ч баталсан тогтоолын тоогоор бус, зах зээлийн үнэ болон иргэдийн бодит амьдралд үзүүлсэн үр дүнгээр нь хэмжих учиртай.

-Цалин 367 мянгаар нэмэгдсэн ч хүнсний сагсны зардал 402 мянгаар өсжээ-

Хоёр жилийн хугацаанд сарын дундаж цалин 367 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэвч хонины махны үнэ хоёр дахин өсөж, үхрийн мах, ургамлын тосны үнэ ч бараг хоёр дахин нэмэгджээ.

Хоёр жилийн өмнө 100 мянган төгрөгөөр найман килограмм гаруй хонины мах авч болдог байсан бол өнөөдөр дөрвөн килограмм ч хүрэхгүй байна.Ижил хүнсний сагсыг худалдан авахад сарын зардал 402 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь цалингийн өсөлтөөс ч өндөр дүн юм.

Энэ бүхнээс харахад цалин нэмэгдэж байгаа нь иргэдийн худалдан авах чадвар бүх төрлийн хэрэглээнд адилхан сайжирч байна гэсэн үг биш.Цалингийн өсөлт үйлдвэрлэл, бүтээмж, нийлүүлэлтийн өсөлттэй уялдахгүй бол нэмэгдсэн орлогын тодорхой хэсэг үнийн өсөлтөд алдагдах эрсдэлтэй.

Тиймээс төр засгийн бодлогын зорилго зөвхөн цалингийн тоог өсгөхөд бус, тэр мөнгөөр худалдан авч болох бараа, үйлчилгээний хэмжээг хадгалах, цаашлаад нэмэгдүүлэхэд чиглэх ёстой.

Иргэдийн амьдрал сайжирсныг цалин хэдэн төгрөгөөр нэмэгдсэнээр бус, сарын эцэст хэдэн төгрөг үлдэж, түүнээсээ хэдийг хуримтлуулж чадаж байгаагаар хэмжих учиртай.

Хоёр жилийн өмнөх 100 мянган төгрөг өнөөдөр ч 100 мянган төгрөг хэвээрээ. Харин тэр мөнгөөр дүүргэдэг байсан хүнсний сагс жижгэрчээ.

Тэгвэл дараагийн хоёр жилд цалин хэдэн хувиар нэмэгдэх вэ гэдгээс илүүтэй, нэмэгдсэн цалингийн үнэ цэнийг үнийн өсөлтөөс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуултад бодлого боловсруулагчид хариулах шаардлагатай байна.



tenx-hd