Р.Даваадорж: 2010 онд дөрвөн ширхэг ДЦС-5 барих мөнгийг тарааж орхисон жишээг өнөөдрийн эрх баригчид давтах гэж байна

-Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа-
-Засгийн газраас ОТ-н ногдол ашгийг бэлнээр тараахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн ч 100 мянган иргэний дэмжсэн саналд үндэслэн УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна. Та ногдол ашгийн асуудалд эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-34 хувийн ногдол ашиг бол хуулиар зохицуулагдах асуудал шүү дээ. 2024 оны дөрөвдүгээр сард баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиараа ногдол ашиг Хуримтлалын санд төвлөрөх учиртай. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцнаас бусад зориулалтаар зарцуулахгүй. Гэтэл Засгийн газар нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа зөрчөөд төсөв рүү оруулаад ирсэн. Үүнтэй холбоотойгоор бөөн хэл ам, улс төр өрнөсөөр саналаа буцаан татаж буйгаа мэдэгдсэн. Нэг талдаа, Засгийн газарт хууль хамаагүй юм байна, зөрчиж болдог юм байна гэх ойлголтыг нийгэмд төрүүллээ. Гэтэл нөгөө талдаа аливаа компанийн мөрддөг хууль, дүрэм гэж зүйл бий. Санхүүгийн жил дуусаагүй байхад тухайн компани хэдэн төгрөгийн ногдол ашиг тараахаа мэдэхгүй. Ногдол ашиг тараах эсэхийг Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэрлэдэг. Энэ мэтчилэн хууль дүрмүүд бий. Ийм байхад ногдол ашгийг өгнө, өгөхгүй гээд ард түмнээрээ тоглоод сууж байгаа нь туйлын харамсалтай. Ерөнхийлөгч бэлнээр тараах саналыг гаргаж байна. Зарим улс төрийн хүчнээс өгч болохгүй, хадгал гэх мэтээр байр сууриа илэрхийлж байна. Энэ мэтээр бид алаагүй баавгайн арьсыг хуваах гэж арван янзаар л ярилаа.
Ний нуугүй хэлэхэд, хоёр хүн ажилладаг буузны гуанз гэхэд жилийн эцэст ямар орлоготой ажиллахаа мэдэхгүй. Нэг улирал дуусахад юу болохыг, нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Тиймээс бид өнөөдөр ногдол ашгийг гурван их наяд гэж яриад байгаа нь харамсалтай. Ард түмний амьдрал хэцүү байна. Боломж нь байдаг бол 800 мянга байтугайг л өгчихмөөр байна. Сүүлийн жилүүдэд төсөв хэт тэлсэн, валютын ханшаа алдсан, маш олон ААН-үүд хаалгаа барьсан. Энэ мэтчилэн буруу бодлогын гор иргэд дээр аль хэдийнэ буугаад эхэлчихсэн. Иргэд бол "Өгдөг л юм бол авъя" гэсэн бодолтой байна. Тэгэхээр энэ ногдол ашгийн дүнг одоо ярихад эрт. Ирэх жилийн дөрөвдүгээр сараас л ярих байх. Мэдээж миний өмнө нь дурдсан бүх хуулиа өөрчлөөд иргэдэд бэлнээр тараах боломж байгаа. Ийм туршлага ч байгаа.
2010 онд Хүний хөгжил сангаар дамжуулаад 1.9 их наяд төгрөгийг тарааж байлаа шүү дээ. Тухайн үеийн 1.9 их наяд гэдэг бол дөрвөн ширхэг ДЦС-5-ыг барих мөнгө. Энэ хэмжээний мөнгийг зүгээр л тараагаад орхисон жишээ бий. Энэ жишээг л давтах гэж байна.
Гэхдээ нөгөө талдаа үнэхээр ард иргэддээ сайн санаж тараах гээд байна уу эсвэл Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуулийн өмнөх шоу юу гэдгийг ялгаж салгаж харах ёстой. Үнэхээр өнөөдрийн нөхцөлд амьдрал хүнд байгаа нь үнэн. Өрхийн орлого 4.9 хувиар уначихсан үед бэлэн мөнгө хэрэгтэй. Гэтэл энэ чинь байхгүй мөнгө шүү дээ. Ард иргэдийнхээ хүнд амьдрал дээр доог тохуу хийгээд байгаа нь туйлын ёс зүйгүй, хуулиа уландаа гишгэсэн бүдүүлэг харагдаж байна.
-Бэлэн мөнгө тараах сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг бий. Тэгвэл таны ярианд дурдсанчлан аваагүй байгаа ногдол ашгийг мөнгийг бэлнээр тараана, тараахгүй гэдэг асуудлыг хөндөх нь эргээд эдийн засагт ямар нөлөөтэй вэ?
-Цалин, тэтгэвэр нэмэхээр үнэ нэмэгддэг гэх яриа байдаг шүү дээ.
Саяхан л гэхэд цалин, тэтгэвэр нэмэгдэхэд "Сүүний үнэ 300 төгрөгөөр нэмэгдчихэж" гэж ярьж байна. Хэрэв үнэ ингэж нэмэгдсээр байвал 800 мянга байтугай мөнгө тараасан ч үр дүнгүй. Өөрөөр хэлбэл, бид өдөр бүр 800 мянган төгрөг авахгүй.
Эдийн засгийн буруу бодлого эргээд улс орноо сүйдэлж, улмаар хувийн хэвшлээ хүнд байдалд оруулж, зах зээл дээр үнийг өсгөх гэх мэт сөрөг үр дагавар олноор бий болгодог. Үнэндээ бид сүүлийн арван жилд 100-аад тэрбум ам.долларыг юу ч үгүй үрэн таран хийгээд дууслаа шүү дээ. Өнөөдөр 1 тэрбум ам.доллар хүрэхгүй асуудлыг оруулж ирээд ярьж байна гэдэг бол бодлого болж өгөхгүй байгаагийн л тод илрэл.
-Иргэдийн амьдрал хүнд байгаа учраас ногдол ашгаа бэлнээр авъя гэх сонголтыг хийж байна. Нөгөө талдаа иргэд төрд мөнгөө хадгалуулахдаа итгэлгүй байна уу гэж харагдаад байна?
-Тэгэлгүй яах вэ. Төр бол ард түмний итгэж сонгосон сонголт. Гэтэл өнөөдөр нийгмийн сүлжээнд түшээ нар нь нэгнээ хэдэн өрөө байртайгаар нь цоллож байна шүү дээ. Үүнээс харахад төрд итгэх иргэдийн итгэл байхгүй байна. Тиймдээ ч мөнгө хадгалуулбал ингээд л идэж уугаад дуусгах учраас өөрсдөө авъя гэж л хандаж байна. Ингэхээс ч өөр аргагүй шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, монголын төрд бугшсан улс төрийн хүчинд хариуцлага тооцох цаг аль хэдийнэ ирсэн. Бид тэдний шидсэн зүйлийг авна, авахгүй гээд сууж баймааргүй байна.
-Улс орноо бодож л байвал бэлэн мөнгө тараах ёсгүй. Эрх баригчдад эдийн засгийн ямар ч бодлого алга-
-Хэрэв УИХ дээр бэлнээр тараах санал өргөжөөд явбал заавал Үндэсний баялгийн сангийн тухай хуульдаа гар хүрч таарах нь. Угтаа энэ хуулиа тогтвортой байлгах ёстой шүү дээ?
-Тийм ээ. Манай төрд гарсан нөхдүүд бодлогогүй болчихсон учраас хуулиа огт хэрэгжүүлэхгүй байна. Хуулиа уландаа гишгээд, төсөв рүү оруулж ирээд буцаан татаж байна гэдэг бол эрх баригчид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэзээ ч өөрчлөхөд бэлэн байгаагийн шинж. Баялгийн санд сүүлийн хоёр жил овоо хэдэн төгрөг төвлөрсөн. Ойролцоогоор 4-5 их наяд төгрөг бий. Энэ нөхдүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бэлнээр мөнгө тараах л байх. Яагаад гэвэл ард олныг бүгдийг нь бужигнуулаад хаячихлаа шүү дээ. Тиймээс хуульд гар дүрэх байх. Бид сүүлийн 20-иод жил сонгуулийн өмнө худлаа үнэн мөнгө тараадаг замаар л явж ирлээ шүү дээ.
-Хэрэв гар дүрвэл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үндсэн концепц нь алдагдана биз дээ?
-Тийм ээ. Байхгүй болно. Угтаа бол бэлнээр тараахын л эсрэг хийсэн хууль шүү дээ. Эрх баригчид тараана гээд зарлачихсан юм чинь Үндэсний баялгийн сангийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах байх. Бэлнээр тараахгүй бол нөгөө Непал нь болох байлгүй дээ.
-Ер нь ногдол ашгийг бэлнээр тараах нь эргээд эдийн засагтаа ямар үр дагаврыг бий болгох вэ?
-Ийм үйлдлийн үр дагавар тухайн мөнгө тараах үед шууд ажиглагддаггүй. Хоёр улирлын дараагаас бага багаар мэдэгдээд эхэлдэг. Үнэ өсөх, валютын ханш сулрах гэх мэтээр мэдэгдэж эхэлдэг л дээ. Нөгөө талдаа арван их наядаар төсвөө данхайлгачихаад инфляцын талаар ярихгүй мөртлөө ард түмэнд хоёр, гурван их наяд тараахдаа инфляцаар айлгаад байна гэх өнцгийг ч зарим эдийн засагчид хэлдэг. Ямар ч тохиолдолд улс орноо бодож, хөгжүүлье гэвэл бэлэн мөнгө тараах ёсгүй. Тиймээс ч Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Ард түмний амьдрал хэцүү байгаа учраас 800 мянган төгрөг өгвөл ядаж өр зээлээсээ дарах юм сан гэсэн арга ядсан байдалтай байна. Тэгэхээр бодлого ярих ямар ч боломжгүй. Ард түмнээ өчнөөн хошгирууллаа. Одоо тараагаад өг. Эрх баригчдад хандаж хэлэхэд, та нарт эдийн засгийн ямар ч бодлого алга. Та нар чадах ч үгүй юм байна гэж хэлье.
Ярилцсанд баярлалаа



